Өмнөд Солонгост тусгаарласан хүний тоо багасчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост тусгаарласан хүний тоо багасчээ

 

Өмнөд Солонгост титэм вирусын халдвартай 24 дэх өвчтөн нас барсан ч шинээр халдвар авсан ганц л хүн бүртгэгджээ. Түүнчлэн титэм вирусын халдвар авсан байж магадгүй хэмээн сэжиглэн хөл хорьж, тусгаарласан хүний тоо 12 хувиар багасч, 5930 болсон байна.

 

Одоо тус улсад титэм вирусын халдвартай 112 хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 30 хүн бүрэн эдгэрчээ. Өмнөд Солонгост титэм вирусын халдвар тавдугаар сарын 20-нд анх илэрснээс хойш нийт 166 хүн өвчилсөн байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Маргарет Чан Өмнөд Солонгос улс халдварын тархалтыг тогтоон барьж чадсаныг сайшаажээ. Тэрээр Өмнөд Солонгосын засгийн газар титэм вирусын өвчлөлийн эсрэг тэмцлийг удаашралтай эхлүүлсэн ч системтэй, шуурхай арга хэмжээ авч чадсаны үр дүнд шинээр халдвар авсан хүний тоо буурсан гэв.

 

Үүний зэрэгцээ эрдэмтэд титэм вирусанд ямар нэгэн генетикийн өөрчлөлт ажиглагдаагүй гэдгийг мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж