Сонгинохайрханыхан авто машины татвараа торгуульгүй төлөв

Хуучирсан мэдээ: 2015.06.21-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханыхан авто машины татвараа торгуульгүй төлөв

Хүн амынхаа тоогоор нийслэлдээ толгойд бичигдэх Сонгинохайрхан дүүргийн иргэдийн баяр Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт өчигдөр нижгэр боллоо.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, СХД-ийн ИТХ-аас хамтран зохион байгуулсан дээрх арга хэмжээний үеэр төрийн байгууллагууд иргэддээ ажлаа тайлагнаж, зарим төрлийн үйлчилгээг үзүүлсэн юм. Тухайлбал, дүүргийн Татварын хэлтсээс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг энэ өдөр наадмын талбай дээр торгуульгүйгээр хураах үйлчилгээ үзүүлсэн нь хамгийн эрэлттэй үйлчилгээний нэг байв.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлж жолооч нар авто машины дугаарынхаа сүүлийн тооноос хамаарч, Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлдөг болсон. Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөхөөр тогтоосон. Гэвч зарим иргэд цаг хугацаандаа багтааж татвараа төлж амжилгүй 20 мянган төгрөгийн торгууль хүлээж байсан бол өчигдөр торгуульгүйгээр татвараа төллөө.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан шийдвэрийн дагуу авто машины татвараа цаг хугацаандаа төлөөгүй бол энэ сарын 20-ноос хойш хөдөлгөөнд оролцуулахгүй болоод байна.

М.Чинболд: Татаасгүй дүүрэг болохын төлөө ажиллаж байна

Улаанбаатар хотыг агаарын бохирдол, хөрсний бохирдлоос аврах нэг гарц нь гэр хорооллыг орчин үеийн орон сууцны хороолол болгон шинэчлэн бүтээн байгуулах явдал гэж холбогдох албаныхан үзэж байгаа. Энэ ажил тус дүүрэгт хэр ахицтай байгаа талаар мөн бусад бүтээн байгуулалтын талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоос тодрууллаа.

-Сонгинохайрхан дүүрэг жилдээ төсөвт 3.5 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан бол 2014 онд 7.3 тэрбум төгрөгт хүргэсэн гэж та иргэдэд ажлаа тайлагнах үеэрээ тодотголоо. Ирэх жилээс Сонгинохайрхан дүүрэг нийслэлээс татаас авахгүй амьдрах нь гэж ойлгож болох уу?

-Татаасгүй дүүрэг болохын төлөө бид ажиллаж байна. Өөрийгөө санхүүжүүлдэг болчихвол маш том дэвшил. Нийслэлийн дүүргүүдээс ганц татаас авдаг дүүрэг нь Сонгинохайрхан. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй ч өнгөрсөн жил 7.3 тэрбум төгрөгийг татвараар төвлөрүүлсэн. Жилдээ 3.5 тэрбум төгрөгийг татвараар төвлөрүүлдэг байсан бол хоёр дахин өссөн гэсэн үг л дээ. Үүнд хувийн хэвшлүүдийн маань оролцоо, хүчин чармайлт зүтгэл их байсныг хэлэх ёстой болов уу.

-Энэ онд хийгдэх бүтээн байгуулалт, тэр дундаа хаана авто замуудыг шинэчлэх вэ?

-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар орон сууцны хорооллын дундах авто замыг шинэчилнэ. Үүнд 1.5 тэрбум төгрөг зарцуулна. Өнгөрсөн жил Телевизийн шинэ эцсээс Баянхошууны тойрог хүртэлх авто зам, 22-ын товчооны замыг шинэчлэгдсэн бол энэ жил Толгойтын авто замыг шинэчилнэ. Авто худалдааны төв ашиглалтад орно. Энэ төв ашиглалтад орсноор орчин үеийн авто машины худалдааны төв бий болох юм. Түүнийг дагаад маш олон ажлын байр шинээр бий болно.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт аль дүүрэгт хийгдэх вэ. Ажил ямаршуу явж байна?

-Дахин төлөвлөлтийг эхний ээлжинд 10 байршилд хийхээр ажлууд явж байна. Жигдхэн үргэлжилж байгаа. Ханын материалд өнгөрсөн жил 168 айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ жил 30 дугаар хороонд байрлах Хилчин хотхонд инженерийн шугам сүлжээг оруулж өгсөн. Хаус хороолол баригдана. Дээр нь дүүргийн 2, 5, 6, 7, 10, 11, 20 дугаар хороонд дахин төлөвлөлт хийгдэнэ

-Дахин төлөвлөлттэй холбоотойгоор иргэд, гүйцэтгэгч компанийн хооронд зөрчил үүсч байна. Газрыг бага үнээр үнэллээ гэх. Танай дүүргийн тухайд?

-Барилга барих гүйцэтгэгч компани иргэдтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр ажил явж байна. Иргэдийн маань хувьд жорлонгоосоо салмаар байна, тохилог орон сууцанд амьдармаар байна гэдэг санал хүсэлтийг олонтаа ирүүлдэг.

Зарим хорооны иргэд хэзээ манай хороо дахин төлөвлөлтөд орох юм бэ, түрүүлээд оруулж болдоггүй юм уу гэх нь ч бий. Дахин төлөвлөлтийн ач холбогдлыг иргэд маань мэдэрдэг, ойлгодог болж… Харин “Газрыг бага үнээр авч байна” гэх яриа нь улстөржүүлсэн л яриа болов уу даа.

-Сургууль, цэцэрлэг шинээр баригдаж байгаа юу?

-Энэ жил дүүргийн хэмжээнд дөрвөн цэцэрлэг баригдаж байна, сургуулийн тухайд хуучин баригдаж дуусаагүй барилгын ажил үргэлжилж байна. Мөн хоёр газар бага сургууль баригдаж байгаа нь ашиглалтад орно.

Газар эзэмшлийн гэрчилгээгээ үрэгдүүлбэл яах вэ?

Энэ өдөр нэлээд завгүй суусан төрийн албаныхан бол тус дүүргийн Газрын албаныхан байлаа. Дүүргийн хэмжээнд аль газарт иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр журам батлагдсан, мөн газар хүсэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх. Газар эзэмшлийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол буцааж олж авахад ямар бичиг баримт бүрдүүлж, өгөх гээд олон асуудлаар иргэд зөвлөгөө авсан юм.

Тухайлбал, газар эзэмшлийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол дүүргийнхээ Газрын албанд хандаж, архив шүүлгэн газар эзэмшлийн гэрчилгээнийхээ дугаарыг мэдэж авах аж. Үүний үндсэн дээр Газар эзэмшлийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн тухай зарыг сонинд зарлуулах юм байна. Мөн тухайн газрын гэрчилгээ банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулахын барьцаанд байхгүйг тодорхойлсон лавлагааг авч, кадастрын зурагны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл зэргийн хамт дүүргийн Газрын албандаа өгөх аж. Мөн газрын гэрчилгээний хуулбараа үрэгдүүлсэн учраас 40 мянга орчим төгрөгийн торгууль төлж, гэрчилгээгээ дахин авах эрх үүсэх юм байна.

Хэрвээ та газар өмчлөлтэй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл www.umch.ub.gov.mn хаягаар нэвтэрч болох юм шүү.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж