Элсэлтийн ерөнхий шалгалтад орж буй шалгуулагчид өнөөдөр хоёр дахь шалгалтаа өгнө. Өнгөрсөн пүрэв гарагт түүх, хими, англи хэлний шалгалтыг авсан билээ. Эхний шалгалт өгсөн өдөр ЭЕШ-д орж буй шалгуулагчидзайлшгүй авч очих таван төрлийн материалынхаа заримыг мартсан тохиолдол гарчээ. Тиймээс бүрдүүлж авч очих материалуудаа мартахгүй байхыг Боловсролын үнэлгээний төвөөс сануулсан юм. Өнөөдрийн хувьд газарзүй, математик, биологи, монгол хэлний шалгалт авна. Гол нь шалгалтандаа цагтаа ирэх, бүрдүүлэх таван бичиг баримтаа мартахгүй байхыг шалгуулагчдад сануулж байна.
ЭЕШ-Д ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ВЭ?
ЭЕШ зохион байгуулах журмын гуравдугаар зүйлд зааснаар:
3.9.1. Бүртгэлийн хуудас
А. Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг /дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх
3.9.2. Суудлын хуваарь
3.9.3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
3.9.4.Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
А. Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
3.9.5. ЭЕШ-д орох эрхийн бичиг
Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсныг гэрчлэх бичиг зэргийг авчрах шаардлагатай.
Б.ЗАЯА