УИХ-ын дарга Говь-Алтай, Завхан аймагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Говь-Алтай, Завхан аймагт ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 22-23-ны өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймагт ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо эхэнд Говь-Алтай аймагт ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд угтан авч, ажил байдлаа танилцуулна. Мөн Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэд оролцох юм.

Орон нутгийн бүтээн байгуулалтууд, БСШУЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай лаборатори сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн Улсын Их Хурлын дарга Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийнэ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажилласны дараа /2015.06.23/ Завхан аймагт очиж, нутгийн удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцах юм. Мөн Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэд оролцон, тус аймгийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцана.

Улсын Их Хурлын даргыг хоёр өдөр орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж