Осолдсон автомашин хориглосон замаар явж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Осолдсон автомашин хориглосон замаар явж байжээ

Өнөөдөр 12.30 цагийн орчимд Сонгино хайрхан дүүрэг, Драгон төвийн ард баригдаж байгаа барилгын хажуу талын зам цөмөрч, буудай тээвэрлэн явсан ачааны машин унаж осолдсон талаар мэдээлсэн. Тэгвэл хэргийн газарт яг одоо Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн газрынхан үзлэг хийж байна. Урьдчилсан мэдээгээр осолдсон машины жолоочийн биеийн байдал гайгүй, өөрөө эмнэлэг рүү явжээ.

Тус газарт 135 айлын барилга барих ажил тавдугаар сард эхэлсэн байна. Гэвч хөрсний нуралт үүсчээ. Тиймээс тухайн хэсгээр том оврын автомашин явахыг хориглосон байжээ. Гэвч “Жем Интернэшнл” компанийн Камаз маркийн автомашин дур мэдэн тус замаар зорчиж байхдаа осолджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 40 тоннын даацтай хүнд даацын машин буудай ачиж явжээ. Энэ үед нь зам цөмөрч хажуу тийш унасан байна. Одоогоор осолдсон хэсгийн замыг хоёр талаас нь хааж автомашин зорчуулахгүй байгаа юм.

Д.УУДАМ

Зураглаач   Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж