1072 & хөгжилд хөтлөх төслүүд

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

1072 & хөгжилд хөтлөх төслүүд

Хүн төрөлхтнийг адгууснаас ялгаж байгаа

сайн зүйл нь тэд хууль, шудрага ёсны тусламжтайгаар

муу зүйлсээс өөрсдийгөө зааглаж чаддаг явдал юм.

Аристотель

 

 

Баялгаа хараал бус хөгжил болгосон улсуудын бэлээхэн туршлагыг нэвтрүүлэхээс өөр сонголт өнөөдөр монголчуудад алга.

Баялгийн хараалд өртсөн улсуудын түгээмэл шинж нь халамж, татаас, бэлэн мөнгийг хайр найргүй тараах байдаг. Хамгийн сүүлийн жишээ нь нефтийн нөөцөөр дэлхийд дээгүүрт бичиддэг Нигерт бензиний үнэ тэнгэрт хадсан явдал байлаа. Нигерийн нефтийн салбарт төсвөөс олон жилийн турш олгож ирсэн санхүүжилтийг зогсоосноор бензиний үнэ 2 дахин нэмэгдсэн юм. Эрх баригчид нь төсвийнхөө зардлыг 6 тэрбум доллараар бууруулахын тулд бензинд олгодог татаасыг танах гэж хичээсэн нь орон даяар бослого гаргахад хүргэсэн байна. Асар их нөөцтэй хирнээ нефть боловсруулах үйлдвэргүй, түүхийгээр нь экспортлоод, шатахуунаа импортоор авдаг. Экспорт, импортын зөрөөг төсвөөс нөхдөг зардал нь эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийтэд нь зарцуулдаг хөрөнгөнөөс нь давчихсан гээд эрүүл ухаанд багтамгүй үзүүлэлт хөвөрнө. 

Баялгийн хараалаас зайлсхийх жор маш энгийн. Юуны өмнө баялгаас олсон орлогыг хуримтлуулах хэрэгтэй. Хуримтлагдсан мөнгийг халамж, татааст үрэх бус ажлын байр бий болгох, түүхий эд боловсруулах, экспортод гарах чадвартай үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд ашиглана. Хамгийн сайн халамж бол тогтвортой, сайн цалин бүхий ажлын байр гэдгийг хатуу ойлгох зэрэг л юм.

Нэг үеэ бодвол монголчууд бэлэн мөнгөний амлалтанд хошуурахаа больжээ. Тавантолгойг тасчиж идэхээр санаархсан Нүүрсчин бүлэглэлийн зүгээс хүн бүр 100 мянган төгрөг өгөх амлалтаар хууль бус өчнөөн заалт бүхий гэрээг халхлахыг оролдсон ч иргэд нэг удаагийн бэлэн мөнгөнөөс насан туршийн ажлын байрыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа билээ. Тэдний хүслийг чулуу болгож, 1072 ширхэг хувьцааг нь амь оруулах зүйл бол Хөгжлийн төслүүд юм. 

1072

Монгол улс иргэн бүрт Эрдэнэс Тавантолгой ТӨХК-ний 1072 ширхэг хувьцаа байгаа нь ямар үнэ цэнэтэй юм бэ?

Нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан байдаг. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцохоор 14 их наяд төгрөгийн үнэтэй болох юм. 2.1 сая иргэд болон аж ахуйн нэгжид хамаарч буй хувьцааны үнэлгээ 1.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Доллар шилжүүлбэл 1 тэрбум орчим болохоор юм. 1 тэрбум долларын хуримтлал үүсгээд, хөрөнгө оруулалт хийвэл хичнээн ажлын байр бий болох, ашиг өгөөж нь яаж дэлгэрэх гээд өчнөөн төсөөллийг гаргаж болно. Санхүүч Н.Ганбаярын Эрдэнэс ТТ, Энержи ресурс компаниудын Тавантолгойн ордод ажиллах төсөл, төсөөлөлд хийсэн шинжилгээгээр Эрдэнэс ТТ ТӨХК 5 дахин их өгөөжтэй ажиллах төлөвтэй байна. Эрдэнэс ТТ ТӨХК-ийн захирал асан Я.Батсуурийн мэдэгдснээс үзэхэд Эрдэнэс ТТ ТӨХК нэг тонн нүүрснээс 4 долларын ашиг олж байгаа, харин Энержи ресурс компани тонн нүүрс тутамд 9 долларын алдагдал хүлээж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй Энержи ресурс компани Эрдэнэс ТТ ТӨХК-д 14 тэрбум төгрөгийн өртэй, түүнийгээ одоо болтол барагдуулаагүй явна. Өртэй, алдагдалтай компани нь ашигтай, өгөөжтэй компаниа улс төрчдийн дэмжлэгтэйгээр булаан эзлэх гэж оролдож байгаа тийм л дүр зураг өнгөрсөн хагас жилд тодорлоо. Хэрвээ нам дамнасан нүүрсчин бүлгийн санаархал хэрэгжих аваас хөгжих тухай яриа биднээс алсран одож, цөөн хэдэн олигархийн хэмжээлшгүй ноёрхол, дарангуйлалд монголын ардчилал, цаашилвал тусгаар тогтнол живэн алга болох төлөв бий болжээ. Үүнээс сэргийлэх цорын ганц зам бол ард түмэн өмчөө өөрсдийн мэдэлд байлгаж, өгөөжийг ард түмэн хүртэх юм. Үүний тулд Тавантолгойгоос олсон орлогыг яаж өсгөх гэдэг төсөл, төлөвлөгөө хэрэгтэй.

Монголын боломж, хэрэгцээ шаардлагад тулгуурласан, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн төслүүд өнгөрсөн хугацаанд олноороо боловсрогдон, улс төрийн шийдлийг хүлээн тоосонд дарагдаж байна. Санхүүжүүлэх сонирхолтой талууд нь байгаа ч улс төрчдийн хувийн сонирхлыг тусгаагүй гэдэг өчүүхэн шалтгаанаар гацсан төслүүд ч цөөнгүй байна. Төслийн Удирдлага, Хөгжлийн хүрээлэнгийн судлаачид, Үндэсний тойм сэтгүүл хамтран эдгээр төслүүдийн тоосыг арчиж, олны анхааралд оруулахаар зорьж, энэхүү тусгай дугаарыг гаргаж байгаа юм. Төслүүдийн дэлгэрэнгүйг та бүхэн энэ дугаар дээрээс тодорхой харж, танилцах учир түр орхиод монголын хөгжилд тулгарч буй бэрхшээлийг арилгах, сорилтын давах талаар түлхүү бичье.  

Хөгжлийн садаа юу вэ?

Монгол улс эдийн засгийн хүндрэлээс илүүтэй улс төр, засаглалын хямралд өртчихөөд байгаа нь Хөгжлийн гол садаа гэдгийг гадаад, дотоодын судлаачид анхааруулсаар байгаа билээ. Засаглалыг хямрааж байгаа гол нөхцөл нь Хуулийн засаглал хэрэгжихгүй байгаа явдал гэдэг нь улам бүр тодорхой болж байна.

Хуулийн засаглал, хууль дээдлэх зарчим монголд ямархуу байгааг дараах график харуулна.

эх сурвалж: Дэлхийн банк

2004 оноос хойш монгол улсад хуулийн засаглал, хууль дээдлэх зарчим унасаар өнөөдөр ёроолдоо хүрчихээд байгааг энэ судлагаа харуулж байна.

Хууль дээдлэх зарчмыг хөсөрдүүлж байгаа хамгийн том бүлэглэл нь нам дамнасан Нүүрсчин бүлэг болохыг болж өнгөрсөн үйл явдлууд илчилж өглөө. Нүүрсчин бүлэг Тавантолгойн орд газарт хяналтаа тогтоохын тулд хуулийг яаж уландаа дэвсэлснийг сануулахад:

  • Ард түмний эзэмшилд буй Тавантолгойн 1072 хувьцааг саналын эрхгүй болгосон;

  • УИХ-ын тогтоолоор Тавантолгойн тендерийн эхний шат буюу товч жагсаалтад үлдсэн 6 компаниас хэлэлцээр хийхийг заасныг үл тоомсорлон товч жагсаалтад бичигдээгүй байсан ММС, Энержи ресурс гэх компаниудыг оруулж ирсэн;

  • Хууль номын дагуу ашигтай ажиллаж байсан Эрдэнэс ТТ компанийн УИХ-ын тогтоолын дагуу Peаbody, Shenhua компаниудтай хийх гэж байсан хэлцлийг таслан зогсоож, нэг компанийн эрх ашгийг тулгасан хэлцлийг хийхээр муйхарласан;

  • Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах талтай байгуулах гэж байсан гэрээний монгол эх дээр УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрүүд, Үндэсний Аюулгүй байдлыг зөвлөмж, Монгол улсын хуулиудыг ноцтойгоор зөрчсөн заалтууд олноор оруулсан агаад гэрээний англи эхийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэгт өгөхгүй сар гаруй дарагдуулсны эцэст үнэнд гүйцэгдэн арга буюу өгсөн;

Ийм хууль бус үйлдэл  хийхийнхээ хажуугаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байх, үл тоомсорлохыг уриалсан үг яриаг удаа дараа олон нийтэд цацаж байв. Уншигч санаж байгаа бол 2012-2016 онууд баримтлах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх албагүй гэж Нүүрсчин бүлгийн гишүүн УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол "бар жилд гарсан тогтоол одоо хэрэггүй" гэж Төрийн өндөр дээд албан тушаалтан ТВ-ийн дэлгэцээр хэнэггүй ярьж байлаа. Нүүрсчин бүлгийн хэвлэлийн төлөөлөгч шахуу болсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат хууль зөрчин Энержи ресурс компаниас давхар цалин авч байсан нь илэрсэн. Цэцийнм гишүүн өөр ажил эрхлэх хориотой атал тэр хувийн компанид зөвлөхийн алба давхар хашиж байжээ. Тэгсэн атлаа энэ орлогоо Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байна. Илт хууль зөрчсөн ийм этгээдийг АТГ огт шалгахгүй, хариуцлага тооцохгүй өдий хүрсэн нь Нүүрсчин бүлэг төрийн институциудыг хүслээрээ хөдөлгөдөг гэх явган ярианы нотлогоо байх. АТГ бага тушаалын дарга нар Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэнээр мэдүүлээгүй тохиолдолд ихэд ширүүлхэн, хатуу хариуцлага тооцох хэрнээ хуулийг ягштал мөрдөх учиртай Ерөнхийлөгч байсан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хууль бус үйлдэлд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй таг суугаа нь хууль тэгш үйлчлэхгүй, хуулийн байгууллагуудад иргэдэд алагчлалтай хандаж байгаагийн илрэл гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Энэ бүхэн бол хуулийг үл хүндэтгэж, мөрдөхгүй байгаагийн тод жишээ. Хуулийг биелүүлэхэд хэдий хэцүү ч хууль бол хууль л байх ёстой

"Хуулийг биелүүлэхэд хэдий хэцүү ч хууль бол хууль л байх ёстой" гэж Күнз сургажээ. Төрт ёсны оршин байх суурь нь хуулийн засаглал бөгөөд үүнийг маш сайн хэрэгжүүлснээр Чингис дээдэс ертөнцийн талыг эзлэсэн суу их гүрнийг цогцлоосон бус уу. Гэтэл монголын улс төрд шигдсэн нам дамнасан бүлэглэл өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө Монголын хуулийг юман чинээ тоохгүй байна.

Аливаа улсад хууль тогтоох институци нь хуулиа дээдлэх чадвар ямар байгаагаас иргэдийнх нь баялаг бүтээх чадамж, эдийн засгийн өсөлт шууд хамаардаг. Дээрээ хуулиа мөрдөж чадахгүй бол доор шудрага ёсонд итгэх итгэл байхгүй, төр засагаа үл тоомсорлох байдал үүсдэг нь жам бөгөөд энэ нь нийгмийг хамарсан мөргөлдөөн, үймээн үүсгэх эрсдэлд ч хүргэдэг.

Нүүрсчин бүлгийн увайгүй санаархал, улайрал нь Тавантолгойн асуудлыг шийдэх бус эсрэгээрээ гүнзгий хямралд түлхэж, нийгмийг цөөнх, олонхиор нь талцуулж байна. Тэд ингэтлээ улайраад байгаа нь жирийн иргэдийг сэжиг таавар, төөрөгдөлд оруулж төр засагт итгэлийг улам бүр сулруулсаар байна. Энэ бол нүүрсчин бүлгийн гадаад захиалагчдын хүссэн үр дүн ч байж мэдэх юм. Тийм учраас хууль, тогтоомжид нийцүүлэхгүйгээр, Нүүрсчин бүлгийн хүслийг хангах явцгүй байдлаар үргэлжилбэл "Тавантолгойн асуудал улс төр, эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлж, төрийн институциудын хоорондын легитим зөрчлийг хурцатгаж, улмаар улс орныг ангал уруу түлхэх нь тодорхой байна" хэмээн МАН-ын нарийн бичгийн дарга мэдэгдсэн нь үнэний хувьтай.

Түүний таамаглалыг улс төрийн байдлын судлагаа ч нотлож байгаа юм. “Сант Марал” төвөөс 2015 оны 4-р сарын 12-нд хийсэн судалгаагаар иргэдийн 62% нь УИХ-д, 55% Ерөнхийлөгчид, 67% нь улс төрийн намуудад итгэдэггүй гэжээ. Монголчууд уг судлагаагаар:

  • Хуулийн өмнө тэгш эрхтэй байх;

  • Өөрийн өмчийн зарцуулалтыг чөлөөтэй шийдэх;

  • Нийгмийн ялгаа аль болох бага байх;

гэсэн 3 асуудлыг чухалчлан үзжээ. Гэтэл Тавантолгойг ашиглах Энержи ресурсын санаархал нь яг энэ асуудлуудыг дордуулж, хурцатган хуулийн өмнө тэгш бус байдал үүсгэсэн (тендерт хууль бусаар орсон), иргэдийн өмч 1072 хувьцааг үл тоомсорлосон, цөөнхөд хагартлаа баяжих боломж олгон нийт ард түмний эзэмшлийг умартсан байдлаар шийдэх гэж байгаа нь тодорхой болсон.

Ард түмэн өмчөө мэдэж, захиран зарцуулахын үндсийн үндэс нь тэдний өмч Төрийн мэдэлд үлдэх явдал юм. Ард түмний сүүлчийн өмч болсон Тавантолгойг олигархуудад алдвал тэр өдрөөс хойш монголд хуулийн засаглал гэж зүйл алга болон улс орон Баялгийн хараалд өртөн уруудах болно. Хуулиа мөрдсөн шиг мөрдөхийг Төр, засгаас шаардах, өмчөө хамгаалан тэмцэх нь монгол хүн бүрийн ирээдүй хойчынхоо өмнө хүлээх ариун үүрэг болоод байна.

Р.БАТСАЙХАН

Эх сурвалж: Үндэстний Тойм сэтгүүл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж