Багийн шинэ эзэн Том Гоурс шинэ багтаа ирээд дөрөвхөн хоногийн дараа эхний шинэчлэлээ хийж байна. Куестерийн хувьд хоёр улирал “Пистонс”-ыг дасгалжуулахдаа төдийлөн амжилт гаргаагүй. Түүний удирдлага дор “Муу залуус” 57:107 гэсэн тааруу амжилт үзүүлмнг юм.
Багийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Жое Думарс “Ийм шийдвэр гаргах хэцүү байлаа. Түүний хийсэн бүхэнд талархаж байгаагаа хэлье” хэмээсэн байна.
“Детройт Пистонс”-ын хувьд 2004 онд NBA-д түрүүлж, түүнээс хойш тогтмол шилдэг амжилт гаргаж байсан ч 2009 оны эхэнд багийн үндсэн бүрэлдэхүүн тарж, шинэ залуу багийг бий болгох гэж багийн удирдлагууд нэлээд хичээсэн ч өдийг хүртэл амжилт олоогүй.
Багийн сөрөг амжилтаас улбаалан ордонд ирэх үзэгчдийн тоо эрс багасч, сүүлийн хоёр улиралд ордон бүрэн дүүрсэн тохиолдол ховор байсан. Куестер “Кливлэнд Кавальерс”-т хоёр улирлын турш туслах дасгалжуулагчийн ажил хийж байгаад “Детройт”-д ахлахын албанд томилогдсон. Өмнө тэрбээр 2004 онд аварга авсан “Пистонс”-ын туслах дасгалжуулагч хийж байсан билээ.
Өнгөрсөн улиралд тэрбээр Ричард Хамилтонг явуулах гэж хичээсэн ч үнэтэй хөгшин тоглогчийг авах баг олдоогүй. Мөн улирлын ихэнх хугацаанд Бен Гордон удирдагчийнхаа шийдвэрээр талбайд төдийлөн гараагүй юм. Дасгалжуулагчаа халсан “Пистонс” ирэх хэдэн долоо хоногт нэлээд завгүй байх бөгөөд тэд энэ жилийн драфтын наймдугаар эрхээр хэнийг сонгохоо бодож байгаа. Куестер халагдсан учраас багийн ахмад тоглогчдод ирэх улиралд нэлээд боломж олдох магадлалтай. Хамгийн сүүлд аварга авсан багаас Тэйшон Принц, Бен Уоллэс, Ричард Хамилтон нар шинээр босгох багийн эхлэл болох боломжтой харагдаж байна.
Ахмад туршлагатай тоглогч нар дээр ирээдүйд гялалзах одод хэмээгдэж байгаа Грег Монро, Остин Дэйе зэрэг залуус байгаа нь тус багийн бүрэлдэхүүн сул биш гэдгийг илтгэнэ. Мөн тэднээс гадна ид жигдэрч яваа Родни Стаки, Уилл Байнум зэрэг залуус хүчин зүтгэдэг. Тэгэхээр багийн ерөнхийлөгч болон багийн эздийн гол асуудал нь тоосонд дарагдсан шижир алт мэт тоглогчдоо гялалзуулж чадах дасгалжуулагч хэн байх вэ гэсэн асуулт болж байна.