“Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015” өнгөрсөн долоо хоногт болж хөрөнгө оруулагч, бизнесийнхэн чуулж, цаашид хэрэгжих томоохон төслүүд, Монгол Улын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулахад тулгарч буй бэрхшээлийн талаар харилцан ярилцсан. Мөн хуралд орлцогчид уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээл, барилгын салбарын талаарх мэдээллийг сонсож сонрхсон асуултадаа хариулт авч байсан юм. Зургаан салбар хуралдаантай үргэлжилсэн энэхүү дээд хэмжээний бизнесийн уулзалтад гадныхан төдийгүй дотоодын бизнес эрхлэгчдийн анхаарлыг татсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар илтгэл тавьж, санал солилцсон юм.
Салбар хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл АСЕМ-ын уулзалт Улаанбаатар хотын хөгжил дэвшилтэд хэрхэн нөлөөлөх талаарх сэдвээр байр сууриа илэрхийлсэн юм.
–2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг УИХ-аар баталсан нь түүхэндээ анх удаа дээд төвшинд буюу үндэсний парламентаар баталж шийдвэр гаргасан тохиолдол байсан. Мэргжилтнүүдийн судалгаагаар 2030 он гэхэд нийслэл хот 1.7 сая хүн амтай болно. Бид замаа өргөтгөх, дулааны хангамжаа сайжруулах, цахилгааны хэрэглээг 5880 кВт/цаг болгож, усны хангамжийг 614 мянган шоо метрээр нэмж, цэвэрлэх байгууламжаа шинэчлэх шаардлагатай болно. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд 16.8 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарч байгаа юм. Энэ их хэмжээний хөрөнгийг дангаараа босгох боломж байхгүй учраас уул уурхайн үүсгэврийг ашиглах, гадны хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын чиглэрээр энэ бүх мөнгийг босгох шаардлагатай. Хөрөнгө оруулагч бидэнд хэрэгтэй, аялал жуулчлал хэрэгтэй, уул уурхайн боломжит хувилбарыг ашиглах шаардлагатай гэдэг нь тодорхой болж байгаа юм. Бид “Найрсаг Улаанбаатар” гэсэн төслийг хэрэгжүүлээд байна. Найрсаг байхгүй л бол болохгүй байна шүү дээ. Тэгвэл бидэнд АСЕМ ямар хэрэгтэй, ямар өгөөжтэй вэ гэх асуудал гарч ирэх болно. Дээрх бүх асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа болно. Өөрөөр хэлбэл гадныханд аялал жуулчлалын үйлчилгээ авч болох юм байна гэх мессэжийг өгч нийслэлийг дэлхий дахинд сурталчилах юм. Бид хөлсөө арчаад л бэлтгэлээ хийгээд гүйж байна.
Зочид төлөөлөгчдийг байрлуулах буудлын тухайд ая тухтай орчинг бүрдүүлэх нь гадныхны анхаарлыг татаж байгаа асуудлын нэг учраас энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хариулт өглөө.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр 45 мянган зочин ирнэ, наана нь зургаа долоон арга хэмжээ болно. Бид их үрэлгэн хандахгүйгээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа 46 зочид буудалд хөрөнгө оруулалт хийж, ажилтнуудад нь эрчимжүүлсэн сургалт зохион байгуулна. Зочид буудалд ор өгдөг хуучин системийг халж шинэ системээр явахаар төлөвлөж байна. Дэлхийн эдийн засгийн найман хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлж байхад манай улсад 0.4 хувь л байна. Хамгийн ирээдүйтэй салбар бол аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал. Энэ нь АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад орших юм. Мөн зочид төлөөлөгч нарт зориулж БНСУ, БНХАУ, ХБНГУ, Итали зэрэг улсаас мэргэжилтнүүд авчран хоолны нарийн мэргэжлийн хичээлийг заалгаж, үнэ төлбөргүй сургалтад оролцох реалити шоуг ч зохион байгуулна.
БИД ЮУГ АНХААРЧ, БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Эдийн засагч Д.Жаргалсайхан:
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол бодит байдлыг илэрхийлдэг, үр дүнг харуулдаг, дүгнэлт хийдэг маш хүчтэй хэрэгсэл. Өнөөдрийн Монгол Улсын хөгжлийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Улс орныхоо байгаа байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Зочид буудлуудыг янзална, хотоо сайхан болгоно гэж ярьж байна. Төлөвлөсөн ажил нь бүтдэггүй нэг том аюул бий гэдгийг сануулмаар байна. 200 орчим тэрбум төгрөгөөр АСЕМ-д бэлдэж байна гэсэн. Энэ мөнгийг хэрхэн гаргаж байна, дарга нар нь өөрсдийн буудлаа засварлах уу, үгүй юу гэдэг ч асуудал болно. Энэ бүхнийг хэвлэл мэдээллийг хэрэгслийнхэн судалж, харуулах хэрэгтэй. АСЕМ-тай холбоотой гарч байгаа олон нийтийн мөнгө ил тод зарцуулагдах хэрэгтэй. Санаа зовж байгаа нэг асуудал бол ирэх 2016 оны зургаадугаар сарын 31-нд УИХ-ын сонгууль болно, харин АСЕМ долдугаар сарын 20-д гараад болно. Нөгөө зочдыг шал өөр дарга нар хүлээн авч таарах байх. Тэгвэл яах вэ. Монгол Улс аль нэг даргаас шалтгаалдаггүй гэж харуулах нь сайхан боломж. Гэтэл өнгөрсөн долдугаар сарын 1 шиг үйл явдал өрнөөд таван хүнийг “нухчихвал” яах вэ гэдэг асуудал ч гарна. Сонгуулиа хойшлуулах тухай яригдаж байна. Хэрэв хойшлуулчихвал нөгөө АСЕМ-ыг шүүмжлэх улстөрчид гараад ирж магад. Маш бодолтой байх хэрэгтэй гэв.
Дээрх бүх эрсдэл, хүндрэл, хардлагыг тал талаасаа маш сайн координаттай, нэгдсэн нэг төлөвлөгөөтэй ажиллаж байж шийднэ гэдэгт салбар хуралдаад оролцосон эрхмүүд санал нийлсэн юм.
Ингээд АСЕМ-ын хурал хувийн хэвшилд ямар боломжийг бүрдүүлэх талаар цааш яриа өрнөсөн. Мэдээж түр болон цаашид ажиллах ажлын байр цөөнгүй бий болж, жижиг дунд үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт нэмэгдэж, дотоод гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж харж байгаа аж. Энэ талаар CEO клубын ерөнхийлөгч Ц.Түмэнцогт хэлэхдээ,
-Ер нь бол Ази Европын дээд хэмжээний уулзалт АСЕМ манай улсад зохион байгуулагдах нь том боломж юм. Сүүлийн гурван жил гадаадын хөрөнгө оруулалт байнга буурч байна. Уул уурхайгаа хөдөлгөсөн энэ үед АСЕМ-ыг зохион байгуулж байгаа нь тун таатай, сайшаалтай зүйл юм. Одоо бол Монгол Улс ганц хоёрхон мега төслөөс хамаарч байгаа гэдэг ойлголтыг өгөөд байна шүү дээ. Тиймээс бид зөвхөн уул уурхайгаас гадна бусад салбараа хөгжүүлж, хөрөнгө босгох хэрэгтэй. БНХАУ-ын дарга, ОХУ-ын ерөнхийлөгч ирсэн, Япон улстай эдийн засгийн гэрээг үзэглэсэн гээд л тоочвол хоёр хөрш хэдхэн улстай хамтран ажилах тухай яригдаж байна л даа. Гэтэл ирэх 2016 онд манай улсад 51 улсын тэргүүнүүд, удирдлагууд ирнэ гэдэг бол маш том боломж гэв.
Хоёр монгол хүн нэг асуудлаар гурван өөр бодолтой болсон. Харин АСЕМ-ын хурал дээр бүгд нэгдсэн, нэг санал, хяналттай явна гэдгийг мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онцолж байлаа.
Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа:
-АСЕМ бол ганц дэд бүтцийн асуудал биш. Үүний зэрэгцээгээр бид ирсэн зочдод оюуны ямар хоол өгөх вэ гэдэг асуудал байх юм. Зочдод сонголтоо хийх боломжтой олон төрлийн урлагийн тоглолтыг бэлтгэх хэрэгтэй. Хотын болон нүүдлийн соёлыг нэгэн зэрэг харуулна гэсэн үг. Монгол өөрөө эдийн засгийн үр ашигтай байх смарт бодлогыг сурталчилах гэж байгаа бол соёл урлагийг үүний гадна үлдээх ёсгүй.
Д.ЖАРГАЛ