Эрдэнэтийн овоо өнгөтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийн овоо өнгөтэй байна

“Ард түмний итгэл
Анд түншийн найдвар
Ажилчин бидний бахархал”
хэмээх уриатай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өнгөрсөн бямба гаригт үйлдвэрийнхээ өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн нээлтийг улс орон даяар сүр дуулиантай зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн нээлт гэдэг бол үнэхээр ч энэ хамт олны төдийгүй нийт монголчуудын хувьд баярт үйл явдал. Тиймээс ч Эрдэнэтийн овоо, Орхоны хөндийд улсын баяр наадмаас дутахааргүй хөл хөдөлгөөнтэй, хүн машин багширсан байлаа.

Ёслол хүндэтгэлтэй нээлтэд Төрийн тэргүүн нисдэг тэрэг хөлөглөн очиж, энэ л үйлдвэр жирийн уурхайчин хамт олны дундаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, анхны цалингаа авч байсан тухайгаа ярьж, өөриймсөг мэндчилгээ дэвшүүлнэ лээ. Монгол Улсын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалтад зүй ёсоор тооцогддог Эрдэнэт үйлдвэрийн шавыг тавьж, шанг татсанаас хойш ийм томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийж байгаагүй гэдгийг энгэртээ одон тэмдэгээ гялалзуулсан, ахмад уурхайчид өөр хоорондоо хуучилж, үйлдвэрийнхээ хүчин чадлаар бахархаж сууцгаасан.

Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орсоноор хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэхийн зэрэгцээ 33 ажлын байр шинээр нэмэгдэж байна. 2014 онд 516 мянга 813 тонн зэсийн баяжмал гарган авч байсан бол өргөтгөл хийснээр нэмээд 113 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Мөн 2014 онд үйлдвэрийн хамт олон 119 мянга 27 тонн цэвэр зэс үйлдвэрлэсэн бол энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор 26 мянган тонн цэвэр зэс нэмж гарган авах бүрдэнэ. Энгийнээр хэлбэл Монголын эдийн засагт “Саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн маань “сүүний гарц” нэмэгдэж байна гэсэн үг. Эдийн засгийн хямралын энэ үед үүнээс таатай зүйл юу байх вэ. Өнгөрөгч 2014 онд үйлдвэрийн эдийн засгийн орлого нь 1.3 их наяд төгрөгт хүрч байсан бол өнөөдрөөс эхлэн нэмж 240 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх боломж нээгдэж байгааг дуулгахад таатай байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон өнгөрсөн онд 462 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол өргөтгөл ашиглалтад орсноор татварын хэмжээ 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэх үзүүлэлт гарчээ. Өргөтгөлийн ажлын зураг төслийг ОХУ-ын “Ривис” ХХК, БНХАУ-ын “Найпу” ХХК хийсэн бол үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын гол ажлыг Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдийн хүчээр хийсэн байна. Тухайлбал тус үйлдвэрийн Баяжуулах фабрик, Засвар механикийн завод, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех, Засвар угсралтын цехийн хамт олон хийж гүйцэтгэжээ.

Харин өргөтгөлийн барилга угсралтын ажлыг “Тунамал үйлс” ХХК, “Улаанбаатар БУК” ХХК, “РСЦ”, “ОТК” ХХК, ОХУ-ын “Ривс” ХХК, мөн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Бүтээл”, “Эрдэнэт Лайт”, “Баяжуулагч одод”, “SASS” , “Төсома”, “Техмонтаж”, ”Вера сервис” зэрэг компани оролцжээ. Өөрөөр хэлбэл өргөтгөлийн бүтээн байгуулалт нь хүртэл монголын компаниудад томоохон хөрөнгө оруулалт болсон гэсэн үг юм. Энэхүү өргөтгөлийн нээлтэд ирсэн эрхэм зочдын дунд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.В.Азизов, БН Беларусь улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд тэргүүтэй өндөр хэмжээний төлөөлөгчид ирсэн байв. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гавьяат ажилчид, ахмад буурлууд ч төрөлх үйлдвэрийнхээ өргөтгөлийн баярт уригдан иржээ.

Энэхүү ёслолын үеэр Эрдэнэт үйлдвэрийнхэн дундаас Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан хоёроор нэмэгдсэн нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баяжуулах фабрикийн даргын зөвлөх, төслийн удирдагч Рэнцэнгийн Дэлгэр, Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Раднаагийн Баяр нарыг Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнасныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө гардуулан өглөө. Мөн Барилга засварын цехийн өрлөгчин Н.Амарсайхан, үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зохион бүтээгч инженер Л.Мөнхцэцэг, Баяжуулах фабрикийн ерөнхий инженер В.Н.Макаров нарыг Алтан гадас одонгоор, Засвар механикын заводын ажилтан Э.Мэндхүүг Хөдөлмөрийн хүндэт медалиар, В.А.Михайловичийг “Найрамдал” медалиар тус тус шагналаа.

Шагнал урамшуулал үүгээр дууссангүй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн байнгын харилцагч, бизнесийн түнш байгууллага Худалдаа хөгжлийн банкнаас уурхайчдад гэнэтийн бэлэг барьсан юм. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, орлогч захирал Н.Орхон нар банкныхаа 25 жилийг ойг тохиолдуулан, мөн үйлдвэр банк хоёрын зах зээлийн 25 жилийн түншлэл, үйлдвэрийн өргөтгөлийн ажлыг өндрөөр үнэлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 100 монгол, 100 орос залууг Сингапур улсад аялах эрхийн бичгээр шагнасан “Сертификат”-ыг үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, нэгдүгээр орлогч захирал И.В.Рой нарт гардуулав. Давхар давхар баяртай энэхүү нээлтийн дараа зочид, төлөөлөгчид үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан юм. Будаг нь ханхалсан шинэхэн үйлдвэрийн аварга том төхөөрөмжүүд хүнгэнэн дуугарах нь сүрдмээр. Тийм ээ, энэ бол эх оронд маань ашиг шимээ өгөх их бүтээн байгуулалтын дуу чимээ.

“Нарны доор сүндэрлэх
Насны жаргал эдлүүлэх
Найман зовхист тэлэх
Найрамдлын хот ярайна
Эрдэнэтийн овоо өнгөтэй байна
Энэ зууны царай байна”
хэмээн бахархан дуулсаар уурхайнхан ажилдаа явцгаадаг юм билээ.

Үнэхээр ч энэ хот, энэ уурхай, Эрдэнэтийн овоо өнгөтэй байна. Энэхүү их бүтээн байгуулалт булган сүүлтэй байх болтугай. Өвөг дээдсийн үлдээсэн буян хишиг, байгал эхийн баялаг уул уурхайн орд газруудыг өр болгоод зөөгөөд дуусгалгүй, үр шимийг нь зөв хүртэж, баялаг дагасан хотууд сүндэрлэж, тэнд монгол хүний амьдрал цэцэглэх болтугай.

Л.ТӨГС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж