Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хууль зөрчин 20 гаруй иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн гэх маргаан дэгдээд байна. Тодруулбал, дээрх шийдвэрийн хүрээнд өнгөрсөн онд 152 мянган м2 газрыг 23 аж ахуйн нэгжид өгсөн. Ингэхдээ инженерийн шугам сүлжээнд холбогдох газрыг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Хуулиараа ийм газрыг иргэн, аж ахуйн нэгжид олгох бол дүүргийн Засаг дарга бус хотын дарга шийдвэр гаргахаар хуульд заасан байдаг. Энэ асуудлыг холбогдох албаныхнаас тодрууллаа.
Д.Нямдаваа: Газрыг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх заалтыг зөрчсөн
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нямдаваа:
-Баянзүрх дүүргийн Засаг дарга өнгөрсөн онд хууль зөрчин нэр бүхий 23 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон гэх юм. Ийм гомдол танайд ирсэн үү.
-2014 оны дөрөвдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн Засаг даргын А180 тоот захирамж гарсан байдаг. Уг захирамжаар нэр бүхий 23 иргэнд газар эзэмшүүлсэн. Энэ захирамж нь Газрын тухай хуулийн 33-ийн 1.2 дахь хэсэгт заасан “Газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлнэ” гэх заалтыг зөрчсөн. Мөн инженерийн шугам сүлжээ болон түүнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад Дүүргийн Засаг дарга захирамж гаргах эрхгүй гэж заасан байдаг. Тэр заалтыг зөрчсөн. Тиймээс 2015 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн А 58 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэдэд эзэмшүүлсэн газруудыг хүчингүй болгосон.
-Газар эзэмшлийг хүчингүй болгочихоор иргэд яах болж байна вэ. Магадгүй зарим иргэн эзэмшлийн газартаа тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулчихсан байвал яах юм?
-Энэ асуудалд иргэд өөрсдийнхөөрөө хандах эрхтэй. Хэрэв энэ захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж болно. Энэ эрх нь иргэдэд нээлттэй байгаа.
-Газрын дуудлага худпалдаагаар нэг метр кв газрыг хэдэн төгрөгөөр үнэлдэг юм бэ?
-Газрын дуудлага худалдааны анхны үнийг гаргахдаа үнэлгээний бүсээр нь тооцоолдог. Нэгдүгээр бүсэд 15 мянга 840 төгрөг байдаг.
Н.Батсүх: Харьяа дэвсгэртээ газар эзэмшүүлэх захирамж гаргах эрхтэй
Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны албаны дарга Н.Батсүх:
Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 23 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг нь баталгаажуулж захирамж гарсан байдаг. Энэ нь хотын А зэрэглэлийн бүсэд гэрээгээр болон бусад хэлбэрээр ашиглаж байсан иргэдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу шийдэгдсэн. А зэрэглэлийн бүсэд газар өмчлүүлэх тухай хууль бий. Хуулиараа тухайн дүүргийн Засаг дарга дүүргийн ИТХ-ын газар зохион байгуулалтын шийдвэрт тусгаад иргэдийн хурлаас шийдвэр гарсан тохиолдолд Засаг дарга захирамж гаргах эрх үүсдэг. Нэг ёсны өөрийн харъяаллын нутаг дэвсгэртээ Засаг дарга энэ тохиолдолд газар эзэмших захирамж гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу удаа дараа хүсэлт гаргаж байсан иргэдийн газрыг баталгаажуулсан байдаг. Тэгэхдээ хотын А зэрэглэлийн бүсэд барилга байгууламж барих, бусад объект барихад нийслэлээс заавал зөвшөөрөл авдаг.
Энэ дагуу нийслэлийн холбогдох албанд захирамжаа явуулсан. Гэвч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл олгохгүй, боломжгүй гэсэн хариу өгч, захирамжийг цуцалсан байгаа.
-Эзэмшлийг цуцалсан газруудад иргэн аж ахуйн нэгжүүд объект барьсан гэсэн асуудал байгаа юу?
-Объект барьсан асуудал одоогоор байхгүй. Харин түр байгууламжтай иргэд байсан. Тухайлбал, контейнэр байршуулсан, сэндвичин барилга барьсан. Түр байр бариад манайхтай газар ашигласан төлбөрөө төлөөд явж байсан иргэд бол цөөнгүй.
Г.ХОРОЛ