Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Төрийн түрээс хэд вэ?

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 1000 гаруй байгууллага бий. Эдгээрийн хэд нь түрээсийн байранд байдаг вэ гэх нэгдсэн тоо байдаггүй аж. 2015 оны онцлогийг “тансаглалыг танах” хэмээн тодорхойлоод байгаа. Энэ үед төрийн байгууллагууд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, төсвийн мөнгө үрэх нь өнөө л тансаглалаа танах урианаас нь гажаад буй хэмээн олон нийтийн сүлжээгээр иргэд шүүмжилсээр л… Цаашлаад “Төрийн байгууллагуудыг түрээсийн байранд байлгах сонирхол хэнд бий вэ” зэргээр зарим мэдээллийн хэрэгслээр хардаж эхлэв.

Одоогоор “1000 гаруй төрийн байгууллагын хэд нь түрээсийн байранд бий вэ?” гэх асуултанд хариулах тооцоо судалгаа Төрийн өмчийн хороонд лав алга. “Ямар ч байсан тийм ч болон биш” гэх тайлбарыг хэлж байна. Сүүлийн жилүүдэд бүр ч багасч байгаа талаар Төрийн өмчийн хорооны Газрын дарга О.Сэр-Од хэлэв.

Гэтэл түрээсийн байранд толгой хорогдож буй жагсаалт “Автотээврийн үндэсний төв”, “Оюуны өмчийн газар”, “Аялал жуулчлалын үндэсний төв”, “Мон Атом”, “Эрдэнэс Тавантолгой” зэргээр араасаа хөвөрнө. Ихээр бодоход 20 байгууллага түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг гэв. Харин энэ газруудын түрээсийн байранд жилд хэдэн төгрөгийг төсвөөс гаргадаг тооцоо алга. “Ихэнх байгууллагуудад төрийн өмчийн байрнаас түрээслүүлдэг. Ингэснээр түрээсийн мөнгөнд өндөр төлбөр зарцуулахгүй. Зөвхөн ашиглалтын зардал буюу тог, ус, халаалт зэргийн мөнгийг л тооцдог” гэв.

Чухамдаа төрийн байгууллагад төрийн байгууллагын байрыг түрээслүүлдэг. Ингэхдээ байрны мөнгийг тооцохдоо м2-ыг нь 4-5 мянган төгрөгөөр л тооцдог. Дээр нь ашиглалтын зардлыг л тооцож төсвөөс мөнгө зарцуулдаг гэж байгаа юм. Цаашид ийм байдлаар төрийн байгууллагууд хувийн хэвшлийн байрыг түрээсэлж мөнгө төлдөг байдлыг хална хэмээн мэдээлж байна.

“20 ХУВИЙГ Л ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛДЭГ”

Тэгвэл төрийн байгууллагууд хувийн хэвшилд байраа түрээслүүлээд жилд гурван тэрбум төгрөг олдог байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 80 байгууллага өөрийн байраа түрээслүүлдэг гэх мэдээллийг өгөв. Төрийн өмчийн хорооны 2007 оны 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн өмчийн байрыг түрээслэх тарифыг ч тогтоосон.

д/д

Салбарын чиглэл

Түрээсийн төлбөрийн

доод үнэ/төг/

1.

Боловсрол, соёл шинжлэх ухааны салбар

5000

2.

Үйлдвэрлэл

8000

3.

Худалдаа, үйлчилгээ

7000

4.

Аялал, жуулчлал, энэ чиглэлийн худалдаа

7500

5.

Нийтийн хоол

6500

6.

Эрүүл, мэндийн үйлчилгээ

5500

7.

Олон нийтийн байгууллага

4500

8.

Барилгын зураг төсөл

6500

9.

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл

8000

10.

Үсчин, гоо сайхан, ахуйн үйлчилгээ

7500

11.

Санхүүгийн үйлчилгээ

8500

12.

Бусад

5500

Зөвхөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал л гэхэд 60 орчим түрээслэгчтэй. Мэдээллийн технологийн үндэсний паркийн хувьд мөн л 60 орчим түрээслэгчтэй аж. Ийнхүү жилд гурван тэрбум төгрөгийг түрээснээс олдог. Харин үүний 20 хувийг л төсөвт төвлөрүүлдэг. Үлдсэн хэсгийг байрныхаа ашиглалтын зардалд өгдөг аж.

Б.ЗАЯА
 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж