Зуны дэлгэр цаг ирж, хүн бүр л их хотын бачим орчноос зугтаж байна. Гэвч салхинд гараад амарчих аятайхан газар олно гэдэг хэр баргийн аавын хүүгийн чадах ажил биш ажээ. Уг нь хотоос холгүйхэн Туулын хөвөөгөөр амралтын газар бишгүй олон л доо. Даанч тэр газрууд нь “Амралтын газар” нэртэй хэрнээ хүн амрахыг хориглодог юм байна. “Туул резорт”, “Болор Туул”, “Монгол тур” гэх мэт гоё гоё нэртэй амралтуудыг зорьж очсон хүмүүс алжаалаа тайлж амрах талаар бодох хэрэггүй. Яагаад гэвэл таныг хэн ч аятайхан инээмсэглэж угтахгүй. Олигтой ч ор хөнжилгүй ганц “амбаар” олж авахын тулд бараг л хахууль өгөх нь холгүй юм болно. Амралтын сезон орчихсон, дээр нь хотод ойрхон гэх шалтгаанаар хэмхэрхий ортой ханхай гэр 50 “ногоон”, цонх нь хагархай модон амбаар 40 мянган төгрөгөөс буухгүй. “Өндөр үнэ ч дүүрч” гээд орлоо гэхэд үйлчилгээ гэж авах юм байхгүй. Гар нүүр угаах угаалтуур, тамхины үнс хаячих сав ч байхгүй. Урьд шөнө нь архидаад явсан хүмүүсийн ул мөрийг ч угааж арчаагүй. Эвгүй эхүүн үнэн сэнгэнэж, энд тэндгүй хог новш хөглөрнө. “Бид нар амрах гэж ирсэн шүү дээ…” гээд жаахан хэл үг хийвэл “Тэгвэл явахгүй юу, наана чинь орох гэсэн хүн өч төчнөөн байна” гэж тавлана. Ер нь ийм газар зөвхөн хоног төөрүүлж л болдог бололтой. Яагаад гэвэл “Амрагчдын мөрдөх журам” гээд айхтар том цаас хананд нь наалттай байдаг юм билээ. Тэр журмаас нь дурдвал, амралт зугаалгын “амин сүнс” болсон хорхог, боодог хийх хориотой. Өглөөний 10.00 цаг гэхэд амралтын газраас явахгүй бол цаг тутамд таван мянган төгрөг төлөх ёстой. Хог хаявал… төгрөгөөр торгоно гээд л хөвөрч өгнө. Гаднаа ганц ч хогийн сав тавиагүй байж шүү. Яг үнэндээ одооны амралтын газруудад хүн амрах хориотой юм байна. Харин стресс дээрээ стресс нэмж, сэгсийтэл бухимдая гэсэн гаж сонирхолтой хүмүүс байвал хан уулын ар, хатан Туулын хөвөө дагуух “Амралт” нэртэй “Бухимдуулах” газруудыг зорьж болно.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин