УИХ-ын дарга З.Энхболдын Говь-Алтай, Завхан аймагт ажилласан томилолт өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын энэ сарын 22-23-ны өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймагт ажилласан талаарх багц мэдээллийг толилуулж байна.
2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр. Даваа гараг
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдыг /2015.06.22/ Даваа гарагт Говь-Алтай аймгийн Алтай сумын нисэх буудалд буухад аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс угтан авсан Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн мэдээлэлтэй танилцсаны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй сургалтын нээлтэд оролцов. Сургалтыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга, сум бүхэнд байгаа сайн туршлагыг судалж, саналаа солилцох үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж, сургагч багш нарын чадавхийг сайжруулж байгаа. Одоо төсөв батлахдаа заавал ИТХ-аар дамжуулан иргэдээс санал авч байх систем руу орж байгаа. Орон нутагт мөнгө зарцуулах эрх мэдэл ирж буй учир хариуцлага ч бас ирэх ёстой. Мөн төлөөлөгчдийг чадавхжуулахад анхаарч байгаа гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Үүний дараа УИХ-ын дарга Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын шинэ байрны нээлтийн ёслолд оролцож үг хэлэв. Тэрээр 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 500 хүний суудалтай шинэ байр нээлтээ хийснээр Алтай чуулгын хамт олон цаашид эрч хүч, урам зоригтойгоор уран бүтээлээ туурвиж, баруун хязгаарын ард түмэнд үйлчлэх боломж бүрдэж байна хэмээсэн юм.
Энэ өдөр УИХ-ын дарга олон улсын сургалтын системийг нэвтрүүлж буй Алтай сумын I сургуульд ажиллан, химийн лаборатори болон ухаалаг самбар ашиглан сургалт явуулж буй анги танхимуудтай танилцав. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд Алтай сумын 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Энэ бүтээн байгуулалтаар аймгийн иргэдийг орон сууцжуулах ажилд ахиц дэвшил гаргахын зэрэгцээ алтайчуудыг ажлын байраар хангах тал дээр анхаарах шаардлагатайг УИХ-ын дарга сануулж байв.
Мөн энэ өдөр УИХ-ын дарга Алтай хотын Жаргалант багт шинээр баригдсан 1.8 км авто замын нээлтэд оролцсон юм. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга Алтай хотноо ажиллах үеэрээ аймгийн Аудитын газрын үйл ажиллагаатай танилцаж, эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагт тархан суурьшсан бүс нутгийн 55000 хүнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан. Үүний дараа анагаах ухааны салбарт 7000 гаруй эмч, сувилагч бэлтгээд буй Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн салбар сургуульд зочиллоо. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Алтай суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы талаар мэдээлэл өгч, батлагдсан хууль, тогтоолыг танилцуулав. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга хэлэхдээ, Монгол Улс цаашид дан ганц түүхий эдээс шалтгаалдаг эдийн засагтай байж болохгүйг түүхий эдийн үнийн өөрчлөлт бидэнд харууллаа. “Алтайн хүдэр” ХХК-ийн борлуулдаг төмрийн хүдрийн үнэ хэдхэн жилийн өмнө тонныг нь 100 ам.доллараар зардаг байсан одоо 36 ам.доллар болсон. Гэтэл төмрөөр хийсэн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөөгүй. Тиймээс цаашид төр засгаас түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох бодлого баримталж байгаа гэсэн юм. Мөн тэрээр эдийн засгийн өршөөл болон татварын орчны талаар сонирхсон иргэдийн асуултад хариулт өгөв. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр. Мягмар гараг
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын томилолтынхоо хоёр дахь өдөр /2015.06.23/ Говь-Алтай аймгийн Тайшир суманд ажилласан. Тэрээр орон нутгийн өмчит “Эрүүл ус” үйлдвэртэй танилцлаа. Алтай сумын ундны усны магнийн агууламж байх ёстой хэмжээнээс 5 дахин их, харин кальцийн агууламж 3 дахин бага байсан нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байв. Харин “Эрүүл ус” үйлдвэр ашиглалтад орж, 20 литр цэвэршүүлсэн усыг 500 төгрөгөөр худалдаалдаг болсноор… Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Энэ өдөр УИХ-ын дарга Завхан аймгийн Улиастай суманд үргэлжлүүлэн ажиллав. Тэрээр Улиастай суманд болж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтэд оролцсон. Энэ үеэр хэлсэн үгэндээ, аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид өрөөндөө хаалгаа хааж суугаад иргэдийн асуудлыг хэлэлцэж, өмнөөс нь шийдвэр гаргадаг тогтолцоог халах зорилготой. Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар Захиргааны ерөнхий хуулийг баталсан. Бүх шатны төрийн захиргааны байгууллагын үүргийг заасан энэхүү хуулийг та бүхэн “ШИРЭЭНИЙ НОМ” болгон ажиллах ёстой. Хэрвээ энэхүү хуулийг мэдэхгүй бол цаашид төрийн албанд ажиллах шаардлага байхгүй гэж ойлгох хэрэгтэй … Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Үүний дараа 86 м2 талбайтай, 50 сая төгрөгийн үнэтэй, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ажилчдын орон сууцыг үзэж танилцаад, Улиастай суманд баригдаж буй усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцав. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Ийнхүү УИХ-ын даргын Говь-Алтай, Завхан аймагт ажилласан хоёр өдрийн томилолт өндөрлөсөн юм. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Д.Дашдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, аймгуудын удирдлагууд болон албаны бусад хүмүүс ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.