Хэд хэдэн Засгийн нүүр үзэж, тодорхой хугацаанд боловсруулагдсан Захиргааны ерөнхий хуулийг өнөөдөр УИХ-аар эцэслэн баталлаа. Хуулийн төслийг гишүүдийн 80.9 хувь нь дэмжсэн юм.
Хуулийн төсөл батлагдахын өмнө УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай. Болохоос нь болохгүйг хүртэл хэрэгжүүлэх гэж оролдоорой” гэж захисан.
УИХ-ын дарга З.Энхболд “Захиргааны ерөнхий хуулийг боловсруулахад олон хүний оролцоо, мөн олон жилийн хөдөлмөр орсон. Хуулийн төслийг боловсруулахад голлон ажилласан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье” гэлээ.
Хуулийн төслийг батлагдсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодрууллаа.
–Олон жил дуншсан Захиргааны ерөнхий хууль өнөөдөр батлагдлаа. Хууль батлагдсанаар ямар эрхзүйн шинэ орчин бий болж байна гэж ойлгох вэ?
-Захиргааны ерөнхий хууль ардчилсан эрхзүйт төртэй улсын тулгуур хууль. Ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа орохуйц гэж үнэлдэг. Социалист нийгэмд гэмт хэрэгтнийг шийтгэх Эрүүгийн хууль чухалд тооцогддог. Гэтэл захиргааны дур зоргоос иргэний эрх чөлөө, хууль ёсны эрхийг хамгаалах зохицуулалт социалист нийгэмд байдаггүй. Ардчилсан нийгэм бол захиргааны дур зоргоос хүний эрхийг хамгаалах, захиргааны дур зоргыг хуулиар хязгаарладаг гэдгээрээ ялгардаг. Энэ утгаараа Эрүүгийн хууль, иргэний хуультай ач холбогдлоороо эн тэнцэхүйц. Ийм хуулийг баталсан нь хуульзүйн салбарын, ардчилсан Монгол Улсад түүхэн үйл явдал болж байна. Цагийн эрхээр хуулийг шинэчилж, өөрчлөлт оруулах байх. Харин огт байхгүй болно гэж байхгүй. Энэ бол ардчилсан нийгэмд байх ёстой стандарт. Хуучин захиргааг намын үзэл суртлаар зангидаж байсан бол ардчилсан нийгэмд шилжсэнээр захиргаа юунд захирагдаж, хаана зангиддагдах нь тодорхойгүй задгайрсан. Үүнийг л нэг стандартад оруулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл захиргааны алба хашиж байгаа 16 мянган алба хаагчийн үйл ажиллагаа хуулийн дор очно. Тэд иргэнтэй хуулийн хүрээнд харьцдаг, тэр баталгааг нь хангах Захиргааны хэргийн шүүхэд гол суурь хууль нь болж байна. Эрүүгийн хэргийн шүүхэд эрүүгийн хууль, иргэний хэргийн шүүхэд иргэний хууль гол байдагтай адил Захиргааны хэргийн шүүхийн гол хууль нь Захиргааны ерөнхий хууль байх нь. Хуулийн ач холбогдлыг цөөн хэдэн өгүүлбэрээр хэлэх боломжгүй. Ач холбогдол бол үнэлж баршгүй.
-Төрийн албан хаагчдад нэг талаар халгаатай хууль гэдэг зүйл хэлэлцүүлгийн явцад яригдаж байсан. Нөгөө талаас төрийн албан хаагч хуулийн хүрээнд ажиллах нөхцөл бүрдэж байгаа юу?
-Төрийн албан хаагчдад нэг талаас ээлтэй. Өмнө нь төрийн албан хаагчийн гаргасан шийдвэр хуулийн үндэслэлтэй болох нь тодорхойгүйгээс эргээд асуудалд орох тохиолдол их байсан. Нөгөө талаас төрийн албан хаагчид хүнд сурталтай гэж шүүмжлүүлдэг. Одоо хууль нь тодорхой болчихоор хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явна. Шүүхэд асуудал ирлээ гэхэд захиргааны алба хаагч үндэслэлээ хуулийн дагуу гаргаж тавиад унахгүй байх баталгааг бий болгоно. Захиргааны ерөнхий хуультай улсуудад захиргааны алба хаагч нар шүүхэд бараг ялагдахаа больдог. Хууль нь тодорхойгүй байхад хувийнхаа үзэмжээр юмуу дур зоргоороо асуудалд хандах, хуулийн хоосон орон зайг ашиг сонирхолдоо ашиглах, даргынхаа зааврыг биелүүлэх зэрэг асуудал гарч байсан. Энэ нь хүний эрхийн асар том зөрчилд хүргэдэг, хүмүүсийг чирэгдүүлэх зэрэг сөрөг байдалд хүргэдэг. Энэ бүхнийг хуулиар хязгаарлаж байна гэсэн үг.
-Хуулийн хэрэгжих хугацааг нэг жилийн дараа байхаар тогтлоо. Яагаад ингэж тогтоосон бэ?
-Суурь хууль учраас дагаж мөрдөх хугацааг бүтэн жилийн дараа байхаар тогтсон. Энэ хугацаанд төрийн албан хаагчдыг сургах, нэгдсэн ойлголттой болох, төрийн захиргааны байгууллага, Засгийн газын түвшинд бэлтгэлээ сайн хангах ёстой.
-Хуулийн төсөл үе үеийн Засгийн газрын нүүр үзсэн. Хуулийг батлах сонирхол яагаад бага байв?
-Үе үеийн Засгийн газрыг тэргүүнүүд төдийлөн дэмждэггүй байсан. Засгийн газар, яам агентлагийн хуулийн дор очоод хэт хуулиар баглуулчихна гэдэг айдас байсан нь үнэн. Хуулийн төсөл дээр Хуульзүйн яам, Ажлын хэсэг сайн ажилласан. Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн засаглалтай Монгол Улс болох томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд гол хууль нь Захиргааны ерөнхий хууль байсан. Тиймээс хуулийг батлан гаргахад санаачлага гаргаж ажиллаад УИХ-аар батлуулж байна.
-Өчигдөр дагалдах хуулиудыг татан авсан. Ямар үндэслэлээр дагалдах хуулиудыг татсан бэ?
-Захиргааны ерөнхий хууль суурь шинжтэй учраас 200-аад хуультай уялдаж байгаа. Энэ утгаараа нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нэгэнт үйлчлэх хугацаа нь уужуу байгаа юм чинь Засгийн газрын газраас дагалдах өөрчлөлтүүдийг цогцоор нь шинэчлэн найруулж оруулж ирэх нь зүйтэй гэж УИХ үзсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс дагалдах хуулиудаа татаад УИХ-ын тогтоолын төслийг оруулсан. Энэ утгаараа татаж авсан байгаа. Энэ дашрамд хуулийн төслийг боловсруулахад ихээхэн чармайлт гаргаж ажилласан Хуульзүйн яам, Ажлын хэсэгт орж ажилласан эрдэмтэн багш,судлаач, хуульчид, УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлье.
С.ОТГОНСҮРЭН