Дэлхийн банкны шинжээчид ам.доллар 2025 он гэхэд дэлхийн нөөц валют байхаа болино хэмээн таамаглаж, албаны ёсны тайландаа энэ тухай онцолжээ. Өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудын бараа эргэлт үүнд хамгийн их нөлөөлөх юм. Бразиль, Хятад, Энэтхэг, Индонез, ОХУ, Өмнөд Солонгос дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний тал хувийг бүрдүүлж байгаа. Тиймээс ам.долларын зах зээл хумигдахад эдгээр орон голлох үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар ноён доллар өөрийн байр суурийг евро, юаньтай хэдийнэ хуваалцаад эхэлжээ. Үүний шалтгаан нь сүүлийн үед олон улсын худалдаанууд ихэвчлэн гурван талт хэлэлцээрийн үндсэн дээр явагдах болсон ба Хятад тэргүүтэй орны зүгээс зөвхөн юань ашиглах санал гаргаж байгаатай холбоотой юм. Ам.доллларын хүч нөлөө сулрахад хамгийн их нөлөөлж буй зүйл нь юань.
Хятадын бодлого боловсруулагчид юанийг дэлхийн нөөц валют болгоход чиглэсэн бодлого баримтлах болно гэдгээ мэдэгдсэн. Юанийн ханшийг ам.доллараас уяснаас болж гарсан маргаанаас үүдээд Хятад, АНУ-ын харилцаа валютын асуудал дээр нэлээд хурцадмал хэвээр байгаа. Гэхдээ үүнээс үл хамааран Хятадын Ардын банкны зөвлөх Ли Даокуй “The Globe and Mail” сонинд өгсөн ярилцлагадаа “Хятадын Засгийн газар хөрш орнуудтайгаа хийх худалдаанд юанийг ашиглах замаар олон улсын тавцан дахь нөлөөг нь нэмэгдүүлж, дэлхийн нөөц валют болгохоор эргэлт буцалтгүй зорих болсон” хэмээн онцолжээ. Ямартай ч хятадууд ойрын 5-10 жилийн дотор ам.долларын байр суурийг булаахыг зорьж байгаа юм. Ингэхийн тулд юун түрүүнд Хятадын эдийн засгийг ам.доллараас хараат бус байлгах, үүгээрээ дамжуулан олон улсын шинжтэй хямралд өртөхгүй байх нөхцөлийг нь бүрдүүлнэ. Хоёрдугаарт, олон улсын санхүүгийн тогтолцоо тогтворгүй байгаа өнөө үед хөрөнгө оруулагчдын анхаарлыг юань руу хандуулах замаар ам.долларт итгэх итгэлийг нь сулруулах оролдлого юм. Юань үнэхээр дэлхийн нөөц валют болж чадвал Хятадын хувьд эдийн засгийн хүчин чадал нь огцом өсөхийн зэрэгцээ бусад улс оронтой дипломат харилцаагаа өргөжүүлэх боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засаг Хятадаас бүрэн хамааралтай болох юм. Харин шинжээчдийн үзэж байгаагаар тус улс нөөц дэх ам.долларын хэмжээгээ багасгахгүйгээр юанийг дэлхийн нөөц валют болгох боломжгүй. Одоогийн байдлаар Хятадын гадаад валютын нөөцөд 1.14 их наяд ам.доллар байгаа билээ. Хэдийгээр энэхүү асар их тоог бууруулж чадахгүй байгаа боловч энэ оны эхний улирлын байдлаар Хятад улс гадаад худалдааныхаа долоон хувийг юаниар хийж, Хонконгийн банкны тогтолцоон дахь юанийн хадгаламж өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцэс гэхэд 80 тэрбум ам.доллартай дүйцэхүйц хэмжээнд хүрчээ. Энэ нь 2009 оны долдугаар сарынхтай харьцуулахад ес дахин нэмэгдсэн дүн юм. Тиймээс юань ам.долларын байрыг эзлэх нь цаг хугацааны асуудал болсон ч байж болох. Харин Евро бүсийн хямралаас болоод еврогийн байр суурь юаньтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй байгаа билээ.
Энэ үед ам.доллар юу “хийж” байна вэ. Холбооны нөөцийн сан их хэмжээний ам.доллар хэвлэснээс болж ханш нь унасан. Хэдийгээр АНУ-ын бодлого боловсруулагчид эдийн засгаа иймэрхүү байдлаар дэмжиж болохгүй гэдгийг ойлгож, ойрын хугацаанд мөнгөний тэлэх бодлого баримтлахгүй байхаар шийдсэн боловч энэ нь хэтэрхий хожимдсон ухаарал байж болох юм. Ямартай ч өнөөдөр хөрөнгө оруулагчид ам.долларт итгэхгүй байна. Хэтэрхий бага ханштай, мөн асар их өртэй АНУ-ын Засгийн газрын бодлогоос хамаараад эдийн засаг нь хүчирхэг байхаа болих дээрээ тулаад байгаа энэ үед ам.доллар руу гараа сунгахдаа хүмүүс эргэлздэг болжээ. Тус улсын төв банкнаас явуулсан “QE II” хөтөлбөрийн хэрэгжилт энэ сард дуусна. Гэтэл АНУ-ын эдийн засаг одоо болтол тогтвортой болоогүй, үйлдвэрлэлийн индекс нь буурсаар байгаа. Түүнчлэн шинээр ажил эрхэлж буй хүмүүсийн тоо хэсэг хугацаанд өссөн боловч дахин буурах хандлага ажиглагдаж эхэлжээ. Үүнээс гадна инфляцийн өсөлт нэлээд санаа зовоосон асуудал болсон. Магадгүй удахгүй Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо чангаруулж эхлэхийг үгүйсгэхгүй. Энэ бүхнээс үүдээд Америкийн мөнгөн тэмдэгт болох долларт итгэх итгэл суларсаар байна.
Ам.долларын ханш 2010 оноос хойш энэ оны тавдугаар сар хүртэлх хугацаанд унасан. Гэхдээ Евро бүсийн орнууд дахин хямарч эхэлснээс үүдээд ам.долларын евротой харьцах ханш чангарах болсон билээ. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд ноён долларын ханш үе үе өсч байгаагийн шалтгаан нь еврогийн хэлбэлзлээс хамааралтай юм.
Ямартай ч ам.долларын хүч нөлөө суларч байгааг нотлох мэт өнгөрсөн оноос Франц, Бразиль тэргүүтэй орнууд шинэ нөөц валюттай болох тухай санал гаргаж эхэлсэн. Олон улсын валютын сан ам.доллараас гадна өөр хэд хэдэн валютын сагсаар нэрлэсэн бонд арилжаанд гаргасан аж. Уг бондод Хятад, ОХУ олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. “Оmnis” хөрөнгө оруулалтын газрын шинжээч Жеймс Рикардс “ОУВС-ийн энэ үйлдэл нь ойрын 2-5 жилийн дотор ам.доллар дэлхийн нөөц валют байхаа болиход хүргэнэ” хэмээн онцолжээ. НҮБ-ын “Дэлхийн эдийн засаг, нийгмийн тухай судалгаа 2010”-т “Дэлхийн валютын нөөцийн тогтолцоо өөрчлөгдөж, ам.доллар хэмээх ганц валютаас хамаарахаа больж байна” гэдгийг тэмдэглэсэн байдаг. Одоо Дэлхийн банкны шинжээчдийн дүгнэлт ч гарлаа. Яг л ам.долларын мөхлийг даллан дуудах мэт.
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин