Шаардлагын хариуг өгөхгүй бол бүх уурхай нэгэн зэрэг ажлаа үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Шаардлагын хариуг өгөхгүй бол бүх уурхай нэгэн зэрэг ажлаа үргэлжлүүлнэ

Шаардлагын хариуг өгөхгүй бол бүх уурхай нэгэн
зэрэг ажлаа үргэлжлүүлнэ

“Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөний тэргүүн Б.Агваандондовтой ярилцлаа.

-“Урт нэртэй” хуулийг санаачилсан цагаас эхлэн лицензээ цуцлуулж, эцэст нь лацдуулах хүртэл танай хөдөлгөөнийхөн нэгдэж, нөхцөл байдлаа олон ний­тэд танилцуулахыг хичээж бай­на. Яг өнөөдрийн байдлаар танай уурхай болон Сэ­лэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаагаа явуулж буй компаниудын нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид энэ хуулийг батлагдсан өдрөөс л тэмцэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2010 оны аравдугаар сараас “Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөн байгуулан хуулийг батлах, хэрэгжүүлэхэд хэт өрөөсгөл хандаад байгаа алдаа дутагдлыг нь төр зас­гийн сонорт хүргэхийн тулд дуу хоолойгоо нэгтгэн эсэргүүцэж байна. Бидний явуулсан үйл ажиллагааг төр засаг тоож, анзаарсангүй. Уул уурхайн компаниуд өнөөдрийн байдлаар хаврын бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн. Банкуудаас зээл авч тоног төхөөрөмжөө татаж, засвар үйлчилгээний ажлаа хийж байгаа. Гэтэл орон даяар алтны уурхайнуудын үйл ажиллагааг гэнэт зогсоож, лацадсан.

-Хэзээнээс эхэлж лацдав. Ямар хүмүүс хэний тушаал шийдвэрээр ийм юм хийх болсон юм бол?

-Энэ оны тавдугаар сарын 20-оос эхлэн Мэргэжлийн хяналтын газрын тусгай групп, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан баг ирж лацадсан.

-Яагаад тагнуулын байгууллага оролцсон юм бэ?

-Мэдэхгүй. Нуун далдалсан, эсвэл гадныхны оролцоо байж магадгүй гэсэн юм байлгүй. Өнгөрсөн өвөл, хаврын турш эдгээр компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах, явуулахгүй нь мэдэгдэхгүй, ямар ч шийдгүй байснаа яг хаврын бэлтгэлээ хийгээд эхэлмэгц нь ирж лацадсаныг нь гайхаж байна.

-Хууль батлаад, мөрдөх явцад лицензийг цуцалчихаад байхад та нар  яагаад үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж, бэлтгэлээ хийж байсан хэрэг вэ?

-Бидний лиценз хүчин төгөлдөр хэвээрээ байгаа шүү дээ. Хуульд зааснаар нөхөн олговрыг өгсний дараа лицензийг цуцална гэж заасан байдаг. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу бид үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Гэтэл гэнэт хүчээр ажлыг зогсоож бидний эрхэд халдаж байна.

-Орон нутгийн иргэд ямар санаа бодолтой байдаг вэ. Та нарыг дэмждэг үү, газар шороог эвдэж бусниулж байна хэмээн эсэргүүцдэг үү?

-Нутгийн иргэдийн хувьд “нинжа” нар хууль бус авирлаж байснаас хуулийн өмнө хариуцлага хүлээх үүрэг бүхий компаниуд ажиллах нь зөв гэж үздэг. Тэгээд ч “нинжа” нар нөхөн сэргээлт хийдэггүй болохоор байгаль орчинд илүү халтай. Бид нөхөн сэргээлт хийхийн зэрэгцээ орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагаа олон түмний өмнө бүрэн хүлээж, тайлангаа тавьдаг. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Энхсайхан нар лацадсаны дараа “Энэ бол дэндүү цочир арга хэмжээ боллоо. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг эрсдэлд оруулж, тэнд ажиллаж байсан нутгийн иргэдийг ажлын байргүй болголоо. Мөн тэдний ар гэрийнхнийг амьдралын баталгаагүй болгож байна. Тиймээс энэ шийдвэрээ Засгийн газар эргэн харах хэрэгтэй байна гэсэн хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн. Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бүх компани хамтран өргөх бичиг илгээсэн.

-Гэхдээ та бүхэн УИХ-ын баталсан энэ хуулийг бүхэлд нь буруутгаагүй биз дээ?

-УИХ-аас баталсан хуулийг иргэд дагаж мөрдөх ёстой. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэж бид ойлгодог. Үндсэн хуульд ч тэгж заасан. “Урт нэртэй” хуулийг анх батлахдаа байгаль орчноо хайрлан хамгаалах, аврах зорилгоор санаачилсан гэж бид ойлгодог. Гэтэл энэ хуулийг баталснаас хойш таван сарын дотор тухайн аж ахуйн нэгжүүдэд холбогдох нөхөн олговрыг олгоод лицензийг нь цуцлах ёстой. Харамсалтай нь хоёр жилийн турш ямар нэг шийдгүй байснаа нөхөн олговор өгөөгүй байж лицензийг цуцлах шийдвэр гаргасан. Цуцалснаас хойш үйл ажиллагааг нь ч зогсоохгүй ойлгомжгүй байдалд байлгаж байснаа аж ахуйн нэгжүүдийн өмчид халдаж гэнэт лацадлаа. Засгийн газар эхлээд хуульд хамрагдах газар нутгийн хил заагийг тогтоох ёстой байсан. Үүнийгээ ч хийгээгүй байна шүү дээ.

-Тухайлбал танай компанийн хувьд хуульд заасан усны эх, ойн сав газарт хамаарсан хэсэг нь хэр их вэ?

-Ерөнхийдөө давхцал нь байгаа. Хуульд давхцсан ч гэсэн үйл ажиллагаа явуулж болох тухай тодорхой заалт бий. Гэтэл хил заагийг тогтоогоогүй болохоор бидэнд холбогдох яамны ажлаа хийхийг нь хүлээх, эсвэл үйл ажиллагаагаа явуулах л хоёр зам байна. Хуулийг хэрэгжүүлэх явцад уг хуулийг зөрчсөн ганц объект нь Засгийн газар л байгаа юм. Хил хязгаарыг тогтоогоогүй. Нөхөн олговрыг өгөөгүй. Хуулийг дагаж мөрдөх тухай журмыг ч батлаагүй байна. Үр дагаварт нь аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр багасч, ажилгүйдэл ихэслээ. Ажилгүйдэл ихсэх нь нийгэмд ямар гамшигтайг бүгд мэднэ. Уул уурхайн компанид ажиллаж байгаад ажилгүй болсон хүмүүс тэр талбай дээрээ “нинжа” болохоос өөр яах вэ. Ингэж “нинжа”-гийн тоог нэмлээ шүү дээ. Ингээд байгаль хамгаалах гэж баталсан хууль нь эсрэгээрээ байгалиа сүйрүүлэхэд хүргэж байна.

-Лацадсан талбайд та нар мэдээж хүрч, үйл ажиллагаа явуулж болохгүй. Харин “нинжа”-нууд орчихвол яах вэ. Харуул хамгаалалт бий юү?

-Тэртэй тэргүй бидний ажиллаж байсан талбайд “нинжа”-нууд орчи­хоод байна.

-Танай компани нөхөн сэргээл­тээ хэр хийдэг вэ. Энэ талаар үнэлгээ хийлгэсэн баталгаа байдаг уу?

-Манай компани нөхөн сэр­гээлтийг боломжийн хэмжээнд хийдэг. Тухайлбал 2008 онд нөхөн сэргээлтийн ажлаар улсад тэргүүлсэн. Гэхдээ би өөрийнхөө компанийн тухай яримааргүй байна. “Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөн олон компанийн эрх ашгийг хамгаалж байгаа. Бидний тавьж байгаа нийтлэг асуудлыг хэрхэн шийдэх нь л чухал.

-Тэгвэл танай хөдөлгөөнийхний дийлэнх нь нөхөн сэргээлтээрээ тэргүүлсэн, өргөмжлөл сэлтээр баталгаажуулсан байдаг юм билээ. Жишээ нь лицензээ хураалгасан компанид “Танайх хамгийн сайн ажилласан шүү” гээд өргөмжлөл гардуулж байгаа нь инээдтэй л харагдаж байна билээ?

-Байдлыг та зөв олж харсан байна. Үнэхээр сайн ажилласан компанийн ажиллагааг үнэлэлгүй яах вэ. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааг нь зогсоочихсон байдаг. Ийм л байдал үүсчихээд байна.

-“Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөнд нэгдсэн компаниудад ажиллаж байсан хэчнээн хүн ажилгүй болсон бэ?

-Хууль баталснаас хойш алтны шороон ордын олборлолтын 254, хайгуулын 1700 гаруй, мөн үндсэн ордын лицензийг цуцалсан. Ерөөсөө Монголын уул уурхайн салбар бараг бүхэлдээ хамрагдсан.  Монголын уул уурхайн салбарт нийт 50 гаруй мянган хүн ажилладаг гэсэн тоо бий. Тэгэхээр наанадаж 50 мянган хүн ажилгүй болж, нэг айлыг дунджаар дөрвөн ам бүлтэй гэж бодоход тэдний цаана багаар бодоход 200 мянга гаруй хүний амьдрал хүнд байдалд орлоо. Уг нь бид эхлээд хүнээ, дараа нь байгалиа бодож амьдрах ёстой. Энэ бүхнийг зөв зохицуулж, эрх зүйн орчныг цэвэр ариун, дархан байлгах хэрэгтэй. Өнөөдөр уул уурхайн компаниуд ухамсартай, хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Бид улсын төсөвт орлого оруулж, орон нутгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ өгч, бүтээн байгуулалт хийхийг хичээж байгаа. Өөрсдийн хуримтлуулсан хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулах боломж тэр бүр байдаггүй учраас ихэнх нь банкнаас зээл авч ажилладаг. Хамгийн найдвартай харилцагчид бид байдаг. Их хэмжээний тоног төхөөрөмж худалдаж авсан, заримыг нь лизингийн гэрээгээр авчихаад байна. Тоног төхөөрөмжөө ашиглахгүй болохоор мууддаг, хэрэгцээгүй болдог. Техник, технологи хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед бид түүнийг хэндээ худалдах вэ. Гаднын том компаниуд тоохгүй. Технологи нь ч таарахгүй. Тэгэхээр энэ их хэмжээний үхмэл хөрөнгийг яах вэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушаах уу. Энэ бүхнийг бодолцож үзэхгүйгээр шийдвэр гаргасан УИХ иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ энэ байдлыг эргэж нэг хараач л гэж бид хүсч байна.

-Нөхөн олговрын хэмжээний талаар та болон танай хөдөлгөөнийхөн ямар бодолтой байгаа вэ. Хэмжээг ямар үндэслэлээр тогтоох бол. Үнэхээр та бүхнийг төр хохиролгүй болгож чадах болов уу?

-Уг хууль нь бидний хувьд давагдашгүй хүчин зүйл болчихоод байна. Төр засгийн шийдвэрийг давах эрх мэдэл, арга зам байдаггүй юм байна. Аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалд орлоо.Төрийг төлөөлж буй хүмүүсийн хэнээс нь ч асуусан нөхөн олговрын талаар тодорхой шийдийг хэлж чаддаггүй юм. Зөвхөн судалгаа л аваад байдаг юм. Тэдний төсөөлж байгаа нөхөн олговор нь бидний бодит хохирлын дэргэд дэндүү өчүүхэн. Зөвхөн улсад төлсөн татварыг эргүүлж төлнө гэж байгаа бол бүтэхгүй асуудал. Үнэхээр нөхөн олговрыг өгөхдөө хүрвэл төр эдгээр компанийн хохирлыг 100 хувь барагдуулах ёстой. Яагаад гэвэл бид тухайн үед ч, өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсан.

-Танайх гадны хөрөнгө оруулалтгүй, өөрөөр хэлбэл үндэсний компани юм байна. Үндэсний компаниудаа төр харж үзэх ёстой гэдэг үүднээс найдвар төрж байгаа юу?

-Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдыг найр тавин хүлээж байна. Харилцан ашигтай хамтарч ажиллана гээд гадны хөрөнгө оруулагчдад үүдээ нээсэн. Гадны хөрөнгө оруулагчид маргаан гарсан тохиолдолд олон улсын шүүхэд хандана. Гэтэл үндэсний компаниудыг өөрийн төр хүртэл хүчирхийлэн хохироож байгаа учраас хайрлаж хамгаалах газар алга.

-Ямартай ч танай хөдөлгөөн Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Шаардлагын хариу та бүхний эрх ашигт нийцэхгүй бол яах вэ?

-Одоогоор манай хөдөлгөөнд 50 орчим компани нэгдээд байна. Бид өргөн барьсан бичигт хариу өгөөгүй. Энэ удаад шаардах бичиг хүргүүллээ. Тав хоногийн дотор хариу өгөхийг шаардсан. Заасан хугацаанд багтан тодорхой хариу өгөхгүй бол бид дараагийн алхмуудыг хийх болно. Эхний алхам нь бүх уурхай нэг өдөр, нэг цагт зэрэг үйл ажиллагаагаа  шууд үргэлжлүүлэн хийх болно. Яагаад гэвэл хуулийн дагуу бидэнд үйл ажиллагаагаа явуулах эрх нь байгаа шүү дээ. Хуульд зааснаар нөхөн олговрыг өгсний дараа лицензийг цуцална. Цуцлаагүй бол үйл ажиллагаагаа явуулах эрхтэй.  


У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж