Пакистаны өмнөд хэсгийн нутгаар хэт халуунд нас барсан хүний тоо 700-д хүрч, ерөнхий сайд Наваз Шариф яаралтай арга хэмжээ авахыг албаныханд үүрэгдэв. Хэт халалт үргэлжилж буй нутгуудад сэрүүцэх асар бариулахаар армийн цэргүүдийг дайчилжээ.
Орон нутгийн иргэдийн зүгээс цахилгаан тасарснаас үүдэн агааржуулагч, сэнс ажиллуулах боломжгүй байгаад бухимдалтай байна. Үүний зэрэгцээ иргэд исламын шашны Рамадан сарыг тэмдэглэх ёс заншлын дагуу өдрийн цагаар хоол сойхдоо ус ч уухгүй байх нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа аж.
Карачи хотын улсын эмнэлэгт хэт халууны улмаас 612 хүн, хувийн эмнэлгүүдэд 80 хүн нас барсан гэж бүртгэгджээ. Нас барагсдын олонхи нь бага орлоготой өрхийн өндөр настнууд байгаа аж.
Пакистаны өмнөд хэсгийн Карачи хотод сүүлийн өдрүүдэд агаарын хэм 47 хүрсэн нь 1979 оноос хойш хамгийн өндөр температур юм.
Өмнө нь өнгөрсөн сард хөрш Энэтхэгт хэт халснаас 1700 орчим хүн амь үрэгдсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС