Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт тодорхой даалгавар өгсөн юм. Тодруулбал, Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн намуудын гэрээний биелэлтийг яаралтай дүгнэн, Гүйцэтгэх зөвлөлд эргэн тайлагнахыг даалгасан. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж магадгүй аж. Одоогоор ээлжит бус хуралдааны товыг зарлаагүй байна.
Өнгөрсөн хоногуудад УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай, Завхан аймагт ажилласан. Орон нутаг дахь томилолтоо өндөрлүүлээд Улаанбаатар хотод ирсэн байгаа.
Онцлоход, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гаригт Засгийн газарт хамтарсан МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх байсан ч УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа, мөн гишүүдийн ирцийг хангалттай бүрдүүлэх ёстой гэж үзэн энэ асуудлыг хойшлуулсан юм.
Г.ДАРЬ