УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсын Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, ялгамжтай хариуцлага тооцох үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна гэж үзсэн учраас ийнхүү Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан аж. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэх юм байна.
“Зөрчил гаргасан тохиолдолд мөнгөн дүнгээр бус нэгжээр торгоно”
Хуулийн төслийн талаар Хууль зүйн яамны мэргэжилтэн Г.Оюунболдоос тодрууллаа.
-Зөрчлийн тухай хуулиар ямар төрлийн хэрэгт шийтгэвэр, торгууль, хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг вэ?
-Зөрчилд одоо үйлдэгдэж байгаа бүхий л төрлийн зөрчлийг хамтатгаж хариуцлага тооцохоор хэлэлцэж байгаа юм. Монгол Улсын 430 орчим хуулийн 220 орчим нь зөрчилтэй байдаг юм. Ийнхүү Зөрчлийн тухай хуулийг боловсруулж баталснаар бүх зөрчлийг нийлүүлж байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ахин хууль, хуулийн төсөл батлагдахад тэр хууль дээр зөрчлийн заалт бичихгүй. Зөрчлийн төрөлжсөн найруулгыг ийнхүү хийж байгаа юм.
-Аливаа зөрчил гаргасан хувь хүн, байгууллага, хуулийн этгээдийг мөнгөн дүнгээр бус нэгжээр торгох тухай хуулийн төсөлд тусгасан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
– Торгох ялыг мөнгөн дүнгээр бичихээр баахан мөнгөн дүн бичих болоод, мөнгөний ханш савлахаар торгууль нь нэг өдөр бага өөр нэг өдөр их болж хувираад байгаа юм. Иймээс хуулийн төсөлд нэгжээр торгоно гэж тусгасан байгаа. Нэгжийг авар дахин эсвэл хорь дахин зэргээр нэмэгдүүлсэн хэмжээгээр торгож хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Нэгж нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тооцооны нэгжээс үл хамаарах юм. УИХ-аас нэгж гэсэн ойлголтыг хуулиар бий болгоод, үүнийгээ мөнгөн дүнгээр үнэлэх хуулийн ойлголтыг бий болгох юм.
-Нэг нэгж нь хэдэн төгрөгтэй тэнцэх вэ?
-Ажлын хэсгээс 2000 төгрөг байхаар санал гаргасан гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ажлын хэсэг дээр тооцооны нэгж, нэгж гэсэн хоёр ойлголт гаргаад нэгж гэж тусгаж өгөх нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн. Тооцооны нэгжийг өөрчлөх эрх нь зөвхөн УИХ-д байна” гэсэн юм.
Ийнхүү зөрчил гаргагчийг нэгжээр торгох нь тухайн зах зээлийн ханш, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, валютын ханш зэргээс үл хамаарах юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байнга өөрчлөгдөж байдаг тул доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн гэж торгох нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа аж. Иймээс нэгж гэх ойлголтыг бий болгож нэг нэгжийг 2000 төгрөгөөр тогтоожээ.
16-аас дээш насны хүүхдэд Зөрчлийн тухай хуулиар дагуу хариуцлага хүлээлгэнэ
Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байх үеэр Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн зүгээс цөөнгүй санал хэлж байсан. Тухайлбал, 14, 15 настай хүүхэд зөрчил гаргавал хэрхэх вэ гэдэг нь багагүй маргаан дагуулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хүүхэд насанд 14, 15-тайдаа л жинхэнэ “бутаргаж” байдаг үе шүү дээ. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргах эрсдэл өндөртэй. Тиймээс эдгээр хүүхдүүдийн учруулсан хохирлыг эцэг, эх, асран хамгаалагчаар нь төлүүлсэн нь дээр” гэсэн юм.
Энэхүү саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эсэргүүцэн “Эцэг, эхийн ялыг хүүxдэд, хүүхдийн ялыг эцэг, эхэд нь нялзаана гэж байж болшгүй зүйл. Д.Лүндээжанцан “нохойтож” байна. Ингэж хууль үймүүлж болохгүй” гэсэн юм.
Энэхүү саналаар байнгын хорооны гишүүд санал хураан 16-аас дээш насны хүүхдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Мөн зөрчлийн төрлөөс хамаарч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сар, нэг жил, хоёр жил байх гэнэ. Мөн хөөн хэлэлцэх хугацаанд зөрчил гаргагч илэрвэл тэр цагт хөөн хэлэлцэх хугацааг зогсоож хэргийг шалгаж эхлэх юм. “Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас хэд хоногийн өмнө ч гэсэн хэрэг илэрвэл тэр хэргийг хэдий хугацаа шаардсан ч шалгана. Өөрөөр хэлбэл хэргийг шалгаж байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусчихлаа гээд хэрэгсэхгүй болгож, хаачихна гэж ойлгож болохгүй гэж” Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат онцолсон юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цаг хүртэл завсарлаад байна.
Д.ЖАРГАЛ