Хөрөнгийн биржид бүртгэлтэй 300 гаруй компаниас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаг нь тун цөөхөн юм байна. 1993-2009 оны судалгаанаас харахад 2007 онд 40, 2008 онд 26, 2009 онд 16 компани л хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараажээ. Мэдээж ногдол ашиг тараахын тулд компани санхүүгийн хувьд чадамжтай байх ёстой. Харин ногдол ашиг тарааснаар компанийн нэр хүнд, хувьцааны ханш өсөх сайн талтай. Анх байгуулагдсанаасаа хойш хувьцаа эзэмшигчдэдээ тасралтгүй ногдол ашиг өгч байсан компаниуд “Улаанбаатар”, “Баянгол” зочид буудал зэрэг цөөн хэдэн компаниар хязгаарлагдаж байна. Жил бүр биш ч “АПУ”, “Атар-Өргөө”, “Тавантолгой” зэрэг компани сүүлийн таван жилийн хугацаанд ногдол ашгаа тогтмол хуваарилжээ. Гэхдээ дээрх компаниудын зах зээлд эзлэх байр сууриасаа хамааран нэгж хувьцаандаа оноосон ногдол ашиг нь харилцан адилгүй. Тухайлбал, “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудлууд нэгж хувьцаандаа 200 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол “Зоос гоёл” компани таван төгрөг хуваарилжээ. Үүнтэй холбогдуулан Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн үүдэнд зогсох иргэдтэй уулзлаа. Нэгэн эмэгтэй “Зоос гоёл” компаниас 100 ширхэг хувьцаа эзэмшдэг болохоо ярилаа. Тэрбээр хувьцаагаа заралгүй ногдол ашиг авах сонирхолтой байгаа аж. Гэтэл “Зоос гоёл” компани 2008 онд нэгж хувьцаандаа таван төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Тэгэхээр тэр эмэгтэйн 100 ширхэг хувьцаа жилд 500 төгрөгийн ногдол ашиг болж байгаа юм. Үүний дэргэд “Тавантолгой” компани нэгж хувьцаандаа 2008 онд 18 мянган төгрөг хуваарилсан байв. Мэдээж олж буй ашгийн хэрээр ногдол ашиг тараана. Иргэдийн дунд “Махимпекс”-ийн хувьцаа эзэмшдэг гэх нэгэн эр байв. Түүнтэй ярилцвал “Махимпекс” компанийг байгуулагдснаасаа хойш ганцхан удаа ногдол ашиг тараасанд нэлээд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Махимпекс” ашиггүй ажиллана гэж баймааргүй юм. Ногдол ашиг тараахгүй байх юм” хэмээсэн юм. Мөн “Улсых их дэлгүүр”-ээс хувьцаа эзэмшдэг нэгэн тааралдав. Тэрбээр “Захын ТҮЦ ашигтай ажиллаад байхад УИД ашиггүй байна гэж үү. Яагаад хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаггүй юм бэ” хэмээн ярьж байна.
Мэдээж иргэдийн ингэж бухимдах нь зарим талаар зөв. Яагаад гэхээр тухайн иргэн цөөн ч бай, их ч бай хувьцаа буюу өөрийн хөрөнгөө компанид байршуулаад байгаа шүү дээ. Нэгж хувьцаандаа 100 эсвэл сая төгрөг хуваарилах саналыг аливаа компанийн ТУЗ эсвэл хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэдэг. Харин манайд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааны 70-90 хувь нь нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдэд төвлөрсөн байдаг. Үүнээс л болж компаниуд хувьцааны ногдол ашиг тараахгүй байна гэж ойлгож болно. Тодорхой хэлбэл хувьцаат компани ТУЗ-дөө есөн гишүүнтэй байх ёстой. Тэдгээр гишүүд нь компанийн нийт хувьцааны дийлэнхийг төвлөрүүлчихээд компанийг засаглаад байгаа юм. Ингэснээр зах зээл дээр тухайн компанийн хувьцаа эргэлдэхгүй, цөөн тооны хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа аж.
Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Компаниудын ногдол ашиг тараалтад иргэд нэлээд шүүмжлэлтэй хандах нь бий. Ийм иргэн танайд олноороо ирж байна уу?
-Тэгэлгүй яахав. Иргэдийн олонх нь их хувьчлалаар олгосон хувьцаагаа хаана байгааг нь мэдэх, ногдол ашиг авах сонирхолтой байна. Зарим нь өнөөг хүртэл хувьцаатай явснаа мэдээгүй байж гэнэтхэн манайхаас ногдол ашиг авна гэсээр ирэх нь ч бий. Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг иргэдэд олгох болсонтой холбоотойгоор шинээр данс нээж байгаа. Харин үүнтэй холбоотойгоор хуучин данстай байсан иргэд цөөнгүй гарч ирсэн. Тэдгээр иргэд гэнэтхэн л “Би ийм хувьцаатай байж. Жил бүр ногдол ашиг өгсөн юм байна. Тэр мөнгөө авмаар байна” гэдэг. Ногдол ашгийг компанийн ТУЗ эсвэл хувь нийлүүлэгчийн хурлын шийдвэрээр ногдол ашиг тараадаг л даа.
-Ногдол ашгийг хэрхэн тараах ёстой юм бэ?
-Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулж тараах ёстой. Гэхдээ дийлэнх компаниуд өөрийн компанийнхаа байрандаа ногдол ашгаа хуваарилчихдаг. Энэ нь иргэдийг их чирэгдүүлдэг л дээ.
-Тухайлбал ямар компаниуд байна вэ?
-“Говь”, “Махимпекс”, “Талх чихэр” зэрэг компани байна. Хувьцаа эзэмшигч нар нь компанийнх нь байран дээр очлоо гэхэд хаалттай эсвэл мөнгө байхгүй гэх зэргээр асуудал үүсгэдэг. 2008 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцааны ногдол ашгийг заавал Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан иргэдэд олгох ёстой гэсэн шийдвэр гарсан юм. Одоо энэ шийдвэр бараг хэрэгжихгүй байна.
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин