Хятадад юу болоод байна вэ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Хятадад юу болоод байна вэ

Сүүлийн үед Хятадын хан үндэстэн болон  өвөрмонголчуудын хооронд  дэлхий нийтийн анхаарал татсан  үл ойлголцол өрнөөд байна. Сонин, хэвлэл,  сайтуудын мэдээллээс үзэхэд зүгээр нэг  үл ойлголцол биш нэлээд нухацтай, цаашдаа ямар ч үр дагавар дагуулж мэдэх үйл явдал болж байгаа нь тодорхой. Энэ талаар  барууны орнууд  илт  сонирхож,  БНХАУ-ыг шүүмжлээд амжсан. Хэрэг явдал юунаас эхэлсэн бэ гэхээр Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөт хошууны малчин залуу Мэргэнийг хятад жолооч хүнд даацын машинаар  дайрч   амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Гэвч бүс нутгийн шүүх уг хэргийг  хэрэгсэхгүй болгож хан үндэстнийг суллаж явуулсан юм. Үүнийх нь хариуд өвөрмонголчууд хэр хэмжээндээ таарсан жагсаал хийсэн талаар мэдээллийн агент­лагууд дамжуулж байлаа. Гэтэл зөвхөн энэ ч биш хэдэнтээ  жагсаал болж олон нийтийг хамрах төлөвтэй болмогц хятадууд төрийн “төмөр нударгаа” үзүүлсэн ажээ. Тухайлбал,  жагсаалд оролцсон  багш оюутан  нараас  зарим нь  ор сураггүй алга болсоор байгаа тухай олон улсын хэвлэлд  гарсаар байна. Гэхдээ энэ нь нотлогдоогүй мэдээлэл.

Өчигдөр www.news.google.com сайтад “Өвөрмонгол залуу Монгол руу зугтан ирсэн” талаар мэдээлсэн  байсан. Мөн АНУ дахь Вашингтон хотод оршин суудаг өвөрмонголчууд “Хятадууд  биднийг  дарангуйлж байна.  Бид эрх чөлөөт нийгэмд амьдармаар байна” гэсэн уриа лоозон барьж жагсаал хийжээ. Харин Өвөрмонголд жагсаал хийсэн оюутнуудын заримыг нь баривчилж, одоо болтол суллаагүй талаар www.voanews.com сайт мэдээлсэн байх  юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар жагсаал гарсан болон өвөрмонголчуудын хүм ам ихтэй бүс нутгийн утасны сүлжээ, интернэт болон харилцаа холбоог тасалсан бололтой.  Гэвч энэ тухай БНХАУ –ын  албаны хүмүүс тодорхой тайлбар өгөөгүй байгаа аж.
CNN агентлаг  “Өвөрмонголын өөртөө засах орон нь Хятадын хууль хяналтын гаргасан шийдвэрт эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсаал хийж байна. Хятадад хүний эрхийн талаар олон улсын байгууллагууд үг хэл гаргадаггүй бололтой” гэж мэдээлсэн юм. Энэ нь цаагуураа Хятадыг буруутгаж байгаа бололтой.  

Английн улс төр судлаач, доктор Уорн Хагуй “Хятад улс “Бүгд найрамдах” гэдэг үгийг мартсан бололтой. Хятадын хүн ам хэчнээн их билээ. Мэдээж энэ  олон хүнийг  нэг чигт удирдан зохион байгуулна гэдэг амаргүй даваа. Хатуу чанд  хууль л  тэднийг номхотгож байгаа. Зарим үндэстэн ястны хооронд үл ойлголцол гарч л байдаг. Харин энэ удаагийн  жагсаал бол НҮБ-ын хүний эрхийн талаар авч хэлэлцэх том хэмжээний асуудал бололтой. Энэ улсад хүмүүсийг  дарангуйлах замаар засаг төрийнхөө эсрэг жагсах зүрх зориггүй болгодог нарийн ухаан зуу зуун жилээр уламжлагдан ирсэн. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд энэ талаар ямар нэг мэдэгдэл хийхгүй байгаад гайхаж байна. Хэрвээ энэ улсад иймэрхүү  бослого гарсаар байвал бүгд найрамдах бус харин хан үндэстэй Хятад улс болон хувирах вий. Хэрвээ тэд өвөрмонголчуудыг энэ хэвээр дарлаад байх юм бол Хятадад багтаж байгаа Тайвань болон баруун бүсэд оршдог төвдүүд хүртэл эсэргүүцэн босч магадгүй юм. Хэрэв ийм зүйл болох аваас Хятадын хүчирхэг гүрэн цаашид оршин тогтнох эсэх дээр эргэлзээ гарна” гэж бичсэн нь ойрын хэдэн өдрийн хамгийн сонирхол татсан дүгнэлт болоод байгаа юм.

Мөн “Гуардиан” агентлагийн мэдээлж байгаагаар “Хятадын эдийн засгийн хувьд Өвөрмонголын газар нутаг чухал ач холбогдолтой. Уул уурхай болон газар зүйн хувьд ч мөн адил. Өвөрмонголын  нутгийг тусгаар улс хэмээн төсөөлбөл Хятад улс ОХУ, цаашлаад Европ тивтэй холбогдох  шинэ гарц хайх хэрэгтэй болно” гэжээ. Ямартай ч өвөрмонголчуудын жагсаал дэлхийн анхаарлыг татах нь татжээ. Гэхдээ чухам юу болж дуусах талаар одоогоор таамаглах аргагүй. Жагсагчид алга болсоор байх уу, эсвэл Монгол руу зугтаж орогнол хайх уу гэдэг ч сонирхолтой билээ.

Б.БААТАР

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж