Аялал жуулчлалын цогцолбор барих санхүүжилт хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын цогцолбор барих санхүүжилт хүсэв

Монгол Улсын Засгийн газраас нэгэн зорилтыг дэвшүүлээд буй. Энэ нь 2015 он гэхэд нэг жилийн хугацаанд манай улсад ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх тухай юм. Өнгөрсөн онд манай улсад 480 мянга гаруй жуулчин ирсэн хэмээх мэдээллийг салбарын яамнаас танилцуулсан. Энэ нь жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Гэхдээ яг энэ өсөлтөөрөө явах юм бол жилд нэг сая жуулчин хүлээн авна гэх энэхүү зорилт биелэх ямар ч боломжгүй ажээ. Нэгэнт гаргасан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй болно. Үүнийг нэг нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдын тоог нэмэгдүүлэх явдал ажээ. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын товчооны холбогдох албан тушаалтнуудтай өчигдөр хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Хоёр орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, түүнийг шийдэх арга зам юу байгааг хэлэлцэхийг зорьсон хэрэг. Хятадын талаас визийн  хөнгөлөлт, хилээр нэвтрэх үнэмлэхийн тухай асуудлыг жил бүр тавьдаг аж. Харин өчигдөр “Бусад орны жуулчид Монголоор дамжин Эрээн боомтоор Хятад улс руу орж болдог. Визийг нь хил дээр дардаг. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй” гэсэн саналыг хэлэв. Мөн Монгол Улсад тус  улсын нэг иргэн аялхад хамгийн багадаа 4000 юань зарцуулдаг гэсэн тооцоог ч танилцуулсан юм. Тэд Монголд аялхад өртөг өндөртэй хэмээн үзэж байгаа ажээ. Ийм хэмжээний мөнгөөр Зүүн өмнөд Азийн 5-6 орноор аялах боломжтой гэнэ.

Харин Монголын талын тө­лө­өлөгчид нөгөө талдаа “Ая­лал жуулчлалын цогцолбор бай­гуулчихвал бүх асуудал шийдэгдэх гээд байна. Тиймээс та бүхэн хөрөнгө оруулаач” гэсэн утгатай саналыг тавьсан юм. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн удирдлагууд “Монгол Улсад аялал жуулчлал хөгжихгүй, жуулчдын тоо нэмэгдэхгүй байгаа нь төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой” хэмээн шүүмжилдэг. Нэг ёсондоо дан ганц агуу түүх, ёс заншил, унаган байгалиар жуулчдын сонирхлыг татдаг цаг өнгөрсөн аж. Үүнийг уулзалтад оролцсон БОАЖЯ-ныхан хүлээн зөвшөөрч байлаа. Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ хүрээнд “Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэг­жүүлэхээр болсон. Хөтөлбөрт хил орчмын зургаан газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаар тусгасан юм. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын орлогч дарга П.Наранбаяр “Цогцолбор байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж, эхнээс нь баталсан. Одоо хөрөнгө оруулалт олох нь хамгийн чухал байна” гэж байсан. Тэрбээр цогцолборыг чухам хэдэн онд ашиглалтад оруулах боломжтой талаар хэлж, таамаглаж чадсангүй. Шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргахыг шийдээгүй  байгаа учраас тэр аж. ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын товчооныхон “Цогцолбор байгуулах ажилд хөрөнгө оруулаач” гэсэн саналын хариуд “Барих, хөрөнгө оруулахад  Хятадын компаниудыг оролцуулбал Монгол Улсын Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлэх вэ. Мөн газар олгох, эзэмшүүлэх боломж бий юү” хэмээн лавлаж байсан. Ерөнхийдөө ашиггүй хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй байгаагаа ийн илэрхийлэв. Харин  БОАЖЯ-ныхан “Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэн. Газрыг 60 хүртэлх жилээр эзэмшиж болно” гэсэн хариулт өгөв.
ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Ма Юншэнээс дараах асуултад хариулт авлаа.

-Та Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ. Манай улсад ирж буй нийт жуулчдын дийлэнх нь Хятадууд байдаг гэсэн судалгаа бий?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь дэд бүтцийг сайжруулах юм. Монгол Улс энэ тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй. Мөн үйлчилгээний чанар, ялангуяа жуулчдад үйлчлэх хүмүүсийн харилцааг сайжруулах нь чухал.  Сая хурлын үеэр Монгол Улсад аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэх, цогцолбор газруудыг байгуулах талаар танилцууллаа. Цогцолбор газрыг байгуулахдаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх талыг нь сайн бодолцох хэрэгтэй. ӨМӨЗО-д ч гэсэн энэ тал дээр ихээхэн анхаардаг.

-ӨМӨЗО-д аялал жуулчлалын хоёр ч томоохон цогцолбор байдаг. Тэдгээрийг барихад хэдэн жил зарцуулсан юм бол?

-“Чингисийн онгон” цогцолборыг барихад олон жил зарцуулсан. Энэ хугацаанд хэсэгчилж барьсан. Ер нь Хятадад аялал жуулчлалын томоохон цогцолборыг 1-3 жилийн хугацаанд барьдаг юм. Хамгийн гол нь үйл ажиллагаа ямар чиглэлээр явуулах, дараа нь өргөжүүлэх боломж нь хэр байгааг тооцоолох хэрэгтэй.

Уулзалтын үеэр Аялал жуулч­лалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэнгээс энэ онд Монгол Улсад хэд орчим жуулчин ирэх төлөвтэй байгааг тодруулсан юм. Тэрбээр “Манай улс энэ онд ITB олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд амжилттай оролцсон. Энэ үеэр Монгол Улсаа нэлээд сайн сурталчилсан. Европын орнуудын жуулчид манай улсыг ихэд сонирхож байсан. Энэ бүхнээс үндэслээд жуулчдын тоо өмнөх оны­хоос  ойролцоогоор 20-25 ху­вийн өсөлттэй гарна гэсэн хүлээлт байна. “МИАТ” компани дангаараа энэ ачааллыг дийлэхгүй гэж үзэж байгаа. Тиймээс жуулчдыг тусгай захиалгаар тээвэрлэх гэрээ байгуулах замаар энэ асуудлыг шийднэ” гэв. Ерөнхийдөө энэ оны хувьд олон улсын үзэсгэлэнд оролцож, улсаа сурталчилсан нь жуулчдын тоог нэмэгдүүлэх тал дээр авсан гол арга хэмжээ нь байжээ.

Байгаль орчин, аялал жуулч­лалын яамныхан өчигдөр үүнээс гад­на Япон улсын Нийгата му­жийн аялал жуулчлалын сал­барын төлөө­лөгчидтэй уулзсан юм. Уулзалтад тус улсын аялал жуулч­лалын компанийн төлөөлөл оролц­сон. Тэд танилцах аялал хийх төлөв­лөгөөтэй ирсэн аж. Тус улсын хувьд энэ онд гамшгийн улмаас их хэ­мжээний хохирол амссан. Гэсэн ч Японоос ирэх жуулчдын тоо нэг их багасахгүй байх гэсэн таамаглал байгаа ажээ. Японы жуулчид нийт жуулчдын 3-4 орчим хувийг эзэлдэг юм байна.

Т.УРАНГЭРЭЛ
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж