Улсын начин Б.Батхуяг таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Улсын начин Б.Батхуяг таалал төгсчээ

Монгол улсын начин, самбо бөхийн спортын мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Биндэръяагийн Батхуяг 2011 оны зургадугаар сарын 3-ны өдөр хүнд өвчний улмаас насан өөд боллоо.

Тэрээр 1951 онд Ховд аймгийн Чандмань суманд Биндэръяагийн ууган хүү болон төржээ. Гурван настайдаа эцэг, эхээсээ өнчирч, төр засгийн ивээлээр улсын хүүхэд асрах газрын ясли, цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж, 1976 онд УБДС-ийг физик, хөдөлмөрийн багш мэргэжлээр төгсч, Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургуульд биеийн тамир, хөдөлмөрийн багшаар ажлын гараагаа эхэлжээ.

1978-1988 онд ХЦ-ийн 0202-р ангид офицероор, 1988 оноос Эрдэнэт хотын 10 жилийн 1, 8, 3-р сургуулиудад биеийн тамир, хөдөлмөрийн багшаар ажиллахдаа олон хүүхдийг сурган хүмүүжүүлж, бие бялдрыг хөгжүүлэхэд оюун ухаан, хүч чадлаа харамгүй зориулан АБТА, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдгээр шагнуулж байлаа.

Тэрээр найман настайдаа МХО-ны багш Гомбо, дархан аварга Б.Түвдэндорж нарын шавь болж, үндэсний бөхийн гараагаа эхэлснээс хойш тасралтгүй барилдаж, 19 настайдаа Монгол улсын начин цол хүртсэн билээ.

Түүний хөдөлмөр, бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” болон ойн медалиудаар шагнасан юм.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч, нийтэч зан чанар, монгол бөхийн эгэл боргил төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
   

 МҮБХ, “Бөх” сонин, талийгаачийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, шавь нар нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж