Долларын урсгал сэргэх үү?

Хуучирсан мэдээ: 2015.06.20-нд нийтлэгдсэн

Долларын урсгал сэргэх үү?

Чуулганы хуралдаанаар Гацууртын ордыг ашиглах тогтоолын төсөл унахтай зэрэгцээд долларын ханш огцом өсөв. Дөрөвдүгээр сараас хойш үргэлжилсэн уналт үзүүлж, 1879 төгрөгт хүрсэн ам.долларын ханш эргээд 1920 төгрөг болж өсөөд байна.

Өнгөрсөн тавдугаар сард Худалдаа хөгжлийн банк Засгийн газрын баталгаатай 500 сая долларын бонд амжилттай арилжсан хийгээд Оюутолгойг хөдлөхөөр болсон гэх мэдээлэл төгрөгийн ханшийг сэргээсэн бол Гацууртын төсөл уналаа гэх мэдээ эсрэгээрээ долларын ханшийг 1885-1920 болгож, 35-40 төгрөгөөр хөөрөгдлөө.  Долларын ханшаар илэрч байгаа эдийн засгийн энэхүү тогтворгүй байдал хэр удаан үргэжлэх вэ гэсэн асуулт тавигдаж байна. Засгийн газрын зүгээс 350 сая хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээний юаниар илэрхийлэгдсэн үнэт цаас гаргахаар болсон. Цаашлаад нэг тэрбум  доллартай тэнцэхүйц үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахаар болсон юм.

Тодруулбал,  Засгийн газрын 2015 оны 217 дугаар тогтоолд заасны дагуу олон улсын зах зээлд 3,5 жилийн хугацаатай, 350 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний юаниар илэрхийлэгдсэн Засгийн газрын үнэт цаас гаргахтай холбогдуулан Дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн гэрээг шинэчилж, шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд Агентийн гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ, Үнэт цаасны үнэ тогтоох баримт, Тооцооны агент томилох тухай гэрээ болон үнэт цаас гаргахтай холбоотой бусад гэрээ, хэлэлцээрийн талаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээ хийж, гарын үсэг, зурахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрсөн юм.

“Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг”-т туссан өрийн үйлчилгээний төсөвт үзүүлэх ачааллыг жигдлэх, Засгийн газрын өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах зорилтын хүрээнд төсвийн хэрэгцээ шаардлага болон олон улсын зах зээлийн тааламжтай нөхцөл байдалтай уялдуулан эхний ээлжид 3,5 жилийн хугацаатай, 350 сая ам.доллартай тэнцэх юанийн үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаална. Энэ нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, дотоод үнэт цаасны өрийн зохицуулалтын аргахэмжээавах, төлбөрийн тэнцлийг дэмжих зорилготой бөгөөд Өрийн удирдлагын тухай хуульд заасан Засгийн газрын гадаад үнэт цаас гаргах зориулалттай нийцэж байгаа аж.

Тиймээс долларын ханшийн өсөлт удаан үргэлжлэхгүй, хэрэв  Оюутолгойн  далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах 4.2 тэрбум долларын санхүүжилтын асуудал шийдэгдвэл  намраас долларын ханш буцаад буух болно гэдгийг эдийн засагчид хэлж байна.  Мөн олон улсын зах зээлд 5,5 жилийн хугацаатай, 350 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний юаниар илэрхийлэгдсэн Засгийн газрын үнэт цаас амжилттай арилжвал долларын ханш буцаад буух боломжтой юм байна.  Хэрэвзээ Оюутолгойн санхүүжилт наадмын дараахан шийдэгдвэл оны эцэс гэхэд долларын ханш 1800 төгрөгтэй тэнцэх магадлалтай байгаа аж.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж