Засгийн газрын харьяа 11-11 төвд өчигдөр иргэдээс хандаж олон санал гомдол ирсэн нь машин ачих үйлчилгээтэй холбогдож байгаагийн зэрэгцээ “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллынхон бохирын үнэрээс болж амьсгалах аргагүй болж байгаагаа дуулгажээ.
Энэ тухай №1506178313 дугаартай зочин, “Буянт-Ухаа-1” хороололд цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр маш ихээр өдөр бүр үнэртэж амьсгалах аргагүй болгож байгааг даруй анхаарч, арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
“Буянт-Ухаа-1” хороолол нь ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрч буй. Эзгүй тал байсан газарт орон сууцны хороолол босгож, мөн үнэ хямд орон сууцанд иргэдийг хамруулсан нь зөв алхам болсон ч цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэхгүй бол эрүүл орчинд аж төрөх үндсэн эрх алдагдаад байна.
Мөн №1506186863 дугаартай зочин эмэгтэй хүний тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
УИХ-аас Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү бодлогод анх эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 58, эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 62-д хүргэхээр оруулж ирсэн юм. УИХ-аар төслийн хэлэлцүүлгийг хийх шатанд буюу ажлын хэсгийн төвшинд нас нэмэх заалтыг хасч, харин энэ асуудлыг судлахаар болж, өөрчилсөн юм.
Түүнчлэн 11-11 төвд дараах санал гомдлыг ирүүлжээ.
Үүнд №1506185354 Налайхын 1-р хорооны хогийг ачуулах гээд чадахгүй байна. Цагаан сараас хойш хогоо ачуулсангүй. Хариуцсан хүнд нь хэлэхээр арга хэмжээ авч өгөхгүй байна. Үүнд арга хэмжээ авч өгнө үү.
№1506184325 Баянзүрх дүүргийн Цахилгаан түгээх сүлжээнд тоолуурын заалтаа шалгуулахаар дуудлага өгсөн ирэхгүй байна. Эзгүй байхад 50 мянган төгрөг гараад байна. Тоолуураа шалгуулмаар байна.
№1506184839 Нийслэлийн 38-р сургуулийн багш нарын нэг өдрийн цалинг Баянгол дүүргийн 50 жилийн ойд хандив болгож авна гэж байна. Энэ ямар учиртай вэ, арга хэмжээ авч өгнө үү?.
№1506183384 “Барс” захын үүднээс машин ачиж UB паласын дэргэд авчирчихаад торгууль нь 60.000 төгрөг гэж байна. Машин ачилтын зардлыг яаж тооцож байгаа юм бэ?.
№1506184007 Сайн байна уу. Гадаад харилцааны яаманд гомдолтой байна. Би Анголд ажиллаж байна. Гадаад харилцааны яамнаас 2015 оны долдугаар сарын 6-ны өдөр дипломат албаны шалгалт зарлагдсаны дагуу Монголд өмнөх өдөр нь ирэхээр тийзээ захиалсан байсан. Гэвч өнөөдөр Төрийн албаны зөвлөл, Гадаад харилцааны яамны вэб хуудаснаас шалгалтын хугацаа наашилсныг мэдлээ.
№1506180418 “Сонгдо” эмнэлгийн үүдэнд машинаа тавьсан байхад машин ачаад, хаана хүргэсэн нь тодорхойгүй байна. Энэ талаар 1800-1200 утсанд хандахад манайд мэдээлэл ирээгүй гэж уурлаж байна. Арга хэмжээ авч өгнө үү?.
№1506181524 Яргайт, Санзай зэрэг зуслангийн зам засварын ажил хийж байгаа. Зам засварын ажил хийж байхдаа зам дээр өглөө оройд ус цацаж өгнө үү. Энэ хавийн оршин суугчид тоос шороонд дарагдаад хүндэрч байна.
№1506183588 Үндэсний их баяр наадмаар монгол ёс заншлаараа наадмаар байна. Гадаад улсын дуучид ирүүлэхийг эсэргүүцэж байна. Анхаарч өгнө үү.
Г.ХОРОЛ