М.Жадамба: Газрын маргаан бүрэн арилна

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

М.Жадамба: Газрын маргаан бүрэн арилна

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өнгөрсөн жилээс цахимаар газар өмчлүүлж эхэлсэн. Үүнээс хойш газрын бусад харилцааг цахимаар шийдвэрлэх асуудал яригдаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ ажил үндсэндээ дуусч ирэх сараас цахим системийг туршилтаар ажиллуулж эхлэхээр болжээ. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Жадамбаас тодрууллаа.

-Газрын албаны үйлчилгээг ирэх сараас цахимаар авдаг болно гэж байна. Бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Газрын харилцааг цахимд шилжүүлэх ажил өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн. Ажил үндсэндээ дуусч байна. Ирэх долдугаар сараас цахим системийн туршилтын ажил эхэлнэ. Туршилтыг 12 дугаар сар хүртэл явуулах юм. Ингээд үр дүнг тодорхой болгоод алдаа оноогоо засаад ирэх оны нэгдүгээр сараас бүрэн цахимд шилжих юм.  

-Архивын материалыг цахимжуулах ажил эхэлсэн үү?

-Бидний тооцоолж буйгаар 17 мянган иргэний 240 мянган ширхэг архивын материал бий. Эдгээрийг форматалж нэг загварт оруулах ажил эхэлнэ. Ингээд газрын харилцааг энэ онд багтааж бүрэн цахимжуулж дуусна.

-Газрын кадастр нь давхардсан асуудал олон үүсдэг. Цахим системд шилжихээр энэ асуудал яах вэ?

-Цахим системд шилжсэнээр энэ асуудал үүсэхгүй. Учир нь системд нэг газрыг давхардуулж бүртгэнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс цаашид энэ асуудал бүрэн арилна гэж үзэж байна.

 -Үүнээс гадна гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд газар өмчлүүлсэн. Эдгээр иргэд ипотекийн зээлд хамрагдах бол газраа барьцаалах талаар яригдсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж байна. Энэ мэтчилэн эрхзүйн орчин тодорхой болсны дараа ипотекийн зээлд барьцаа болгох асуудлыг авч үзэхээр түр хойшлуулсан.

-Ер нь гэр бүлийн зориулалтаар өмчилсөн газраа орон сууцны зээлд хамрагдахдаа барьцаа болгож болно гэсэн үг үү?

-Болно гэж үзсэн. Одоогоор эрхзүйн орчин тодорхой болоогүй учраас түр хойшлуулсан. Эрхзүйн асуудлыг шийдвэрлэсний дараа үүнийг тодорхой болгож шийдэх юм.

-Шийдвэрлэсэн тохиолдолд газрыг хэрхэн үнэлэх вэ?

-Тухайн газарт суурь үнэ тогтоохоор яригдаж байна. Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан газрын үнэ тогтоох аргачлалын дагуу тогтооно. Мэдээж дэд бүтэцтэй болоод үл хөдлөх хөрөнгөтэй болохоор газрын үнэ өснө гэсэн үг. 0.07 га газрыг 9.7 сая, 0.05 га газрыг 6.5 сая төгрөгөөр үнэлэхээр яригдаж байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж