Амгалангийн станцын төсөл яах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Амгалангийн станцын төсөл яах вэ?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Амгалан дулааны станц”-ын зураг төслийн боловсруулалт, угсралт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Ингээд шалгалтаар цөөнгүй зөрчил илэрч 30 хоногийн хугацаатай албан даалгавар өгч, хэрэв энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол барилга барих үйл ажиллагааг зогсооно гэдгээ мэдэгджээ.

ЗӨРЧЛӨӨ АРИЛГАХГҮЙ БОЛ “АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ”-ЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООНО

Шалгалтад станцын ашиглалтын өмнөх захиргааны төслийн нэгж, төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын “СМЕС” компани, туслан гүйцэтгэгч “Дунгдиан” ХХК, хөндлөнгийн хяналт хийж буй “MCS интернэшнл” ХХК, зураг төслийн Монгол талын гүйцэтгэгч “Интернэшнл повер” гэсэн таван аж ахуйн нэгж, байгууллага хамрагджээ. Мөн 34 барилга байгууламж, вагон хөмрөгч, түлш дамжуулах, станцын үндсэн тоноглол, төхөөрөмж, дулааны шугам сүлжээ, дэд станц, хуваарилах байгууламж, шатахууны агуулах, автокран, авто тээврийн хэрэгслийн зам, талбай, төмөр зам зэргийг хамруулсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2013 онд “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтад шалгалт хийн зөрчлөө арилгатал барилга угсралтын ажлыг түр зогсоох акт өгч байсан гэнэ. Гэсэн хэдий ч зөрчлөө арилгана гэх амлалтыг өгч ажлаа үргэлжлүүлсэн ч өнөөг хүртэл бүрэн биелүүлээгүй гэдгийг МХЕГ-ын улсын байцаагчид хурлын үеэр онцолж байлаа. Мөн зураг төсөл, норм, дүрмийн заалт зөрчсөн үйлдэл давтагдсаар байгаа нь мөн шалгалтын үеэр илэрчээ. Иймээс өмнөх болон энэ удаа хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлөө 30 хоногийн дотор арилгахгүй бол барилга угсралтын үйл ажиллагааг зогсооно гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд онцгойлон анхааруулсан юм.

ЯМАР ЗӨРЧЛҮҮД ИЛРЭВ?

Шалгалтаар дараах ноцтой зөрчлүүд илэрчээ. Тодруулбал, станцын үндсэн барилгын суурийн цутгамал төмөр бетон дам нурууг төсөлд зааснаас 30 сантиметр зөрүүтэй цутгасан, дам нуруу байрлах хэсэг болон суурийн хэсэгт хөнгөн бетон блок, улаан тоосгыг зуурмаггүйгээр байрлуулсан аж. Мөн шинэ, хуучин бетоны хооронд агаарын үе үүссэнээс хөрсний ус дотогш байнга нэвтэрдэг болсон гэдэг нь тогтоогджээ. Газар доорх даацын үндсэн хийцүүдийн бат бэх, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг алдагдуулсан, цутгамал бетоны оронд тоосго өрж нүд хуурсан зүйл ч илэрсэн байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн мэдээлснээр, суурийн болон шалан доорх хөрсний нягтруулалтыг шаардлагын дагуу хийгээгүйгээс насос станц, хими ус бэлтгэл, хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийн шалны доорх суурь хөрс 1-1.5 метр хэмжээтэй доош сууж, шал хөндийрсөн байна.

Цаашид инженер, техникийн ажилтнуудыг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах, станцын аюулгүй болон ашиглалтын зай хэмжээг тогтоох, төмөр зам, авто замтай огтлолцсон уулзваруудын гармын зураг төсөл, барилга угсралт хийх хөрөнгийг шийдвэрлэх, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай гэж хуралдааны оролцогчид дүгнэлээ.

Одоогийн байдлаар станцын барилга угсралтын ажил 92 хувьтай байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж