Өнөө оюутны хүсэл биелээ болов уу…

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Өнөө оюутны хүсэл биелээ болов уу…

Зургадугаар сарын долооны өглөө:

-Манайх хашаанд амьдардаг юм. Өглөө босоод бие засах гээд нойл руу алхаж байтал нямбайлан нугалсан цаас газар хэвтэж байна. Дэлгээд үзвэл “Би их сургуулиа онц төгсмөөр байна” гэж хичээнгүйлэн бичсэн нэгэн хүүхдийн хүсэл байв…

Өмнөх орой нь сүсэгтэн олон амар амгалан байж, ирээдүйд юу санасан есөн хүсэл нь биелэхийн ерөөл тавин байж гэрэлт зулаа тэнгэрт хөөргөсөн нь тэр. Энэ удаагийн ёслолд л гэхэд 4000 зул өргөж, бурхан буддад хүндэтгэл үзүүлсэн. 40 гаруй лам оролцож бурхны номоо айлдсан хэмээн мэдээлж байсан. Гэтэл маргааш өглөө нэгнийх нь хүслийг нойлынхоо хажуугаас олсон хэмээн нэгэн танил маань орж ирэв. Зайлуул, өнөө оюутан сургуулиа онц төгсч чадсан болов уу. Оюутны хүсэл биелээ болов уу? Итгэж, сүсэглэн байж хүслээ тэнгэрт хөөргөлөө гэж бодтол айлын нойлын дэргэд унасан байж.

Зул хөөргөх нь монголчуудын сүсэг мөн үү?

Монголчууд бид эртнээс битүүний түнэр харанхуй орой зул асааж гэрэлтүүлдэг заншилтай улс. Өөрсдөө ч ном сурахгүй бол битүүний түнэр харанхуй лугаа адил хэмээн зул асаадаг. Харин зул хөөргөх ёслол нь зүүн өмнөд Азийн улсаас гаралтай гэж үздэг. Бурханы мэндэлсэн өдөр, шашны тэмдэглэлт өдрөөр зул хөөргөдөг байсан. Дайны үед зул хөөргөснөөр дохио, мэдээ өгдөг ч гэж үздэг. Харин монголчуудын хувьд зул өргөдгөөс биш тэнгэрт хөөргөдөг эртний уламжлал байхгүй гэдгийг лам нар хэлж байна. Гандантэгчилэн хийдийн лам Ж.Одгарьд “Энэ ёслол нь монголчуудын уламжлал болсон зан үйл биш. Харин 1990 онд шашны үйл дэлгэрсэн. Энэ үед гадаадын олон шашин, зан үйл орж ирсэн. Үүний нэг хэлбэр гэж үздэг” гэв.

Жилдээ ганцхан зохиож, сүсэгтнүүд нь хүслээ бичин хөөргөж, бурхан номынхон ч сургаалиа хайрладаг энэ ёслол хэзээ, хаана болж байгааг ч тооцоолж дийлэхгүй болсон мэт. Сүсэгтнүүдийн итгэлийг бизнесийн хэрэглүүрээр харах болсны ч нэгэн илрэл биз. “Гэрэлт зул” хэмээн нэрийдэх энэ ёслолыг Тайланд, Энэтхэг, Индонез, Хятад, Малайз гээд дэлхийн олон орны сүсэгтнүүд гүйцэтгэдэг гэдэг. Гэхдээ тэд бидэн шиг дархан цаазат уулаа гэрэлт зулаар “мялаадаггүй” гэсэн. Ядаж л гэрэлт зул өргөх ёслолоо далайн эрэг дээр хийдэг юм байх. Тэдний хөөргөсөн хүсэл нь хөлгүй их далайн нэгэн хэсэгт шингэдэг хэмээн билэгшээдэг гэнэ. Гэтэл бид гадны орнуудыг дууриан байж өнөө муу Богд уулаа л гэрэлт зулаар “мялаагаад” байна. Эсвэл аль нэгэн айлын хашаанд, бүр нойлд…

“Тохиромжтой зан үйлээ л сонго”

Өнгөрсөн жил л гэхэд гэрэлт зул өргөх ёслолын дараа өвс шатаж гал гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирж байжээ. Ер нь зул хөөргөөд гурван км-ийн цаана унадаг аж. Ингээд тооцохоор аль нэгэн гэр хорооллын хашаанд бууж хог болдог. Эсвэл хуурайшилттай үед өвс ногоон дээр унаж гал гарах нөхцөл бүрдүүлдэг хэмээн онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг гаргасаар л байгаа.

Нэгэнт газар нутаг, байршлын хувьд Улаанбаатар хот зул хөөргөхөд тохиромж тааруу. Тиймээс тохиромжтой зан үйлээ л сонгох нь чухал аж. Гандантэгчилэн хийдийн лам Ж.Одгарьд “Монголчуудын хувьд эртнээс гандан хийдэд ирж, эсвэл гэр орондоо ч зул өргөсөөр заншсан. Тиймээс заавал эрсдэлтэй нөхцөлд орон байж зулыг тэнгэрт хөөргөж буян заяагаа даатгах нь тийм ч тохиромжтой биш. Төв цэнгэлдэх хүрээлэнд заавал зул хөөргөх ёслол хийхийн оронд тэр том талбайд тахилын ширээ засаад олон зуун сүсэгтний хүслийг даатгаж болно” гэв.

“Зул өргөхөд учир бий”

Монголчууд эртнээс зул өргөж сурсан, нарийн дэг жаягтай улс. Наанадаж л зул өргөх цөгц нь эд талаасаа ч тэр, билэгдэл гэдэг үүднээс ч дээд зэрэглэлийн байх ёстой. Зул өргөх тос нь амьтны амь настай холбоогүй гээд нарийн учиртай. Гэтэл хаанаас оруулж, юугаар хийсэн нь тодорхойгүй гэрэлт зулыг худалдан авч, тэнгэрт хөөргөнө гэдэг хүсэл зорилго биелэхийн нэр биш гэдгийг бурхан шашныхан хэлж байна.

Зул өргөхөд учир бий. Түүнийг хөөргөхөд ч зохион байгуулалт, журам байх ёстой. Тиймээс үүнийг зохицуулсан тодорхой журам ч шаардлагатай. Түүнээс биш чин зүрхнээсээ сүсэглэн байж тэнгэрт хөөргөсөн хүсэл нь түймэр дэгдээх, эсвэл айлын нойлын дэргэд хэвтэнэ гэдэг зул өргөж, хөөргөхийн учир шалтгаан лав биш.

Б.ЗАЯА

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж