А.Гансүх: Хөрөнгө оруулагчид хяналтгүй ажиллах эрх олгох гэрээ

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

А.Гансүх: Хөрөнгө оруулагчид хяналтгүй ажиллах эрх олгох гэрээ

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхтэй Тавантолгойн гэрээний талаар ярилцлаа.

Тавантолгойн гэрээний гол заалтууд дээр төвлөрч ярилцъя?

-Хамтын ажиллагааны гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, төмөр замын концессын гэрээ гэсэн хоорондоо уялдаа холбоотой гэрээнүүд байгаа. Гэрээний үндсэн хугацаа 30 жил, Нэмээд 30 жилээр сунгах боломжтой. Хөрөнгө оруулагч талаас гэрээний хугацаатай холбоотой оруулсан нэг заалт нь хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол түүнийгээ нөхөх хүртэл хугацаагаар гэрээг сунгана гэсэн нөхцөл. Энэ бол  маш ноцтой санал. Хөрөнгө оруулалтаа нөхөөгүй гэх нэрийдлээр гэрээний хугацааг дахин хэдэн ч жилээр сунгаж болно гэсэн үг. Гэрээний хугацааг Засгийн газар хумих боломжгүй. Учир нь, хөрөнгө оруулагч хэзээ хөрөнгөө оруулах, тооцоо, жилд олборлох нүүрсний хэмжээ, экспортод гаргаж, борлуулах үнэ зэргийг үзэмжээрээ шийднэ. Ингээд тооцох юм бол өөрийнхөө хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүйгээр энэ бизнесийг удирдаад аваад явбал 60 байтугай жилээр үргэлжлэхээр байна.

Үүнээс гадна энэ хэлэлцээрийн явцыг харж байхад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 дэх заалт, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 121 тогтоол зөрчигдөж байна. Мөн “Эрдэнэс” Тавантолгой компанийн хувьд их хэмжээний хэлцэл хийгдэж байгаа тул Засгийн газрын зүгээс “Компанийн тухай” хуулийн “Их хэмжээний хэлцэл хийх” гэсэн 88 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг дагаж мөрдөх ёстой. Тэр хийгдээгүй.

-Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахтай зэрэгцэн иргэдийн эзэмшиж буй хувьцааг амилуулах вэ? гэх асуудал иргэдийн анхаарлын төвд байгаа?

– Гэрээнд  “Эрдэнэс Тавантолгой” компанид тус бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж, компанийн нийт хувьцааны 20 хувийг бүрдүүлж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашиг яаж хангагдаж байгаа нь тодорхой бус байна. Дээр хэлсэнчлэн хуулиудыг зөрчсөн хэвээр байвал тус компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч хэн нэгэн иргэн шүүхэд хандахад л энэ хэлэлцээр унана. Үүнээс гадна энэ гэрээг байгуулснаас хойш Засгийн газар ямар ч нөхцөл дахин тавьж болохгүй. Мөн борлуулалтын орлого гадагш урсана, Зарим төлбөрийг гадаадын банкуудаар дамжуулна хийнэ гэж байгаа. Ингэхээр Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар бидний горьдлого талаар болно.

өрөнгө оруулалтын талаар хэрхэн заасан бол?

– Хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллар орчим болно гэсэн байна лээ. Гэхдээ ийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулна гэсэн үүрэг хүлээгээгүй. Санхүүжилтийн гэрээ, техник эдийн засгийн тооцоо судалгаанаас шалтгаалаад тухай бүрт нь өөрчлөгдөнө гэж байгаа. Энэ заалт нь дөрвөн тэрбум ам.долларыг өөрчлөх боломжтой гэдгийг хэлээд байна. Үүнээс гадна гэрээнд “Энержи ресурс” компанийн ашиглаж буй Ухаахудагийн уурхайн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж тооцно гэжээ. Ухаахудаг 1.3 тэрбум ам.долларын өртэй байгаа. Өөрийнх нь үндсэн хөрөнгө 400 сая ам.доллар. Ийм компанийг нэг тэрбум ам.доллараар үнэлээд оруулах нь мэдээж алдагдалтай. Бас нэг зүйл нь, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хэзээ яаж оруулах нь тодорхойгүй буй асуудал. Мөн хөрөнгө оруулагч жилд олборлох нүүрсний хэмжээ, үнийг өөрөө тогтоож, орлогынхоо  хоёр хувийг төлөх заалттай. Энэ бол хөрөнгө оруулагч талд бүх эрх мэдэл очих зохицуулалт. Өөрөөр хэлбэл хяналтгүй ажиллах эрхийг хөрөнгө оруулагчид олгосон.

-Хөрөнгө оруулалтыг бүтцийг мэдээж хэрэг нарийн задлаж тусгасан байх?

-Хөрөнгө оруулалтыг маш өргөн хүрээнд авч үзэж байгаа. Нүүрс олборлох, боловсруулах, эрчим хүч, дэд бүтэц, борлуулалт гээд бүхий л үйл ажиллагааг энэ мөнгөөр хийнэ гэж тусгасан. Мөн Тавантолгойн ордод нэвтрэхээр бол “Энержи ресурс” компаниас бичгээр зөвшөөрөл авахаар тусгажээ.

-Төмөр замын асуудалыг хэрхэн тусгасан байна вэ?

– Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалтыг бүхэлдээ зөрчиж байна. Манай улсад төмөр замыг төрийн өмчит эсвэл төрийн хувь эзэмшил давамгайлсан компанид хувьчлахаар хуульд заасан байгаа. ҮАБЗ-ийн 2011 оны 35/32 зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012 оны 121 тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит МТЗ компанид өгсөн. Үүнийг өөрчилж болохгүй. Энэ мэт хууль эрхзүйн орчин өөрчлөгдөөгүй байхад баригдах төмөр замыг консерциумд өгөх ямар ч боломжгүй. Тавантолгой-Га­шуунсухайт чиглэлийн төмөр зам бол 10 жилд өртгөө нөхөх тооцоотой хамгийн ашигтай зам. “МТЗ” төмөр замын тээврээ хийгээд хоёр тэрбум ам.долларын ашиг олох тооцоо байдаг. “МТЗ” олсон ашгаараа бусад чиглэлийн төмөр замаа барих ёстой.  Ингэж төмөр замын бусад чиглэлийн сүлжээгээ барих хөрөнгийг олох боломжтой. Бас БНХАУ-тай байгуулсан транзит тээврийн гэрээгээр Монгол Улс төмөр замын тээврийн хөнгөлөлттэй тариф авсан. Энэ хөнгөлөлтөө Монгол Улс ашиглах ёстой.

Ш.НҮҮДЭЛ

Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж