Зуншлага ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Зуншлага ямар байх вэ?

Монголын нийт нутгаар зуншлага тааруу байна. Энэ сарын 10-ны байдлаар нутгийн 20 хувьд нь гантай, 50 хувь нь гандуу, 30 хувь нь хэвийн байжээ. Харин энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 40 хувьд зуншлага сайжирсан байна. Нийт нутгийн 50 хувь нь гандуу, 10 хувьд нь гантай байсан гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Зургадугаар сарын эхээр баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгийн нутгийн хойд, зүүн хэсгээр зуншлага харьцангүй сайн байсан. Харин баруун, говийн аймгууд ялангуяа Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын нутгаар зуншлага тааруу байжээ.

Тэгвэл сарын дундуур буюу 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгийн урд хэсэг, Өвөрхангай, Дундговь аймгуудад бороо орж, зуншлага сайжирсан байна. Мөн зургадугаар сарын эхний арав хоногт нутгийн төв хэсэг буюу Төв, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар зуншлага тааруу, дээрээс нь 10-ны өдрөөс хойш агаарын температур 30 градус давж, халсан. Энэ нь зуншлагад нөлөөлсөн гэж цаг уурчид тайлбарлалаа.

Ер нь нутгийн баруун хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр илүү хална. Нутгийн баруун талын зүүн хэсэг буюу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Өмнөговийн нутгаар агаарын температур дундаж байна гэсэн урьдчилсан цаг агаарын төлөв гарчээ.

Харин ирэх долдугаар сарын төлвөөр ихэнх нутагт орох хур бороо олон жилийн дундажтай харьцуулахад бага байна гэж цаг уурч Ч.Сарантуяа ярив. Тухайлбал, долдугаар сарын эхний арав хоногт Төв, Говь, Зүүн аймгуудад хур тунадас бага орно. Зүүн болон зүүн зүгийн, говийн нутгуудаар хур тунадасны хэмжээ дундаж байх бөгөөд сарын сүүлийн арав хоногт нийт нутгийн баруун хагаст их хэмжээний бороо орох төлөв гарчээ.

Бороо орох үеэр агаарын температур буурна. Мөн уулархаг бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-20 градус байх бол Алтайн өвөр нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус халуун байна. Харин бусад тал хээрийн нутгаар шөнөдөө 9-19 градус, өдөртөө 19-24 градусын дулаан байх юм. Долдугаар сарын хоёр дахь арав хоног буюу сарын дунд үеэс сүүл хүртэл нутгийн ихэнх хэсгээр хална.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж