Монгол Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэгч болно

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Монгол Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэгч болно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Ингэснээр санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

БНХАУ-ын дарга Си Зинпинь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах санаачлага гаргаж, үүсгэн байгуулагчаар нь Монгол, Шриланк, Пакистан зэрэг орныг орох санал дэвшүүлсэн байна.

Тус банкийг байгуулснаар Азийн орнуудын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд тулгарч байгаа хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах нөхцөл бүрдэж, бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгнө гэж үзэж байна.

Энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар 2014 оны гуравдугаар сарын 28-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн, БНХАУ-ын Засгийн газрын саналыг дэмжжээ.

Үүний дараа буюу 2014 оны аравдугаар сарын 28-нд тус банкийг үүсгэн байгуулагч гишүүд гарын үсэг зурж, гэрээний ажилдаа орсон аж. Улмаар дээрх ажлын хүрээнд таван удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр 57 улс орны хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, саналын эрх, банкны үйл ажиллагааны чиглэл, улс орны эрх үүргийг энэхүү гэрээнд тусгасан байна.

2015 оны сүүлээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж буй аж.

Энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2015 оны зургадугаар сарын 15-нд хуралдан, дээрх асуудлыг хэлэлцэн, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн нь энэ юм байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригтын хэлснээр хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах ёслол ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 29-нд Бээжин хотноо болох аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж