Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн баяр”-аа Хүй долоон худагт хийсэн юм. Энэ үеэр 64 бөх барилдуулж дүүргээсээ цол олгожээ. Энэ нь зөвхөн улс, аймаг, сумаас л цол олгодог хэмээн иргэдийн дунд маргаан дагуулаад байсан. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзангаас тодрууллаа.
-Өнгөрөгч бямба гаригт Сонгинохайрхан дүүргийнхэн баяраараа бөхчүүдэд цол олгосон мэдээлэл байна. Дүүргээс цол олгох мэдэл байдаг юм уу?
–Сонгинохайрхан дүүргийнхэн ойн хүрээнд “Иргэдийн баяр” хийж бөх барилдуулан, шагайн харвааны тэмцээн зохион байгуулсан. Энэ үеэр цолгүй бөхчүүддээ цол олгох зөвшөөрлийг манайхаас авсан. Ер нь дүүрэг бол сумын статустай байдаг. Тиймээс цол олгох эрхийг манайхаас олгосон.
-Тэгэхээр дүүргүүд бөхчүүддээ цол олгож болно гэсэн үг үү?
–Дүүрэг бол сумын статустай учраас Сонгинохайрхан дүүрэг шиг ийм арга хэмжээ зохиож манайхаас зөвшөөрөл авч болно.
-Өмнө нь дүүргүүд цол олгох тохиолдол байсан уу?
–Багануур, Багахангай, Налайх дүүргүүд ойн хүрээнд наадам зохиож бөхчүүдэд цол олгож байсан.
-Цаашид дүүргүүд цол олгодог байдал үргэлжлэх үү?
-Одоогоор Сонгинохайрхан дүүргээс өөрөөр ийм зөвшөөрөл хүсээгүй байна. Ойн хүрээнд жижиг хэмжээний наадам зохиож байгаа тохиолдолд манайхаас зөвшөөрөл хүсч болно.
Б.ЗАЯА