Халимагийн хийдэд бурхан заллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Халимагийн хийдэд бурхан заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсад айлчлах үеэрээ “Бурхан багшийн алтан өргөө” хийдэд зочилсон юм. Ерөнхийлөгчийн айлчлах үед хийдэд шинээр бурхан багш бүтээн залж, аравнайлж шүншиглэх ёслолд нь Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Халимагийн иргэн Дилав хутагт Данзанламид, бусад лам хуврагууд оролцсон юм. Бурхны шүншигт Дилав хутагтын өмнөх монгол дүр Б.Жамсранжавын жанчны хэсэг,  шарилын чандраас оруулжээ. Эдгээрийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Явгаан Б.Жамсранжав агсны таалал барьсан АНУ-ын Нью Жерсигээс авчирсан аж.

Социализмын үед буддын нэг ч сүм хийдгүй байсан Халимагт өдгөө шашин шүтлэг сэргэж, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 27 сүм хийдтэй болжээ. Тэдгээрээс хамгийн том нь Элстэй хот дахь “Бурхан багшийн алтан өргөө” гэдэг энэ хийд юм.

Хийдийн шавыг  2005 онд тавьж, 2006 онд Дээрхийн гэгээн Далай лам Данзанжамц Халимагт морилох үеэрээ нэр хайрлажээ. Өндөр довжоо бүхий, довжооны гол хэсгээр ус урсан буух энэ гоёмсог хийдэд хурал ном хураад зогсохгүй, иргэдэд буддын шашны ном судар, түүхийн талаарх мэдээллийг цогцоор нь өгдөг ажээ. Хийдийн доод давхарт номын сан, кинотеатр, гэрэл зургийн үзэсгэлэн, буддын шашны судлалын төв ажилладаг. Сүсэгтэн олны өргөл барьцийг з хийдийн үйл ажиллагаанд зориулаад зогсохгүй, буяны үйл, шашны ховор ном судрыг хамгаалж, судлахад зориулдаг юм байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж