”Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015” энэ сарын 19-нд болж хөрөнгө оруулагч, бизнесийнхэн чуулж, цаашид хэрэгжих томоохон төслүүд, Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулахад тулгарч буй бэрхшээлийн талаар харилцан ярилцсан. Мөн хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцэж, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, санхүүгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын өнөөгийн байдлаар мэдээлэл сонсож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Зургаан салбар хуралдаантайгаар өрнөсөн “Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015”-ын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад хурлын үеэр яригдсан хөрөнгө оруулагчдыг “үргээх” гол шалтгаануудыг онцолъё. Энэ асуудалд байр сууриа түлхүү илэрхийлж байсан хүмүүс бол эдийн засагч Ч.Ганхуяг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар байлаа. Хөрөнгө оруулагчдын талаарх оролцогчдын байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: “Оюутолгой”, “Тавантолгой” бол том төсөл. “Тавантолгой” гэдэг бол таван толгой л гэсэн үг шүү дээ. Одоо бол Цанхи, Ухаа худаг гэсэн толгойг хөгжүүлэх төслийг өргөн бариад байгаа юм. Бид ярьж байгаад энэ долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан тогтоолоо татаж аваад шинээр таван толгойг тавууланг нь хөгжүүлэх тогтоолыг өргөн барихаар бэлдэж байна. Ингэснээр Тавантолгойн нийт баялгийн 60 хувь нь байгаа үлдсэн гурван толгойг зэрэг хөгжүүлэх юм.
Эдийн засагч Ч.Ганхуяг: Бид “Оюутолгой”, “Тавантолгой” төслөө цааш нь явуулах хэрэгтэй байна гээд хоёр гурван жил ярьлаа. Сүүлд Гацууртын алтны ордыг явуулъя, хямралаас хамтдаа гаръя гэж ярьж эхэлсэн. Улстөрчид хуулиа гаргадаг, бизнеменүүд нь биенесээ л хийчихмээр байгаа юм. Ингэснээр хүн ард нь орлогоо нэмэгдүүлэх боломжтой болох юм. Энэ удаагийн бизнес саммитад харамсалтай нь 2010, 2011, 2012 онд манай улсад ирж байсан томооохон хөрөнгө оруулагч нар харагдахгүй байна. Энэ нь итгэл бүрэн сэргэж өгөхгүй байгаатай холбоотой. Сэргээхийг хүсэхгүй байгаа хүмүүс цөөнгүй байна. Эдгээр хүмүүс УИХ дээр Гацууртын ордыг ч эргүүлчихлээ шүү дээ. УИХ-ын дарга нь алхаа цохихдоо “Хохь чинь” гэж харагдана лээ. Хэнийг хохироож байгаа гэдэг нь гайхмаар. “Тавантолгой” төслийг популист, эрүүл ухаантай гэдэг нь мэдэгдэхгүй, галзуу солиотой нь ойлгомжгүй хүний гарт бариулж байгаад албаар унагаж байна. Гадны хөрөнгө оруулагч нар Мъянмар, Энэтхэг хаана ч байсан хууль зүйн эрх зүйн орчин нь тогтвортой, найдвартай газарт хөрөнгө оруулах боломжтой байхад заавал бидэнд хөөгдөн байж хөрөнгөө оруулах уу. Үгүй л болов уу.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Хөрөнгө оруулах гэж байгаа хүн бол хөрөнгө нь өссөн байх ёстой гэх үр дүнг л хүсч хөрөнгөө оруулалт хийж, орж ирэх нь тодорхой. Цаашлаад хөрөнгө оруулаад, оруулсан хөрөнгийг нь баталгаатай эргэлдүүлж болох уу, илүү гарсан хөрөнгөө захиран зарцуулж чадах уу, шоронд хийхгүй байх уу, асуудал гарсан тохиолдолд Арбитрийн шүүх нь ажиллаж чадах уу. Эдгээр зүйлийг л хөрөнгө оруулагч харж байгаа. Гэтэл өнөөдөр манайд энэ үзүүлэлт маш хэцүүхэн байгаа. Би хөрөнгө оруулагч байсан бол “Уучлаарай, ийм бүдэг орчинд хөрөнгө оруулахгүй” гэх байсан. Хүмүүс баталгаатай газар хөрөнгөө оруулна. Гүйцэтгэх захирлыг нь шоронд аваачаад хийчихдэг улсад хэн хөрөнгөө оруулах юм бэ. Одоо батлагдах гэж байгаа Эрүүгийн хуулийн өөрчлөлт хөрөнгө оруулагчдыг тэр чигээр нь үргээнэ. Бараг 20-иод зүйл дээр өмчийг нь хураах, бизнесийг нь зогсоох заалт орж байгаа юм билээ. Дахиад хэлье. Энэ хуулийн өөрчлөлт хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Дарга нар сайхан үг хэлж байгаа ч үйлдэл нь дандаа эсрэг байх юм. Гадаадын хөрөнгө оруулагч байтугай дотоодын хөрөнгө оруулагч нар ч дотоодоосоо зугтах гээд байна шүү дээ.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Мэтью Дэ Блан: Монгол Улсын зүгээс алдагдсан нэр хүндээ олж авахаар сүүлийн 12 сарын хугацаанд маш олон арга хэмжээг зохион байгуулсан гэж бид харж байгаа. Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах тэдэнд итгэл төрүүлэх нэг алхам болсон. Өөрөөр хэлбэл, нэр хүнд нь сэргэх том боломж болсон. Мөн олон хуулинд өөрчлөлт орсон нь тун сайшаалтай. Итгэлцэл дахин бий болно гэдэгт итгэлтэй байна.
Д.ЖАРГАЛ