Д.Дорждулам: Иргэдэд чиглэсэн бодит ажил хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Д.Дорждулам: Иргэдэд чиглэсэн бодит ажил хийнэ

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч Д.Дорждуламтай хийж, хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хувьд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын тань талаар яриагаа эхэлье?

-Би Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг даргаар, мөн  ИТХ-ын төлөөлөгчийн албыг давхар хашиж байна. Дөрөвдүгээр хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувьд хороондоо олон ажлыг хийсэн. Энэ жил төлөөлөгчид хамтран гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэгтэй болгохажлыг хийснээр манай хороо бүхэлдээ гэрэлтүүлэгтэй болсон. Энэ бол ИТХ-ын 41 төлөөлөгчийн хийсэн ажлын үр дүн юм.Түүнчлэн “Гудамж төсөл”-ийн хүрээнд 33 уулзвар, замын  шинэчлэлийг хийх ёстойгоос  есөн уулзвар, замын шинэчлэлийг 100 хувь хийж гүйцэтгэсэн. Дээрээс нь нэмээд зургаан уулзварыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа. Энэ мэтчилэн манай дүүргийн гэрэлтүүлэг болоод дэд бүтцийн ажлууд 50-иас дээш хувьтай амжилттай явагдаж байна. Мөн орон сууцны дундуурх замыг нөхөж шинэчлэн сайжруулсан байгаа.

-Иргэдрүү чиглэсэн ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ?

-Манай хороо нийт 20050 оршин суугчтай. Төлөөлөгчийн зүгээс иргэдтэйгээ эргэх холбоотой байж, тэдэнд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ялангуяа ахмадуудтайгаа холбоотой байж, тэдний гомдол саналыг хүлээн авахаас гадна эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд хамруулж байна. Манай хороо нийт 1139 ахмадтай.Эдгээр ахмадуудаа цагаан сар болон Ахмадын баяраар хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг. Мөн жилд хоёр удаа ахмадуудыг үнэ төлбөргүй амралтанд явуулдаг.Одоогийн байдлаар 598 ахмад үнэ төлбөргүй амралтанд амарсан байна.

Түүнчлэн иргэдтэйгээ санал бодлоо солилцож, шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгааг ярилцан дараагийн төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. 

-Иргэд ихэвчлэн ямар асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байдаг вэ?

-Ахмадуудын зүгээс ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдуулж өгөөч гэсэн хүсэлт байнга ирдэг. Мөн СӨХ-д хандсан асуудлууд их байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Засаг дарга, дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтэс СӨХ-дын дарга нартай хамтран Сууц өмчлөгчдийн нэгдсэн холбоог байгуулсан. Дээрх холбоог байгуулсанаар иргэдийн эрх ашиг хаана илүүтэй зөрчигдөж байна, тэр зөрчлийг арилгахын тулд яах ёстой талаар харилцан ярилцаж, уялдаа холбоотой ажиллах болсон.

-Залуучууд руу чиглэсэн ямар ажил хийж байна?

-Баянгол дүүрэг 2015 оныг “Хүүхэд, гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхдийг хүчирхийлээс хамгаалах чиглэлийн сургалт семинарыг зохион байгуулж байгаа. Мөн дүүргийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-өөс санаачилсан “Нэг хүүхэд, нэг төлөөлөгч” аянд дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгч нэгдэж, жилийн хугацаанд зорилтод бүлгийн 41 хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, ахуйн тусламж, дэмжлэгийг үзүүлэхээр болсон.

Үүнээс гадна Баянгол дүүргийнхээ ажилгүй иргэдийг, ялангуяа залуучуудыг мэргэжлийн сургалтанд хамруулж, мэргэжил боловсролтой болгон ажлын байраар хангах асуудлыг анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн онд манай дүүрэг 262 ажилгүй иргэнтэй байсан. Үүнээс дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан 142 иргэнийг ажилтай, орлоготой болгосон. Мөн НИТХ-ын төлөөлөгч нийслэлийн Л.Нарантуяагийн санаачилсан “Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих аргачлал” сургалтанд 52 иргэнийг хамруулж 47 иргэнд сертификат олгосон. Мөн энэхүү иргэддээ жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгохоор ажиллаж, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран сарын 0.5 хувийн хүүтэй  зээлд 17 иргэнийг хамруулсан.

-Энэ онд Баянгол дүүргийн 50 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Бид дүүргийнхээ түүхэн ойг иргэдийнхээ оролцоонд тулгуурлан, тэдний алдар гавъяаг мөнхжүүлэх, бүтээн байгуулалтыг өрнүүлсөн олон ажлыг өрнүүлэн угтаж байна. Цаашид аливаа нэг тэмдэглэлт ойг цэнгүүн, зугаа болгож өнгөрүүлдэг жишгээс аль болох татгалзаж илүү иргэд рүүгээ чиглэсэн үр дүнтэй, бодит ажлуудыг хийхийг зорьж байна.

Мөн хорооныхоо ногоон байгууламж, цэвэр цэмцгэр байдалд анхаарлаа хандуулж олон ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.

Ярилцсан: Ж.БАЙДАНГҮНСЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж