Ардчилсан намын хөзрийн мод

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын хөзрийн мод

Жилийн дараа болох парламентын сонгуулиар улс төрийн намууд амалсан болон хийсэн болгондоо дүн тавиулна.  Aрдчилсан намын хувьд Н.Алтанхуягийн олж ирсэн 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа жижиг, том төслүүдээ арван зургаан оны сонгуулийн  “хөзрийн мод” болгон барьж орохоор төлөвлөж байгаа бололтой.  Ардчилсан намын дарга З.Энхболд УИХ-ын даргын хувиар “Чингис бонд”-ын хөрөнгөөр хэрэгжиж байгаа ажлын явцтай танилцаж, энэ тухайгаа нүүр номын хуудсаараа дамжуулан сурталчлахад ихээхэн анхаарах болсон байна лээ.

Хэдийгээр хэрүүл нь ил цагаандаа гарчихаад байгаа болохоос Ардчилсан намын засаглалын үед хийгдэж буй бүтээн байгуулалт цөөнгүйг Ардын намынхнаас бусад нь хүлээн зөвшөөрөх биз. Анхнаасаа л тэд  энэ зээл ирээдүйд дарамт болно гэж эсэргүүцэж байсан хүмүүс шүү дээ.

Айсуй сонгуулийн чимээнээр зургаан сайдын суудлаар амаа таглуулсан Ардын намынхны идэвхжил сэргэн, эргээд сөрөг хүчний дүрдээ оржээ. Тэд  Ардчилсан намыг муулж, шүүмжлэх ажлаа аль болох “Чингис бонд”-той холбох тактик барьж байгаа аж. Тухайлбал,  Ардын намынхны лхагва гариг болгон хийдэг “Морин цаг” мэдээллийн цагт Д.Хаянхярваа гишүүн оролцож, Ардчилсан нам гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийгээгүйг баахан шүүмжилжилсэн байна лээ.  Тэгж ярих юм бол Ардын намынхан 800 тэрбумаар яаж тансагласан билээ дээ. Сар болгон иргэддээ тараасан мөнгө нь Эрээнийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт болоод дуусан. Иргэдийн амьдралд наалдсан хийгээд эдийн засагт үлдсэн юм юу ч алга.

Хэдхэн жилийн өмнө түүхий эдгүй гээд хаалгаа барихдаа тулж байсан үндэсний үйлдвэрлэл эргээд сэргэх болсон нь  Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа 888 төслийн үр дүн гэж Ардчилсан намынхан амбицалж байна. Урьд өмнө нь нийслэлчүүд Улаанбаатарын замын түгжрэлд гэртээ харьж чадалгүй хонох дөхдөг байсан нь гашуун ч гэлээ үнэн.

Улс орны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас  гаргасан “Чингис бонд”-ыг Ардчилсан намынхан хөгжлийн хөшүүрэг, Ардын намынхан ирээдүйд үлдээх өр гэж харж байгаа юм. Аль, алиных нь зөв, гэхдээ  гол учир нь асуудлаа яаж харж байгаагаас хамаарна.   

2012 оны  арванхоёрдугаар сард анх удаа Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бондыг амжилттай арилжаалснаа Н.Алтанхуягийн Засгийн газар мэдээлж байснаас хойш гурван жил болох гэж байна. Тиймээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд Чингис бондын хөрөнгөөр юу, юу хийсэн бэ гэж Ардын намынхан асуух нь зөв. Ирэх 2017 оноос энэ зээлийн өрийг төлж эхлэх болохоор ингэж асуух нь зүйн хэрэг. Нэг засагт хамтарч байгаагийн хувиар ч эрж, сурж хяналт тавьж байх ёстой.  Нөгөө талаасаа үйлдвэржилтэд зарцуулсан энэ мөнгө эргээд эдийн засагт дэмжлэг болно гэж тооцож буй Ардчилсан намын бодлого ч зөв. Хэрэглээнийхээ барааны 80 хувийг импортоор оруулж ирдэг монголчууд ганцхан таавчиг оёод суугаад байж болохгүй шүү дээ. Өөрсдөө цемент, шохой үйлдвэрлэж, загасаа үржүүлж, өөр бусдыг нь экспортод гаргах эхлэл тавигдаж байгаа нь сайн хэрэг. Энэ талаас нь дүгнэвэл “Чингис бонд”-ын хөрөнгийг хөгжлийн хөшүүрэг гэж хэлж болно.

Үнэндээ “Чингис бонд”-ын хөрөнгө хаана, юунд зарцуулагдаж буй нь харин ч нүдэнд харагдахаар ил тод байгаа билээ.

Ердөө гурван жилийн өмнө Улаанбаатарын гудамж, талбай  хотын дарга нарын толгойны өвчин болдог байсан. Хог шороогоо ч цэвэрлэж чаддаггүй байлаа шүү дээ.  Харин өнөдөр хориглоно, хязгаарлана гэлээ хэмээн харааж зүхээд байгаа Э.Бат-Үүлийн үед хаа очиж Улаанбаатар цэмцийж, цэмбийж эхэлсэн. Өнөөдөр хотын гудамжууд “Гудамж” төслийн хүрээнд хэрхэн шинэлэгдэж байгааг хэлүүлэлтгүй харж буй биз. Гудамж төслийн хүрээнд нийтдээ 12 замын уулзварыг шинэчилснээр хотын түгжрэл 30 хувиар буурсан байдаг. Төслийн хүрээнд “Өргөө” кино театрын урд талын уулзварыг 1.6 тэрбум төгрөг, Саппорогийн уулзварыг 2.5 тэрбум төгрөг, Дарь-Эхийн уулзварыг 1.4 тэрбум төгрөг, 19 дүгээр хорооллын “NTV” телевизийн арын уулзварыг нэг тэрбум төгрөгийн өртгөөр шинэчилсэн талаар Хөгжлийн банкны вэб сайтад мэдээлжээ.

  "Танай нам дөрвөн замын уулзвар дээр хөшөө босгосон, манай нам дөрвөн замын уулзваруудыг шинэчилсэн" гэж Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр хэлсэн болохоос үнэн л үг.

Тиймээс бондын хөрөнгийг босгосон нь буруу биш гагцхүү энэ мөнгө зөв зүйлд зарцуулагдаж байгаа эсэх нь чухал. Төслүүд нь амжилттай хэрэгжиж байгаа юу, зээл нь цагтаа төлөгдөж  байна уу гэж Ардын нам асуух хэрэгтэй. Түүнээс өр, зээлээс айж,  хөрөнгө, мөнгө татахгүйгээр хөгжих боломж Монголд хомсхон.

Арван зургаан онд Ардчилсан намын иргэдээс олон санал зулгааж магадгүй хамгийн дорвитойхон ажил бол ипотекийн зээл. Энэ зээлийг Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа гэдгийг Ардын намынхан сайд мэдэж буй биз. Нийтдээ 74 мянган иргэн найман хувийн хүүтэй ипотекийн  зээлээр орон сууцтай болсон байна. Өмнө нь Ардын намын засгийн хувьд гурван удаа хэрэгжүүлсэн  иргэдээ оронсууцжуулах хөтөлбөрүүд ийм амжилт дагуулж байгаагүй юм. Чухам иймээс л Ардчилсан намын атганд байгаа “хөзрийн мод” Ардын намыг айлгаж байна гээд хэлчихэд гэмгүй биз. Тэгээд ч Ардын намын энгийн гишүүд ипотекийн зээлээр байр авсан байж таарна. Тэгэхээр “Чингис бонд” хаана байна гэж хашгирахаасаа илүү бондын хөрөнгөөр босч байгаа төслүүд амжилттай яваа эсэхэд анхаарлаа хандуулчих хэрэгтэй шүү дээ.  Харааж шүүмжлэхээс илүү, хяналт бас дахин хяналт хэрэгтэй бус уу?

 Ж.ЭРХЭС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж