Нэгэн цагт “гавьяат жүжигчин Д.Сосорбарамын хөвгүүд” гэгдэж байсан поп опера урсгалаар уран бүтээл туурвидаг “Увертюра” хамтлагийн уран бүтээлүүд өвөрмөц өнгө аяс, илэрхийлж буй санаагаараа бусдаас эрхгүй ялгардаг.
Тиймдээ ч үзэгчид төдийгүй мэргэжилтнүүд тэднийг олон улсад нэрээ цуурайтуулах чадвартай залуус хэмээн үнэлдэг билээ. Гэтэл сайны хажуугаар саар явдал сүүдэр мэт дагаж явдаг учир саяхан тус хамтлаг “Тэнгэрийн хүү” дууны клипээ хулгайд алджээ. Өөрөөр хэлбэл, Туркийн дуучин Арсланбэк Султанбеков гэх нөхөр “Би гүйж байна” нэртэй дуугаа дүрсжүүлэхийн тулд “Тэнгэрийн хүү”-гийн клипийг тэр чигээр нь хуулбарласан байна.
Дашрамд дурдахад, энэхүү клипийг Улсын драмын эрдмийн театрын бүтээл “Тэнгэрийн хүү” түүхэн жүжигт зориулан “Image fx creative” студи бүтээсэн аж. Тэгэхээр энэ нь зөвхөн “Увертюра” хамтлаг гэлтгүй Улсын драмын эрдмийн театрын жүжигчид, “Image fx creatiүe” студийн хамт олны хамтын бүтээл гэсэн үг. Мөн энэхүү клип нь “Гэгээн Муза 2012” наадмын шилдэг бүтээлээр шалгарч байсан юм. Ингээд тус хамтлагийн дуучин А.Шинэбаяртай холбогдож дээрх асуудлын талаар тодрууллаа.
-“Тэнгэрийн хүү” дууны клип хулгайлагдсаныг анх яаж мэдсэн бэ?
-“Тэнгэрийн хүү” дууны клипийг хийсэн студийн хүмүүс маань мэдсэн юм билээ. Бид бол хоёр хоногийн өмнө л мэдлээ. Клип хийсэн студи дээрээ санаандгүй очсон чинь “Бидний хийсэн клипийг хулгайлчихсан байна” гэдэг байгаа.
Үзсэн чинь бүр яг хуулаад тавьчихсан байна лээ. Энэ ч арай дэндэнэ ээ.
-Зөвхөн клипийг нь л хулгайлсан байх шиг байна лээ?
-Тийм. Дуу нь бол өөрийнх нь юм билээ. Клипийг нь л тэр чигээр нь хуулаад тавьчихсан байна.
-Энэ дуучныг чухам хаанахын ямар дуучин болохыг судлав уу?
-Бидний сонссоноор бол нэг казах дуучин л “Тэнгэрийн хүү” дууны клипийг тэр чигээр нь авч ашигласан бололтой. Гэхдээ манайхны заримынх нь олж мэдсэнээр Туркт амьдардаг Казахстаны дуучин юм шиг байна. Бид одоогоор судалж л байна.
-Түүнтэй холбогдож, асуудлаа шийдсэн үү?
-Бид одоохондоо тэр хүмүүстэй холбогдож чадаагүй байна. Сураг сонсох нь ээ, продюсер хийдэг л нөхөр бололтой. Яаж ийж байгаад холбогдож, асуудлыг шийднэ. Ер нь энд тэндээс бусдын хийсэн уран бүтээлийг хулгайлаад, дуулаад байдаг сурагтай. Ямар ч зөвшөөрөл авдаггүй гэсэн шүү.
Ц.БАТТУЯА
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"