УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслөөр Захиргааны хариуцлагын тухай болон Эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохгүй зөрчлүүдэд хариуцлага тооцох асуудлыг тусгаж өгсөн юм.
Ингэхдээ зөрчлийнх нь хөөн хэлэлцэх хугацааг тус, тусад нь тооцдог байхаар зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, өмнө гаргасан зөрчил дээр дараагийн зөрчлийн хугацааг нэмж хариуцлага хүлээлгэхгүй байх зарчим барьсан аж.
Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хуучин бол сүхний иш, хөрөө, бетон сав хулгайлдаг хүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж болдоггүй байсан. Гэхдээ давтан үйлдсэн хэрэг нь их хохиролтой. Орчин үед машины толь хулгайлдаг болсон. Энэ зөрчлийг удаа дараа үйлдвэл яах вэ” гэсэн асуулт тавьсан юм.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхний өгч байгаа мэдээллээр бол энэ тохиолдолд торгуулийн хэмжээ өсөх аж.
Онцлоход, Зөрчлийн хуулийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй аж. Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгажээ. Эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгасан юм.
Түүнчлэн зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээд нэг зөрчлийг байнга, эсхүл 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол тухайн зөрчилд заасан хэмжээг нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэдэг байхаар тусгаад байна.
Одоо энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.
Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын даргын тайлбараар бол гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ, сайн дурын хэсэг байгуулна. Мэргэжлийн сургалтыг Онцгой байдлын байгууллагаас хийж байх аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Галын техникийг хилээр оруулж ирэхдээ хяналтын байгууллагын шалгалтад хамруулахаар хуулинд тусгасан талаар тодрууллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал “Сүүлийн үед чанартай чанаргүй галын тоног төхөөрөмж орж ирж байна. Хэн дуртай нь галын багаж зэвсэг оруулж ирдгээс гал унтраахад ажилладаггүй гэсэн юм.
Эцэст нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Мөн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай болон Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, түүнд холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч салбарын сайд нь ирээгүй гэсэн үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.
Г.ДАРЬ