“Орон сууц 4000-2” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

“Орон сууц 4000-2” үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “Орон сууц 4000-2” үзэсгэлэнг өнөөдөр 15 цагт “Чандмань Экспо” төвд  нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Орон сууцны санхүүжилтийн корпораци, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа юм байна. Уг үзэсгэлэнгийн нээлтэнд Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга  Ж.Бат-Эрдэнэ, Орон сууц, санхүүжилтийн корпорацийн  гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлангаас  зарим зүйлийг тодрууллаа.

-Одоо хэдэн хүн орон сууц аваад байгаа вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Төрийн албан хаагчийн орон сууцжуулах  4000 айлын орон сууцны дэд хөтөлбөрийн хүрээнд нэлээд ажил хийсэн.  Гуравдугаар сарын 17-нд Засгийн газрын журамд өөрчлөлт орсноос хойш ажил хурдтай явж байна.  Сүүлийн нэг сарын хугацаанд  300 орчим хүний  зээлийн асуудал шийдэгдэгдсэн.  Мөн анхныхаа бондыг арилжааллаа. Долоо орчим тэрбум төгрөгийн зээл шийдвэрлэгдлээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд  хамгийн саад болж байгаа зүйл бол байраа сонгох тухай асуудал байгаа.  Төрийн албан хаагчдад байраа сонгоход нь дэмжлэг үзүүлж бид энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.  Энэ үзэсгэлэнгээс төрийн албан хаагчид нэг доороос байраа сонгох боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа  юм.  Ер нь цаашид үзэсгэлэнг тав, зургадугаар сард дахин  зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ нь худалдан авч байгаа төрийн албан хаагч болон, худалдан борлуулж байгаа  барилгын  компанидаа ч хэрэгтэй юм. Уг үзэсгэлэнг зохион байгуулснаар нэг дороос олон мэдээллийн зэрэг авах боломжтой.  Энэ үзэсгэлэн маань энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.

-Засгийн газрын  эхний ээлжийн зургаан тэрбум төгрөгийн бонд арилжаалагдсан. Энэ мөнгө тухайн барилгын компанид хэрхэн яаж хүрэх вэ?

-Мөнгө орж ирээд бид шууд шилжүүлж байгаа.  Ер нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах ажил жаахан  удааширч байгаа.  Бид ирэх долоо хоногоос дараагийн бондоо захиалъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Зарим барилгын компаниудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах асуудал нэлээд удааширч байна. Бид зээлээ гаргаад мөнгөө шилжүүлэхэд бэлэн байдаг.  Өнгөрсөн лхагва гаригт бид Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ерөнхий газартай уулзалт хийж, үүнийг түргэн хугацаанд шийдэх асуудлаар хамтарч ажиллахаар болсон. Ер нь тал талдаа шуурхайлан хичээж ажиллаж байна.

-Одоогоор хэчнээн төрийн албан хаагчийн материал ирсэн бэ?

-Одоогоор 1500 орчим хүний материал ирчихсэн байгаа. Тэднээс байраа сонгосон нь 400 гаруй. Байраа сонгоод ирсэн тохиолдолд бид зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдэж байгаа.

 Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж