В.Путин: Курилын арлуудын асуудлыг шийдвэрлэж болно

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

В.Путин: Курилын арлуудын асуудлыг шийдвэрлэж болно

Санкт Петербургт болж өнгөрсөн эдийн засгийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн томоохон агентлагуудын сурвалжлагчдыг хүлээн авч асуултад нь хариулжээ. Уулзалт 19-ний орой болохоор төлөвлөгдсөн ч шөнөжин буюу 20-ныг дамнан үргэлжилсэн юм. Ерөнхийлөгч ажил хэргийн хуралдаануудад оролцсоор хоцорсон гэдэг шалтгаанаа хэлж уучлалт гуйсны дараа уулзат эхэлсэн юм. Тэрбээр уулзалтын эхэнд энэ удаагийн уулзалт нь ОХУ-ын байр суурийг зөвөөр ойлгуулж, шинээр харахад хүргэх ач холбогдолтой болж чадна гэж найдаж байгаагаа өгүүлээд асуулт хариултдаа орсон юм.

 
“Франс Пресс” агентлагийн ахмад сэтгүүлч Флоранс Бидерманнд анхны асуултыг тавих эрх оногдсон бөгөөд тэрбээр “ЮКОС”-ын хөрөнгийг Европт битүүмжилж, АНУ-д шалгалт явуулж байгаа явдлыг хэрхэн хүлээж авч байгаа талаар асуухад Ерөнхийлөгч “ОХУ Гаагийн олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, эрх ашгаа хамгаалах болно” хэмээн тун товчхон хариулсан. Ф.Бидерман “Яг яаж хамгаалах юм” хэмээн лавлахад “Мэдээж хуулийн аргаар. Хэрхэн зохион байгуулахаа бодож байна” гэсэн юм. Тэрбээр ямар ч үед ашиг сонирхлоо хамгаалж чадна гэдгээ батлахын тулд олон улсад “Ноён Гаон”-ы хэргийг иш татсан. Швейцарийн Noga фирмийн эзэн тэрбээр 1991 онд Оросын эрх баригчидтай хийсэн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд хандаж, 2000 онд түүний нэхэмжлэлийг хангуулахаар Ле Буржегийн үзэсгэлэнд тавигдаад байсан онгоц, мөн Европын боомтод зогсч байсан “Седов” усан онгоцыг хураан авч, үлдэгдлийг Оросын төв банкны Европ дахь данснаас гаргуулж авах шийдвэр гаргасан юм. В.Путин энэ хэргийг жишээлээд “Эцэстээ бүх асуудал шийдэгдсэн шүү дээ” гэсэн юм.  

Энэ асуултыг асуусны дараа хамгаалалтын албаныхан тэнд байсан оросын сэтгүүлчдийг бүгдийг нь гаргаж, шууд дамжуулалтыг зогсоосон. Тиймээс бусад асуулт, хариултууд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад үлдэж хоцорчээ. Тэдний хүсэлтээр дотоодын сэтгүүлчдийг гаргасан гэнэ. Ингээд хаалттай уулзалтын үеэр тавигдсан асуулт, хариултуудыг хүргэж байна.

Press Association: ОХУ-ыг 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг шударга бусаар олж авсан гэсэн хардлага байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид шударгаар өрсөлдсөн, ялж чадсан. Шийдвэрийг эргэж харна гэж би бодохгүй байна. Бид авлигатай тэмцдэг. Шүүх хэн нь буруутайг олж тогтооно гэдэгт найдаж байна.  /Их Британи ДАШТ зохион байгуулахаар өрсөлдсөн ч эхний шатнаас хасагдсан. Энэ талаар В.Путин “Танайх өөрийн орны нөөц бололцоог сайн илэрхийлж харуулж чадаагүй байх” гэсэн юм/   

EFE: Дэлхий нийтийг заналхийлж байгаа цөмийн аюулын талаар АНУ, ОХУ-ын байр суурь зөрдөг. Яагаад вэ?

-Асуудал АНУ, ОХУ цөмийн аюулаас сэргийлэх асуудлаар хоорондоо зөрчилдөж байгаа юм биш ээ. Дэлхий нийтийг цөмийн аюул заналхийлж байна, гэхдээ бид үүнийг хөхүүлж дэмжихгүй, бас эрс эсэргүүцэхгүй. Тив алгасагч 40 шинэ пуужин шинээр үйлдвэрлэх болсон нь АНУ Зүүн Европ дахь цэргийн бие, бүрэлдэхүүнээ өргөжүүлэхээр болсны дараа гарсан шийдвэр.

EFE: ОХУ-ын ойрын холбоотон Куба АНУ-тай харилцаагаа дулааруулахаар хичээж эхэллээ. ОХУ энэ алхмыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Латин Америкийн орнууд манай орны гадаад бодлогод чухал байр суурь эзэлсээр ирсэн. Куба улсын баримталж байгаа бодлогын хувьд, бид тэднийг дэмжиж байгаа. 1962 онд АНУ Кубад хориг тавьсан. Энэ хоригоос бол хамгийн их хохирсон нь жирийн куба хүмүүс.

Canadian Press: “Их найм”-ын бүрэлдэхүүнд эргэж нэгдэхийг Канадын Ерөнхий сайд Стивен Харпер эрс эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хэрвээ Канад АНУ-аас хараат биш байсан бол С.Харпер энэ байр сууриа өөрчлөх л байсан байх. “Их найм”-ыг байгууллага гэхээсээ илүү ашиг сонирхлын бүлэг гэвэл ононо.

Kyodo: Хоёр улсын хооронд байгаа газар нутгийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар танд ямар нэгэн бодол байгаа юу?

-Манай хоёр улсын хооронд газар нутгийн маргаан бий. Гэхдээ энэ бол тийм шийдэгдэх боломжгүй гарцгүй болчихсон асуудал биш. Шийдвэрлэх боломжтой. Хэрвээ хүсвэл ноён Шинзо Абэтэй энэ асуудлаар уулзахад бэлэн байна. 

Н.ЦЭНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж