Энэ жил тэсрэлт хийж буй шинэ технологиуд

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Энэ жил тэсрэлт хийж буй шинэ технологиуд

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо долоо хоног үргэлжилсэн CES үзэсгэлэн амжилттай болж өнгөрлөө. Олон компаниуд өөрсдийн шинэхэн болон хөгжүүлж байгаа сонин хачин бүхнээ авч ирсэн байв. Ирэх жилийн үзэсгэлэн 2016 оны нэгдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд зохиогдох юм байна. 

Харин одоо та бүхэнд энэ оны шилдэг бүтээлүүдийг хүргэж байна.

ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ: AmpStrip

Өнөөдөр зах зээл дээр гарч ирж байгаа хөдөлгөөн хэмжигч төхөөрөмжүүд олон хэлбэр, хэмжээтэй болжээ. Гэхдээ ихэнх нь бугуйд зүүдэг төхөөрөмж бүтээхийг илүүд үзсэн бол энэ жилийн CES үзэсгэлэн дээр өөрсдийн “Шархны лент” шиг бүтээгдэхүүнээ танилцуулсан AmpStrip-ийн бүтээгдэхүүн шинэлэг байлаа. Нэг удаагийн наалтын тусламжтай цээжиндээ наахад л хангалттай энэ бүтээл хэрэглэгчийнхээ зүрхний хэмнэл, алхмын тоо гээд зах зээл дээрх ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй адил олон хэмжилт хийж чадна. Хамгийн чухал нь энэ төхөөрөмжийг хэдхэн цаг цэнэглээд бүтэн долоо хоног санаа амар явж болох бөгөөд тухайн хүний онцлогоос шалтгаалж нэг удаагийн наалт нь 3-7 хоног тэсэх төдийгүй усны хамгаалалттай.

ШИЛДЭГ ХӨДӨЛГӨӨН ХЭМЖИГЧ ТӨХӨӨРӨМЖ: Bragi компанийн “The Dash”

11 сарын өмнө анх Kickstarter дээр өөрсдийн хуудсыг нээж асан Bragi компанийн энэ бүтээгдэхүүнийг авахыг туйлаас хүсэж байна. Яагаад гэж үү? Өнөөдөр зах зээл дээр байгаа ямар ч хөдөлгөөн хэмжигчийг араасаа дагуулахгүй энэ бүтээгдэхүүн хөгжим тоглуулж, зүрхний хэмнэл, алхмын тоо хэмжих бөгөөд хэрэглэгчийнхээ хүчил төрөгч хангалттай авч байгаа үгүйг мэдэх юм. Ингээд дуусахгүй бөгөөд хоорондоо утасгүй холбогдох хоёр тусдаа энэ жижигхэн чихэвч өөрийн гэсэн хөгжим тоглуулах систем, 4GB санах ой, нэг цэнэглэлтээр 3,5 цаг ажиллах гээд олон давуу талтай аж. Сонирхолтой нь ирэх дөрөвдүгээр сард албан ёсоор худалдаанд гарах энэ бүтээл энэ оны “Шилдэг Зүүдэг технологи” гэсэн алдрыг хүртжээ.

ШИЛДЭГ АВТОМАШИНЫ ТЕХНОЛОГИ: Mercedes F-015 тансаг концепц

Зуу орчим жилийн түүхтэй дэлхийн анхдагч машин үйлдвэрлэгчдийн нэг Германы Mercedes Benz компанийн танилцуулсан F-015 загвар үзэсгэлэнд оролцогчдын сонирхлыг ихээр татсан билээ. Өнөөдөр бусад компаниудын хөгжүүлж байгаа “Өөрийгөө жолоодох” систем бүхий машинуудын дэргэд энэ бүтээл дэндүү чамин аж. Гэхдээ компани бүтээгдэхүүнээ 2030 оноос л зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Машины үндсэн зорилго нь аялалд явахдаа яг л гэртээ байгаа мэт тохь тухтай байдлыг бүрдүүлэх. Тийм дээ ч жолоочийн суудал нь хүртэл эргэж хараад машинд байгаа хүмүүс хоорондоо харилцахад гэртээ эсвэл галт тэргэнд яваа юм шиг л санагдах юм.  Нисдэггүй ч гэсэн энэ жилийн үзэсгэлэнд танилцуулагдсан машинуудаас хамгийн гайхалтай нь энэ байлаа.

ШИЛДЭГ КАБЕЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Sling TV

Телевизор гэдэг “Дөрвөлжин” төхөөрөмж бүтээгдсэнээс хойш 100 орчим жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүн төрөлхтөн антен, кабел, шилэн кабел гэсэн үндсэн гурван дамжуулагчийн тусламжтай дэлхий ертөнцөд юу болж байгааг үзэж мэдэж байна. Харин одоо Sling TV гэх шинэхэн үйлчилгээ нэвтрэх гэж байна. Компанийн танилцуулснаар сарын 20 ам. долларын төлбөртэй интернетэд суурилсан энэ үйлчилгээг ашиглахын тулд дэвшилтэт телевизороос өөр юу ч хэрэггүй аж. Дээрээс нь та хүссэн үедээ интернетээр гэрээгээ цуцалж болох юм байна.

ШИЛДЭГ ГЭРИЙН ТЕХНОЛОГИ /Ухаалаг/: Enorgous Wattup

Магадгүй бид ирээдүйд хүн төрөлхтөн ямар байранд амьдрахыг тааж мэдэхгүй. Гэхдээ эрчим хүч хэрэглэнэ гэдгийг баттай хэлж чадна. Enorgous Wattup гэх энэ бүтээгдэхүүн бол утасгүй цэнэглэгч юм. Үүний тусламжтайгаар зүүдэг технологи, ухаалаг утас зэргээс гадна ирээдүйд бидний гэрээр нэг дүүрэх дэвшилтэт технологиудыг цэнэглэх аж. Компани энэ оны сүүлээр анхны бүтээгдэхүүнээ хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьжээ.

Зургийн голд байрлах жижиг цагаан төхөөрөмж эрчим хүч цацдаг аж

ШИЛДЭГ ПРОГРАММ ХАНГАМЖ: Sling TV

Аппликейшн, Программ хангамж зэрэг ийм төрлийн үзэсгэлэнгийн онцлох бүтээгдэхүүн байтугай, онцлох сэдэв болох нь ховор. Гэсэн хэдий ч энэ жилийн үзэсгэлэн урьд урдны жилүүдээс ялгаатай болсон нь Sling TV-гээс харагдана. 20 ам. долларын үнэтэй энэ үйлчилгээ ESPN, HGTV зэрэг сувгуудыг зөвхөн телевизор гэлтгүй, Андроид болон iOS үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр нь тань харуулах аж.

ШИЛДЭГ ШИНЭ САНААEnergous Wattup

Энэ жил үзэсгэлэнг зохион байгуулагчид “Утасгүй цэнэглэгч” хөгжүүлэгчийг энэ төрөлд шилдгээр тодруулжээ. Гэхдээ нэг зүйлийг сануулахад өнгөрсөн зууны шилдэг зохион бүтээгч НИКОЛА ТЕСЛА нэгэнтээ дэлхий даяар утасгүй, үнэгүй цахилгаан түгээх төхөөрөмж бүтээх гэж байсныг бодохоор нэг их сүрхий санаа гэж бодогдохгүй байна. Яахав энэ төхөөрөмж 4,5 метрийн цаана байгаа зүйлийг цэнэглэх чадалтай аж. Гэтэл Теслагийн бүтээх гэж байсан бүтээл бүх дэлхийг “ҮНЭГҮЙ” хангах байсан. Гэвч шуналтай хөрөнгө оруулагч өөрт нь ашиг авч ирэхгүй гэдгийг сонсоод төслийг зогсоож байв. Хэрвээ Уорденклиффийн цамхаг ашиглалтад орсон бол бид өнөөдөр холбогч утас гэдэг зүйлийг аль хэдийнэ устгах байсан биз ээ.

Энэ цамхаг дэлхийг үнэгүй, утасгүй эрчим хүчээр хангах эхлэл болох байв

ШИЛДЭГ ХӨДӨЛГӨӨНТ ТӨХӨӨРӨМЖ: Dell Venue 8  7000 таблет

1984 онд анх байгуулагдсан Dell компани тийм ч сонирхолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй билээ. Харин Venua 8 7000 таблет энэ жилийн шилдэг төхөөрөмжөөр шалгарсан нь тэднийг ямар том алхам хийснийг харуулж байна. Дөрвөн цөмт Intel Атом процессор, 2GB RAM-тайгаас гадна Infinity гэдэг мундаг дэлгэц тэднийг энэ жил олны анхаарлын төвд авч иржээ. 2560-ыг харьцах нь 1600 пиксел нягтрал бүхий 8,4 инчийн OLED дэлгэц болон дэлхийн хамгийн нимгэн таблет гэх нэрийг зүүж байгаа 6мм зузаантай энэ таблет бусадтай харьцуулахад дэндүү тансаг болсон юм. Таблетийг “тэнгэрт хөөрөхөд” тусалсан эдгээр давуу талуудаас гадна танд зураг авсныхаа дараа илүү олон зүйлсийг тохируулах боломж олгох Intel-ийн хөгжүүлж буй Realsense технологи бас нэг “хөдөлгүүр” нь болжээ. Гэхдээ Realsense технологийн зөвхөн нэг л үйлдэл нь энэ бөгөөд илүү дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэх болно.

ШИЛДЭГ ТЕЛЕВИЗОР: LG Art Slim 4K OLED

Эцсийн эцэст LG компани өнгөрсөн жил анх танилцуулж байсан “хавтгай дэлгэцийг нумруулахуй” технологио албан ёсоор амжилттай хэрэгжүүллээ. Энэ жилийн CES үзэсгэлэнд танилцуулсан тэдний шинэ бүтээл зах зээл дээр хэрэглэгчдийн гарт хамгийн түрүүнд хүрэх 4K OLED дэлгэц бүхий телевизор болно гэж компани ам бардам хэлсэн юм. Гэвч нэг том асуудал бий үнэ нь хэд байх бол? Үзэсгэлэнд компани нийт долоон өөр загвар танилцуулснаас 77 инчийн загвар нь хавтгай ч болдог нумардаг аж. Бүгд энэ жилдээ багтаж худалдаанд гарах телевизоруудын үнэ нь тодорхойгүй хэвээр үлдэв.

ШИЛДЭГ ТОГЛООМЫН БҮТЭЭГДЭХҮҮН: Razer Forge TV

Шилдгээр шалгарсан энэ бүтээгдэхүүн маш олон төрлийн тоглоомыг гэрийнхээ телевизор дээр тоглох боломжийг олгох аж. Ер нь бол PC/ Mac/ Android дээрх бүхий л тоглоомыг тоглож болно. Гэхдээ шинэлэг биш мөртөө яагаад энэ жижигхэн консоль шилдгээр шалгарсан юм бол гэж та гайхаж болох юм. Мэдээж хэрэг үзэсгэлэнг зохион байгуулагчид энэ төхөөрөмжийн бодит боломжийг харьцуулсан бөгөөд эцэст нь 100 ам. Долларын үнэтэй гэдгийг сонсоод үг дуугүй хүлээн зөвшөөрч шилдгээр шалгаруулжээ. Гэтэл PS4, Xbox One зэрэг үүнтэй төстэй консолуудын нэг тоглоом нь л ийм үнэтэй байх жишээтэй.

ШИЛДЭГ ЭГЭЛ БУС БҮТЭЭГДЭХҮҮН: Belty

2015 он их сонирхолтой жил болно. Учир нь 1980-аад оны шилдэг зөгнөлт уран сайхны бүтээл болох “Ирээдүй рүү буцсан нь” кинон дээр гардаг дэвшилтэт технологиуд бүгд 2015 оныг зөгнөсөн байдаг билээ. Ялангуяа өөрөө үдэгддэг гутал, өөрийгөө хатаадаг хүрэм зэрэг нь бодит байдалд хамгийн ойрхон. Яагаад гэвэл Hendo компани аль хэдийнэ “Нисдэг хавтангийн” анхны загварыг бүтээчхээд байгаа. Гэтэл энэ удаагийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэгээр Belty гэх ухаалаг бүс шалгарчээ. Хэн ч ийм зүйл байж болно гэж төсөөлж байгаагүй учир нэг талаас хачирхалтай. Юу гэхээр энэ бүс өөрөө автоматаар чангарч, сулардаг. Одоогоор дөнгөж хөгжүүлэлтийн шатандаа яваа энэ бүс худалдаанд гарахдаа хөдөлгөөн хэмждэг болно гэж бүтээгчид нь амласан юм.

ШИЛДЭГ ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР ТЕХНОЛОГИ: MakerBot холимог материал

2013 оноос эрчимтэй хөгжиж байгаа гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжүүд өнөөдөр хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд, хуванцраар олон зүйл хэвлэж байна. Гэхдээ хүн төрөлхтний дараагийн хэрэгцээ нь металл болон мод билээ. Тийм ч учраас CES 2015-ыг зохион байгуулагчид MakerBot компанийн шинэхэн материалуудыг энэ жилийн шилдэг бүтээгдэхүүнээр тодруулжээ. Яахав хуванцраас бусад метал зэрэг хатуу материалаар хэвлэдэг LulzBot,  S1 зэрэг төхөөрөмжүүдийг зарим компаниуд бүтээж байгаа ч гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжийн зах зээлд нэгэнт байр сууриа олсон MakerBot илүү хялбар арга олсон нь холимог материал юм. Тэдний ачаар агч мод, шохойн чулуу, төмөр, хүрэл/мэдээж хэрэг хуванцартай холисон/ зэргээр хэрэглэгчид төрөл бүрийн зүйл хэвлэж болно. Хүрлийн холимог материал нь гялалзаж, төмрийн холимог нь соронздогддог бол модны холимог нь яг л агч мод шиг үнэртэнэ.

Шинэхэн материалаар хэвлэсэн мод, төмрийн хольцтой алх

ШИЛДЭГ PC: Lenovo LaVie HZ550

Хятадын Lenovo компанийн танилцуулсан энэ зөөврийн компьютерыг хэр хөнгөн гэдгийг тайлбарлахад хэцүү юм. Гэхдээ энэ бүтээгдэхүүн 13 инчийн өргөнтэй ч ердөө 700 грамм гэдэг их зүйлийг хэлэх биз ээ. Ер нь энгийнээр тайлбарлавал энэ компьютер зах зээл дээрх хамгийн хөнгөн 13 инчийн өргөнтэй зөөврийн компьютер аж. Гэхдээ зөвхөн хөнгөн байна гэдэг хангалтгүй. Тэгвэл энэ бүтээгдэхүүн дотроо цоо шинэ Intel процессор, 7-8 цаг цэнэгээ барих зай хураагуур зэргийг агуулсан хэдий ч жин нэмэхгүй байх үүднээс дэлгэц нь мэдрэгчгүй байх аж. Гэхдээ Lenovo ингээд зогсохыг хүссэнгүй. Харин дэлгэц нь мэдэрдэг, 360 градус нугардаг хувилбар болох Lenovo HZ750 загвараа танилцуулжээ. Эдгээр зөөврийн компьютерууд 1199-1299 ам. долларын үнэтэй энэ тавдугаар сард худалдаанд гарах юм байна.

ШИЛДЭГ РОБОТ БОЛОН ДРОН: AirDog

CES үзэсгэлэн дээрх дронуудаас AirDog юугаараа ялгаатай вэ? Америкийн кинонууд дээр гол баатрыг үргэлж дагаж явдаг нисдэг тэргэнд суусан зураглаачийн үүргийг гүйцэтгэж чаддаг учраас гэж хариулъя. Энэ бүтээгдэхүүн Экстрим спортыг дүрс бичлэгийн камерын хальсанд буулгах ажлыг шинэ төвшинд гарган ирж байгаа учир зохион байгуулагчид шилдэг бүтээлээр шалгаруулжээ. Хэдийгээр үүнтэй төстэй бүтээгдэхүүн байгаа ч тэднээс ялгарах гол онцлог нь энэхүү дрон Sony болон GoPro-ийн камеруудыг дэмжих, үүргэвчинд багтах гээд олон давуу талтай.

ХАМГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН: Sling TV

За ингээд эцэст нь 2015 оны CES үзэсгэлэнгийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнээр нөгөө л нэг Sling TV  үйлчилгээ шалгарлаа. Ер нь бол энэ үйлчилгээ уламжлалт кабелын телевизийн үйлчилгээг халах далайцтай юм. Интернетэд суурилсан энэхүү телевизийн үйлчилгээний ачаар та дуртай сувгуудаа хаана ч, хэзээ ч үзэж болно. Зөвхөн телевизийн сувгууд гэлтгүй кино түрээслэх үйлчилгээг ч санал болгоно гэж компани амласан юм. 

 

Н.ЦЭНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж