“Хөгжил-Ардчилал” ТББ-аас цуврал болгон явуулж байгаа энэ удаагийн хэлэлцүүлэгт МУИС-ийн хууль зүйн сургуулийн эрх зүй судлалын тэнхмийн багш, хууль зүйн доктор, О.Мѳнхсайхан “Ардчиллын үнэт зүйлс”сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлаа. Ярианыхаа эхэнд олон улсын гэрээ конвенцэд хамгаалагдсан “Human dignity”-ыг эрхэмсэг оршихуй, нэр төр, алдар хүнд, хүнлэг чанар, хүний үнэлэмж зэрэг өөр өөр нэр томьёогоор орчуулж ирсэн. Дээрх ойлголтыг "хүний эрхэм чанар" (эсхүл “хүний эрхэм” гэх) гэж орчуулж хэвших нь илүү оновчтой. Энэ нь хуульчид төдийгүй бүх хүн баримтлах ёстой нийтлэг үнэт зүйл гэсэн юм. Тэрээр хэлэхдээ “ардчилалын үнэт зүйл юу вэ гэхээр хүмүүс ихэнхдээ мэддэггүй үнэт зүйлгүй болсон гэдэг. Гэтэл ардчилалын суурь үнэт зүйл нь хүний эрхэм чанар байдаг. Соён гэгээрлийн үеийн философичид хүний эрхэм чанарыг хүн бүр хүн болох хувьдаа адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг гэдгийг гаргаж тавьсан. Жишээ нь:, И.Кант энэ ойлголтыг олон янзаар тодорхойлсоноос хамгийн оновчтой нь "Хүн өөрийгөө эсхүл бусад хүнийг хэзээ ч зөвхөн арга хэрэгсэл гэж бүү ханд, харин ямагт зорилго гэж ханд." Энэ нь хүнийг ямар нэг зорилгод хүрэх арга хэрэгсэл эсхүл объект төдийгөөр хэзээ ч үзэж, харьцаж, хандаж болохгүй гэсэн үг. Жишээ нь, 10 хүний амь насыг аврахын тулд нэг хүнийг золиосолж болохгүй. Нийгмийн нийт гишүүдийн эрүүл мэндэд тустай гээд хэсэг хүн дээр өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр туршилт хийж болохгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх зорилготой гэдгээр хүнийг хэзээ ч эрүүдэн шүүж болохгүй. Хүн амын тоог өсгөх нь зүйтэй гэсэн төдий шалтгаанаар үр хөндөлтийг бүрэн хориглож эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлдэг машин шиг үзэж болохгүй. Хүн бүрт эрхэм чанар бий гэдэг нь хүн бүрийн амьдрал адилхан үнэ цэнэтэй гэсэн үг бөгөөд үүнээс хүндлэлийн тухай ойлголт гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, хүнийг хүндлэх гэж юу вэ гэсэн асуултад хариулах шаардлагатай болно. Хүндлэлийг ерөнхийд нь хоёр хувааж болно: ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ хүндлэл ба ҮНЭЛЭХ хүндлэл. Бид хүмүүсийг зан чанар, бүтээсэн зүйлийг нь үнэлж хүндэлдэг. Харамсалтай нь, зарим хүн ийм хүндлэл огт хүлээдэггүй. Гэхдээ энэ нь бид хүлээн зөвшөөрөх хүндлэлийг алдсан гэсэн үг биш. Хүлээн зөвшөөрөх хүндлэл нь хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрч хүндлэх тухай норматив ойлголт юм. Энэ нь хүний эрхэм чанар гэх ойлголтын цөм утгыг илэрхийлдэг” гэдгийг доктор О.Мөнхсайхан онцолж байсан юм. Мөн үнэлэх хүндлэл болон хүлээн зөвшөөрөх хүндлэл дээр жишээ авахдаа “ хуульчдаас та бүхний хувьд хамгийн их хүндлэл хүлээсэн хүнийг хэлнэ үү гэхэд ихэнхдээ Б.Чимид багшийг нэрлэдэг товчхондоо, хувь хүний хийсэн ажил, зан чанар зэргийг нь үнэлээд хүндлэхийг үнэлэх хүндлэл гэдэг. Гэвч, ийм хүндлэлийг хүн бүр хүлээж чаддаггүй. Хүлээн зөвшөөрөх хүндлэл гэдэг бол хүн бүрийг хэн байхаас нь үл хамааран хүнийх нь хувьд хүндлэх буюу хүний эрхэм чанартай гэдгийг нь хүлээн зөвшөөрч хүндлэх тухай юм. Жишээлбэл, 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршлын хамгийн эхэнд “Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүдийн төрөлх эрхэм чанар болон салшгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх эрх чөлөө, шударга ёс, эрх тайвны үндэс…” гэж бичсэн байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын оршил мөн адилхан өгүүлбэрээр эхэлдэг. Хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүд болон ардчилсан улсуудын үндсэн хуулиудад хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, хувийн амьдрал халдашгүй байх зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх талаар зааж, хамгаалах механизмыг тогтоосон байдаг. Хүний эрхэм чанар бол хүний эрх, эрх чөлөөний үндэс” гэж тайлбарласан юм.
Ийнхүү түүний ярилцлага олон санаa сэдэл ѳгсѳн араасаа олон үр дүнг дагуулахаар амжилттай болж ѳнгѳрлөө.
О.САР