Өндөр үнэтэйг нь авах юм бол өрсөлдөөнт сонгон шалгаруулалт гэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Өндөр үнэтэйг нь авах юм бол өрсөлдөөнт сонгон шалгаруулалт гэх үү?

УИХ-аар олны нэршиж заншсанаар тендерийн тухай хуулийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болжээ. Уг хуульд эм, эмнэлэгийн хэрэгслийг худалдан авахдаа өндөр үнэтэйг нь худалдан авдаг болох заалт оруулсан юм байх.

Анх 2000 онд УИХ-аар батлагдсан хуулийг төрийн (олон нийтийн) мөнгөөр элдэв юм авахдаа өрсөлдүүлж байж авдаг байх ёстой гэсэн зүй ёсны зарчимд үндэслэсэн боловсруулсан явдал нь уг хуулийн амин сүнс нь юм. Төрийн хэмээх оноосон эзэнгүй өмчийг захиран зарцуулахад чухал үүрэгтэй энэхүү хуулийн зорилго нь төрийг дээрэмдэж бэлжих гэсэн төрд шургалагчид хийгээд түүнд өндөр үнээр чанаргүй бараа шахчих гэсэн бизнесүүдийг зайлуулан олон нийтийн нүдэн дээр өрсөлдөөд хэн шаардлага хангахуйц бараа, үйлчилгээг боломжийн үнээр санал болгоно түүнийг нь худалдан авдаг болох явдал юм.

Дэлхий дээрх эм эмнэлэгийн хэрэгслийн худалдааны томоохон оролцогчдын нэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангаас эхлээд бидний хөгжлийн түвшинг нь гайхан мэлэрдэг олон улс орон, тэр бүү хэл улс төрийн хамгийн хаалттай тогтолцоотой гэгддэг Хятад хүртэл өрсөлдүүлэн байж нийтийн өмчийг зарцуулах нийтлэг зарчимд тулгуурлан эмийн худалдан авалтаа хийдэг. Учир нь өрсөлдөөн байгаа газарт л харилцан бие биенээ хянах сонирхол бий болж шударга ёс тогтохын үндэс болно. Өрсөлдөөнийг даган тэсч үлдэх, ялан дийлэх эрмэлзэлд тулгуурласан бизнесийн эрүүл харилцаа бий болно. Харин өрсөлдөөн байхгүй бол суларч сулбайгаад, өргүүлж тойгдуулахдаа тулдаг жам бий. Өрсөлдөж гэмээ нь бизнесмэнүүдэд илүү чанартайг илүү бага үнээр нийлүүлэх сонирхол бий болж эцсийн дүнд нь олон нийт хожих болно, энэ бол хууль. Гэтэл өрсөлдөөнийг бий болгож байдаг, өрсөлдөх шалтгаан болж байдаг үнийн хүчин зүйлийг үгүй хийнэ гэдэг юу гэсэн үг вэ, бүр эсрэгээр нь өндөр үнэтэйг нь авна гэдгийг юу гэж ойлгох вэ. Үнэ гэдэг бол тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан хөдөлмөр, капитал, технологи, оюуны бүтээл, үйлдвэрлэгчдийн ашгийн хандлага, хэрэглэгчийн хүлээлт, халаасан дахь мөнгө, валютийн ханш, хөрөнгө оруулалт хийх эрмэлзэл болон энд дурдаагүй өөр маш олон мэдээллийг агуулсан индикатор. Энэнийг нэг улс төрч ч юмуу, эсвэл хэдэн эдийн засагч дураараа тогтоогоод өөрчлөөд байдаг юм биш. Гэтэл тендер зарлаад өндөр үнэтэйг нь авна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Эм үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид тендерт ороод хэн өндөр үнэ санал болгосон нь нийлүүлэх болж байна уу…  Хэн нь өндөр үнэ өгөх вэ гэдэг уралдаан болох юмуу. Тендерийг ингэж явуулдаг болчихвол татварын орлогоороо зөвхөн эм авч хүрэхүү таминь!!!

Ер нь эмийн асуудлыг анх тавихдаа Монгол хүнд тохирохгүй эм ирлээ, чанаргүй эм авлаа гэснээс үүдэлтэй. Монгол хүний физиологийн онцлог энэ тэрд нь европ, эсвэл хятадад үйлдвэрлэгдсэн илүү зохицдог гэсэн судалгаа хаана ч байхгүй. Онцлог байлаа ч ийм асуудлыг улс төрчид шийдчихдэг гэхэд итгэмгүй.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лав манайх шиг эмийг шошгоор нь ангилаад байдаггүй юм билээ. Харин эмийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа найрлагаар нь, химийн нэгдэлээр нь ангилдаг юм. Дэлхийн хаана ч энэ жишиг үйлчилнэ, учир нь дэлхийн хаана ч бүр арьс нь хар өнгөтэй нь ч өөрийн онцлогийг цөлх ухаанаараа тайлбарлахаас шинжлэх ухааныг арай илүүд үздэг бололтой.

Эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шат дамжлага, патиент гээд олон хүчин зүйлийн улмаас эмийн үйлдвэрлэл нь харьцангуй монопол болох шинжтэй, өндөр ашгийн эрмэлзэлтэй байдаг. Дээрээс нь нарийн мэргэшил, өндөр технологи шаарддаг тул хяналт тавихад төвөгтэй байдгаас эм үйлдвэрлэлийн салбарын ёс суртахууны асуудал хурцаар тавигддана. Тийм ч учраас өндөр хөгжилтэй улс орнуудын засгийн газар болон олон улсын байгууллагууд эмийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх, зохистой үнийн түвшинг барих тал дээр онцгой анхаардаг юм. Гэтэл манайд эсрэгээрээ хэн гэдэг эм үйлдвэрлэгч нь, эсвэл нийлүүлэгч нь лоббидсоныг мэдэхгүй ч шууд л Монгол хүнд тохирохгүй тухай тунхаглаж, монопол, картел үүсгэх бодлого явах юм.

Худалдан авах ажиллагаа бол цаад агуулгаараа маркетингийн онолуудтай эсрэг шинжтэй байдаг. Зах зээл дээр юмаа зарах гэж байгаа тал нь түүний онцлог талд тулгуурлан хэрэглэгчийг татах гэж оролддог бол худалдан авалт эсрэгээрээ хэрэгцээ, суурь шаардлагуудад үндэслэгддэг. Брэндчилэл нь бүтээгдэхүүний онцлог, маркетингийн талд тулгуурлагдсан байдаг бол худалдан авалтад брэндийг биш харин суурь шаардлагыг нь авч үздэг юм. Түүнийгээ техникийн тодорхойлолт (specificiation) гэж нэрлэнэ. Энэхүү техникийн тодорхойлолтод брэндийн нэрийг заахыг хориглодог. Хэрэв нэг брэндийн нэрийг заачихвал нөгөө өрсөлдөөний зарчим алга болчихоор тэр шүүдээ. Өөрөөр хэлбэл худалдан авалт хийж байгаа этгээдэд тухайн зүйл нь юунд зориулж хэрэглэх, ямар шаардлага хангасан байх ёстой нь нь чухал болохоос биш зайрмаг худалдаж авч байгаа хүүхэд шиг гоё цаас, юмуу хэрэглээний мэдрэмжид үндэслээд байж болохгүй гэсэн үг. Тиймээс худалдан авагч тал наад зах нь ямар шаардага хангасан байх ёстойгоо сайн тодорхойлох ёстой. Энэнээс л чанартай, эсвэл чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах нь шийдвэрлэгддэг.

Орчин үед наад захын шаардлага гэдэгийг нь олон улсын стандартууд томьёолдог болжээ. Эм, эмнэлэгийн хэрэгсэл, бүр Ламбаа сайдын нэмж санал болгосон тоног төхөөрөмж хүртэл олон улсын стандарттай. Зөвхөн төрөх орны стандартыг баталгаажуулсан заалтыг үзэхэд л төмөрийн гангийн найрлагаас эхлээд гадна талд нь бактери тогтохоос сэргийлсэн нунтагаар хийсэн түрхэцтэй байх ёстойн дээр, өндөр урт өргөнийг яг таг зааж, ази болон намхан нуруутэй эмч өвчтөнд зориулсан тохируулагчтай энэ тэрийг нь хүртэл заачихсан байдаг юм билээ.

Үнэхээр л хүн амынхаа аюулгүй байдалд санаа зовоод яваа юм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын батламжилсан, дээрээс нь Олон улсын стандартын байгууллагын сертификатыг эмийн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн бүх шатанд хангасан бүтээгдэхүүнийг худалдан авнаа гээд тендерийнхээ материалд заачих л даа. Тэгээд ирсэн саналуудыг яс хянаад, тэр дагуу үйлдвэрлэгдэж, хадгалж, тээвэрлэдэг гэдгийг дээрх олон улсын байгууллагууд батламжлаад гэрчилгээ энэ тэр юмаа өгсөнүүдээс нь л хамгийн бага үнэтэйг нь сонгочих. Эсвэл дэлхий нийтийн зүй ёсны энэ зарчимаас зөрөөд Монгол хүнийг эмчлэхэд ямар эм илүү таарахыг манай тендерчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын стандартын байгууллагаас илүү мэддэг болж таарах уу.

Энэний дараа чанаргүй эм авчихлаа тэднийх л сайн гэх үү. Эсвэл хямдыг нь авлаа гэх үү. Худалдан авах ажиллагааны зарчимд ийм шаардлага тавьсан үнийг хамгийн сайн үнэ гэж үздэг юм. Түүнээс эрхэм гишүүдийн яриад байгаа шиг хямд үнэ биш.  Өрсөлдөөний хүчин зүйл үнийг хэрэгсэхгүй болгон гэсэн утгагүй зүйл гэж байх уу. Тэнэглэл туйлдаа хүрч УИХ дээр гарч байгаа шийдвэрт тусгалаа олж байгаа нь үнэхээр харамсалтай.

М.ЧИМЭДДОРЖ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж