Хятадын дөрвөн том банкны нэг болох “Bank of China”-гийн Милан дахь салбарыг их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэрдэж байна. Италиас Хятад руу шилжүүлсэн 4.5 тэрбум еврогийн тал хувийг “Bank of China”-гийн Милан дахь салбараар шилжүүлснийг мөнгө угаалт гэж үзжээ. Энэ мөнгийг биеэ үнэлэлт, татвараас зайлсхийх, хөдөлмөрийн мөлжлөг, мөнгө угаах аргаар олсон гэж сэжиглэж байна. Энэ хэрэгт “Bank of China”-гийн дөрвөн ахлах менежер болон 200 гаруй хүнийг мөрдөн шалгаж байгаа аж.
Үүнээс өмнө нь өнгөрсөн онд Хятадын “Синьхуа” агентлагт “Bank of China” үйлчлүүлэгчдийнхээ оффшор дансны мөнгийг угаадаг хэмээх дуулианыг мэдээлж байсан юм. Мөн алан хядагчдад тусалж, мөнгөн шилжүүлэг хийдэг гэх “Bank of China”-гийн эсрэг хоёр ч шүүхийн маргаан АНУ-д бүртгэгдсэн байдаг.
Үүний зэрэгцээ “Bank of China” 2013 онд Хойд Солонгостой тогтоосон харилцаагаа тасалснаа мэдэгджээ. Учир нь АНУ тус банкийг Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд оролцдог хэмээн буруутгасан аж.
“Bank of China”-гийн өндөр албан тушаалтнууд Хятадад авлигын хэрэгт холбогдож байсан ч шийтгэл хүлээсэн нь ховор. Тус банк 2006-2007 оны үед дампуурахдаа тулж байжээ.
“Bank of China”-г анх 1912 онд “Ta Ching Government Bank” хэмээх банкны суурин дээр байгуулсан аж. “Bank of China” нь 1912-1942 оны хооронд тухай үеийн дөрвөн том банктай хамтран Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс бэлэн мөнгө гаргаж байв. Гэхдээ энэ үүргийг хожим Хятадын төв банк (Central Bank of China) болон Хятадын Ардын банкинд шилжүүлжээ. “Bank of China” нь 1942 оноос гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
“Bank of China”-ийн хувьцааны 60 гаруй хувийг Хятадын Засгийн газар эзэмшдэг. Хятадад эхний дөрөвт орох тус банк 2006 онд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргаж, найман тэрбум евротой тэнцэх хөрөнгө босгож байжээ.
Б.АНХТУЯА