УИХ-ын дарга Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтэд оролцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.22/ Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Сургалтын арга хэмжээг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үндэсний удирдагч Б.Болдбаатар сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү төслийн зорилго, хүрэх гол үр дүн нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгоход оршиж байна. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтад хамруулж, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм гээд УИХ-ын Тамгын газар уг төслийн үндэсний хэрэгжүүлэгчээр нь ажиллаж байгааг онцлов.
УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн оролцож буй сургалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, энэхүү төсөл нь эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилготой. 2013 оны 3 дугаар сард УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээн сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгох, сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг гаргах, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин, ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр зэрэг сэдвүүдээр сургалт явуулж, Монгол Улсын хэмжээнд сонгогдон ажиллаж буй 8000 гаруй иргэдийн төлөөлөгчийн 86 хувийг хамруулсан. Тэдний 69.5 хувь нь сургалт чухал ач холбогдолтой гэсэн бол 30.5 хувь нь хэрэгцээтэй сургалт байсан.
Энэ сургалтын хоёр дахь шат болох Орон нутгийн хурлын төлөөлөгчийн Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох, Судалгаа хийх арга зүй, ИТХ-аас бусад байгууллагуудтай харилцах зэрэг сэдвүүдийг боловсруулж, өнөөдрөөс та бүхэнд энэ сургалт явагдах гэж байна. Нийт 21 аймгийн хэмжээнд явагдаж буй хоёр дахь шатны сургалтад бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар нийт 3000 орчим хүн хамрагдана.
Мөн энэ жил эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс 30 сургагч багш бэлтгэсэн байна. Мөн уг сургалтыг өнгөрсөн жил 5 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заасан бөгөөд энэ жил үлдсэн 16 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заахаар “МонФемНет” байгууллага төлөвлөж, Өвөрхангай аймгаас сургалтаа эхлүүлээд байна. Ингэснээр бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2084 төлөөлөгч эмэгтэйчүүд бүрэн хамрагдана гэв.
УИХ-ын дарга цааш нь хэлэхдээ, аймаг сумдын нэрсийг оруулаад мэдээлэл авах боломжтой www.khural.mn вебсайтыг ажиллуулж эхэлсэн. ИТХ-аас шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах шаардлагыг тавьж байгаа. Сум бүхэнд байгаа сайн туршлагыг судалж саналаа солилцох үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж, сургагч багш нарын чадавхийг сайжруулж байгаа. Одоогоор 62 сургагч багшийг нийт аймгуудад бэлтгээд байна. Эдгээр багш нар хичээл заана. Одоо төсөв батлахдаа заавал ИТХ-аар дамжуулан иргэдээс санал авч байх систем руу орж байгаа. Орон нутагт мөнгө зарцуулах эрх мэдэл ирж буй учир хариуцлага ч бас ирэх ёстой. Мөн төлөөлөгчдийг өөрсдийг нь чадавхжуулахад анхаарч байгаа. Энэ жилийн хоёр дахь шатны сургалтад нийт 3000 хүнийг хамруулахаар болсон. Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал гэсэн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж байна гэлээ.
Бигэр сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Ч.Пүрэвжав хэлэхдээ, Иргэдийн оролцоог хангах талаар ажиллаж байгаа. Иргэдийн оролцооны талаар маш сайн ойлголттой болж байгаа. Сумын иргэдийн анхаарах асуудал төсөв мөнгө батлах гээд сумдтай холбоотой асуудал дээр зөвхөн сумандаа иргэдтэйгээ хуралдах бус, харин багийнхантай хамт санал солицох гэх зэргээр хүрээгээ өргөжүүлж байгаа, гарах үр дүндээ иргэд хяналт тавих зорилт тавин хэрэгжүүлж ажиллаж байна гэв.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, иргэдийн төлөөлөгчид нь иргэдээс сонгогдсон, иргэдийнхээ өдөр тутмын амьдралыг мэддэг хүмүүс байдаг. Тиймээс тэдний манлайллыг бий болгох, чадавхийг дээшлүүлэх зорилгоор энэхүү сургалт явагдаж байгаад таатай байна. Өнөөдөр Говь-Алтай аймагт Монгол Улсын Их Хурлын дарга ажиллаж байгаа энэ үед цаашид тулгамдаад байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөн ярилцах шаардлагатай гэж үзэж байна. Говь-Алтай аймгийн зам, дулааны цахилгаан станц, дэд бүтэц, эрчим хүчний асуудал шийдэгдэхгүйгээр хөгжлийг тодорхойлох аргагүй. Баруун таван аймгийн хувьд тулгамдсан асуудал бол замын асуудал юм. Шинэчлэлийн Засгийн газрын үеэс эхлэн замын асуудлыг шийдэхэд санхүүгийн зарим хүндрэл гарч эхэлсэн. Эдгээр асуудлыг 2016 оны төсөвт суулгах шаардлагатай байна гэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь шатны сургалтын нээлтэд УИХ-ын даргыг оролцох үеэр УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.