Авилгагүй ардчиллын төлөө эвсье

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Авилгагүй ардчиллын төлөө эвсье

“Авилга Монголын ардчиллыг ч доройтуулж тусгаар тогтнолыг ч сулруулж байна.  Нийгмийн шударга ёсны суурь баганыг ч авилгал ганхуулж байна” гэж Станфордын Их сургуулийн нэрт эрдэмтэн, Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төвийн захирал Ларри Даймонд 2015 оны 5-рсарын 3-ны өдөр миний санаачлан зохион байгуулсан Зөвлөлдөх ардчиллын тухай хуралд урилгаар ирж илтгэл тавихдаа онцолж билээ. 

Шудрага ёсыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулиийн үндсэн зарчим төдийгүй Монгол иргэн хүн бүрийн хүслэн. Тэгш эрх шударга ёсыг л хүн бүр хүсэмжилдэг. Гэвч Сант Марал сангийн саяхны судалгаагаар Монголын нийгэм эрүүл шудрага байгаа гэдэгт дөрвөн хүний гурав  нь эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийдөө нийгэмд шударга тал нь илүү байна гэж дөнгөж дөрвөн хувь нь хариулжээ.  Хүснэгт. 1

Ерөнхийдөө нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу?  

 

Хөдөө

Улаанбаатар

Нийт

Шударга нь илүү байна

4.7

2.6

3.8

Шударга бус нь илүү байна

71.3

78.2

74.2

Тохиолдлоор: (Заримдаа шударга нь, заримдаа шударга бус нь)

19.9

16.2

18.3

ХҮСНЭГТ 1.  Сант Марал сан. Улс төрийн барометер No14(48), 2015 он 4 сар

Шудрага ёсыг сахиулах, хангах ёстой байгууллага нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хуулийн байгууллага, улс төрийн намууд, иргэний нийгэм. Гэтэл тэдэнд маань итгэдэг итгэл бас байхгүй болчихож.

Шударга бус нь дэндүү олон болсон өнөөгийн нийгэмд иргэд бараг хэнд ч итгэхээ больж, хараах зүхэх нь л элбэг дүүрэн байна. Шүүмжилсэн нь л тодроод байхаас биш хийсэн нь хэрүүл хараалын бай болдог болж. Шударга ёсыг хангах ёстой төрийн байгууллагууд ч итгэлээ алдаж, бүхий л өндөрлөгүүдэд нь иргэд итгэхээ больж байгаа нь эдийн засгийн хямралаас ч илүү итгэлцлийг эвдэж байна.

Авилгатай тэмцэх уриа ба Алтанхуягийн санаачлага?

Авлигатай тэмцэнэ гэдэг үгийг зэвсгээ болгож Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон хүн бол Ц.Элбэгдорж. “Манай нам авлигатай тэмцэнэ” гэж хамгийн олон давтаж хэлсэн хүн нь АН-ын дарга Н.Алтанхуяг. АН-ын 2012 оны сонгуулийн “Монгол хүн” мөрийн хөтөлбөр ч авлигатай тэмцэх агуулга зорилтуудаар дүүрэн.

Харин сонгуульд ялсныхаа дараа МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна гэж тунхагласан нь саяхан.

Харин өнөөдөр Ардчилсан намын Алтанхуяг ба түүний нөхөд Авилгатай тэмцэх газрын гарыг мухарлаж, өөрсдийн улс төрийн зэвсэг байгууллага болгон хувиргахыг эрмэлзэж байна. Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө техник хэрэгслийн хамт Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлэхээр УИХ-ын тогтоол санаачилжээ. Энэ тогтоолыг тус байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтөй Алтанхуяг ба түүний нөхөд санаачилсан байна. Энэ нь тунхаглаад байсан шударга ёс нь уу?

Улс төрийн тогтолцооны байгууллагуудад итгэдэг эсэх                   

 

Ерөнхийлөгч

УИХ

Хуулийн байгууллагааууд

Төрийн захиргаа

Улс төрийн намууд

Иргэний нийгэм

Их итгэдэг

12.5

7.9

11.5

20.9

3.9

11.8

Итгэдэг

27.8

24.3

32.3

43.3

21.1

39.4

Бараг итгэдэггүй

26.8

31.6

27.2

23.5

30.6

22.5

Огт итгэдэггүй

28.0

30.1

22.8

10.3

36.5

17.8

Итгэдэггүй

54.8

61.7

50.0

33.8

67.1

40.3

 /Эх сурвалж: Сант Марал сан. Улс төрийн барометер No14(48), 2015 он 4 сар

Энэ санаачлагыг хууль хүчний байгууллагуудыг улс төрийн дотоод зөрчлийн зэвсэг болгон хувиргах шинэ санаархал гэж үзэж байна.

ХҮНИЙ ЭРХ БА ХӨНДЛӨН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГА

Алтанхуяг ба түүний нөхдийн хуулийг ашиг сонирхлын зөрчилтөй байдлаар нь эргүүлэн татаад цоо шинэ хууль санаачилж Авилгалтай тэмцэх газрыг улс төрийн аливаа нөлөөллөөс хараат бус болгох шаардлагатай байна. Дарга удирдлагыг улс төрөөс хараат бус биеэ даасан мэргэжлийн зөвлөлөөс нэр дэвшүүлдэг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хууль хүчний байгууллагуудын удирдлагыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж томилдог бус амьдралаараа шалгагдсан Б.Чимид асан шиг мэргэжлийн хуульчид 50 хүнээс бүрдсэн зөвлөл нэр дэвшүүлж, парламент баталдаг, Ерөнхийлөгч ёсчилдог байж болно. Ингэвэл харьцангуй хяналттай, улс төрөөс хараат бус тогтолцоо бүрдэнэ.

Үндсэн хуулийн Цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөлийн гишүүдийг бүрдүүлж болно.

Харин чонын амнаас гаргаад барын аманд оруулахыг дэмжихгүй. АТГ улс төрийн зэвсэг байх ёсгүй. Харин шударга ёсны сахиул манаач болгохыг дэмжинэ.

Хуучин социалист орнуудаас Эстони, Литви, Латви,Польш, Румын, Азиас Хонгконг, Сингапур улс авлигатай хийсэн тэмцэлд хамгийн их дэвшил гаргасан. Эдгээр улс бие даасан, маш хүчирхэг институцийг бий болгож, хууль эрх зүйн орчноо хөндлөн хяналтын зарчмаар өөрчлөн шинэчилж чадсанаар өөрчлөлт гаргасан.

Хэн нэгний гэм буруутайг шүүх тогтоогоогүй байхад олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр зарлаж нэр хүндийг нь улс төрийн зорилгоор гутаадаг байдлыг хуульчилж хориглохыг дэмжинэ. Харин авилгатай тэмцэх ажлыг шүдгүй арслан болгож нутаг ус, улс төр, бизнесийн бүлэглэлийн гар хөл болгохыг дэмжихгүй.

Авлига гэдэг бол гэмт хэрэг. Гэмт хэрэг хийсэн л бол зохих шийтгэлийг хүлээлгэж байж шударга ёс тогтоно. Хамгийн гол нь албан тушаал, намын харьяалал, танил талаар ялгаварлах асуудал байж болохгүй. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Хатуу, гэхдээ шударга, эрх тэгш байх ёстой. Гэхдээ хатуу байна гээд хүний эрхийг зөрчих асуудал байж болохгүй. Тодорхой хэмжээний залхаан цээрлүүлэлтгүйгээр аливаа гэмт хэрэгтний авлига, хээл хахууль авахыг зогсоох боломжгүй.

Авилгатай тэмцэх газрыг улс төрөөс хараат бус байлгах зорилготой хөндлөн хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй.  Иргэд ч улстөрчид ч шударга ажиллаж амьдрахаас аргагүй орчин, соёл, хэн ч бай үл хамааран зөвхөн хууль бүхнээс дээгүүр байх хуулийн засаглал дарангуйлал бий болгох хэрэгтэй байна.

Орчин үед болон улс төр, хууль зүйн шинжлэх ухаанд авилгалтай тэмцэх шинэлэг тогтолцоо болон нэвтэрч буй хөндлөн хэвтээ хяналтын тогтолцоог дөрөв дэх засаглал гэж өнөөдөр нэрлэж байна. Тав  дахь засаглал нь түшмэл засаглал буюу төрийн албаны меритийн зарчимд суурилсан тогтолцоо юм. Яамны Төрийн нарийн бичгийн дарга болоход тухайн яамандаа 15 жил бүх шат дамжлагаар нь ажилласан байх ёстой гэсэн үг л дээ.

Ер нь хууль хүчний байгууллагууд, АТГ, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Төв банк, хяналтын байгууллагууд, Аудитын газрын эрхийг өргөжүүлж бие биеэ хянадаг хөндлөн хяналтын тогтолцоог бий болгож биеэ даасан байдлыг нь хөндлөн хяналтын тогтолцоогоор хязгаарлаж болно. Үүнийг (horizontal accountability) хөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоо гэдэг.

Шударга ёсыг сэргээхийн тулд хүчтэй, улс төрөөс тусгаарлагдсан, сайтар томьёологдсон, төрийн байгууламжийн хөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

Хэвтээ хариуцлагын тогтолцоо нь төрийн байгууллагууд эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг залруулах, шийтгэх, илрүүлэх, зогсоох ажиллагааг хэрэгжүүлэхдээ нэг нь нөгөөгийнхөө ажил хэргийг харилцан хянах, тайлагнах үүрэг хүлээдэг хянах, албадах, өмгөөлөх тогтолцоо юм.  Энэ тогтолцоонд харьцангуй биеэ даасан, төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагуудад эрх мэдлийг хувааж, тусгаарлаж тараадаг. Авилгал, эрх мэдлээ урвуулан ашиглах асуудлыг хянах, мэдээлэх, илрүүлэх, албадах үүрэгтэй байгууллагууд харилцан хамтран ажиллах, хянах уялдаа холбоотой тогтолцоо юм. Үүнд, АТГ, омбудсмэн, Парламентын хянан шалгах хороо, Үндэсний Аудитын газар, Прокурор, Шүүх, Сонгуулийн Ерөнхий Хороо, Хүний эрхийн комисс, Төв банк, Эдийн засаг, санхүүгийн зохицуулах газар, агентлагууд нэг нь нөгөөгөө хянах тайлагнах мэдэгдэх, хариуцлага тооцох, харилцан нягт уялдсан хяналт албадлагын хэвтээ тогтолцоог бүрдүүлж улс төрөөс хараат бус болгох шаардлагатай юм. (horizontal accountability)

Хөндлөн хариуцлагын тогтолцооны үр ашигтай ажилллах чадвар нь 1. Дээр нэр дурдсан хяналт, шалгалт, хүчний байгууллагуудын биеэ даасанбайдал- (эрх мэдэл,  томилгоо, санхүүжилт, ажилд авах халах, дарга нарын халдашгүй байдал) 2. Санхүүжилтийн хараат бус байдал 3. Улс төрийн дэмжлэг 4. Хууль эрх зүйн чадамж,  5. Манлайлал 6. Харилцан хяналт 7.Харилцан уялдаа холбоотой давхар хяналттайтогтолцоо 8.Босоо хариуцлагын тогтолцооны дэмжлэг (Хэвлэл мэдээлэл, олон нийт, Иргэний нйигмийн байгууллагууд) зэрэг хүчин зүйлсээс хамаарна. Энэ санаачлагыг үндэслэн “авилгагүй ардчилал” реформын төлөө эвсэлд нэгдэхийг уриалж байна. Хамгийн гол нь шударга ёсны баганыг улстөрчид хөрөөдөж нурааж болохгүй.

Г.ЗАНДАНШАТАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж