NEWS агентлаг болон “TOWER TV” студийн хамтран бэлтгэдэг “Сэтгэлийн гүнд” ярилцлагын булангийн энэ удаагийн зочин “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж байлаа.
НАРАНТУУЛ БАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН
Нарантуулаас ногоон хурганы арьс, нохойн битүү туурай оллоо гэвэл та гайхах уу? Үгүй л болов уу. Нийт 16 га талбайг хамрах Нарантуул захын ихэнх наймаа задгай талбайд өрнөж, 5000 хүн албан ёсоор лангуу түрээслэн бизнес эрхэлдэг. Эрсэн бүхнээ олж болох Нарантуул дээр монголчууд бидний амьдралын нийтлэг дүр зураг, жаргал, зовлон мөн л дэлгээстэй. Мэддэг юм шиг хир нь нүдээр харж, эргэцүүлэх тусам улам сонирхол татах“Нарантуул” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн бүтээлүүд. Б.Рэнцэндоржийн баатрууд бол өөрийн урласан гутлаа борлуулдаг Т.Оюунчимэг, тавилга хийж зардаг О.Цэнгэл, Эрээнээс малгай зөөж амьдралаа залгуулдаг Т.Түмэн-Учрал нар. Тэд өглөө нарнаар лангуугаа нээн арилжаагаа эхэлж, өдөржин ажиллаад үдэш болоход бараагаа хайрцаг саванд нь хийж баглаад гэр гэрийн зүг одоцгооно. Жавар тачигнасан хүйтэнд ч, нохой гаслам халуунд ч ажил бол ажил. Тэдний амьдрал хэрхэн өрнөдөг вэ, жаргал зовлон нь юу юм, ямар асуудал байна вэ? Энэ бүхнийг танд Б.Рэнцэндоржийн гэрэл зургууд өгүүлнэ. Амьд үйл явдал, дүр төрх өмнө тань дэлгэгдэн, хачир чимэггүйгээр үнэн түүхээ хүүрнэн ярих болно.
“Сайхан, муухай ааштай хүмүүс, өвлийн тэсгим хүйтэн гээд бэрхшээлүүд мэдээж байсан. Гэхдээ би хэзээ ч шантарч байгаагүй. Санасан зургаа дарж чадаагүй байсан ч “за маргааш тэгж дарах юм байна шүү” гэсээр ажилдаа гардаг байлаа” гэж Рэнцэн Нарантуул дээр ажилласан он жилүүдийнхээ тухай дурссан юм.
ЗАН ЧАНАР НЬ ХҮРТЭЛ НЭВТ ШИНГЭСЭН ДҮР ТӨРХИЙГ БУУЛГАХ НЬ МИНИЙ АЖИЛ
Зан чанар нь хүртэл нэвт шингэсэн хүний бодиттөрхөөр дамжуулан түүний аж амьдрал, жаргал, зовлонг хүүрнэх нь Рэнцэнгийн ажил, бас хүсэл эрмэлзэл нь. “Тухайн баатрынхаа ааш зан, аж амьдралаас эхлээд судалж эхэлнэ. Дараа нь таньж мэдсэн тэр дүр төрхөө буулгах ажилдаа орно. Сэдвийнхээ дагуу зураг авч сонгосон баатраа дурангийн өмнө яг байгаагаараа байж чаддаг болгохын тулд лангуун дээр нь сууж, гэрээр нь орж гарч, хамт бараанд нь явна даа” гэж Б.Рэнцэндорж ярьсан. Нарантуулын өглөө эхэлж буйг харуулсан манекен түрсэн тэрэгчний зургаа тэрээр цувралынхаа “хүний оюун санаанд хамгийн тод бууж мэдэх зураг” хэмээн дүгнэдэгээ онцолсон юм.
МАГНУМЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС УРАМ ЗОРИГ АВДАГ
Магнум агентлагийн гэрэл зурагчин Стив Маккюри-н бүтээл болох урагдаж навсарсан нөмрөгтэй, айдас түгшүүр нэвт шингэсэн харцтай, ногоон нүдтэй, 12 настай дүрвэгч афган охины зураг Афганд болсон үйл явдлын түүхийг дэлхий дахины зүрхэнд хүртэл хүүрнэж чадсан бол AP-ийн зурагчны 1972 онд дарсан, бөмбөг дэлбэрч утаа тоос манарсан замаар хамаг байдгаараа чарлан гүйж яваа 9 настай нүцгэн охины зураг Вьетнамын дайны үнэн дүрийг ертөнцийн хүмүүст хүргэж чадсан билээ. Баримтат гэрэл зургийн сүр хүч үүнд л оршдог аж. Рэнцэн “Би Магнумын зурагчдын бүтээлийг байнга үзэж, тэдний ажлаас урам зориг авдаг. Гэрэл зурагчин хүн хичнээн мянган зураг дардаг ч ганц нэг нь л бүтээл болж хүний сэтгэлд хүрдэг онцлогтой” гэсэн юм.
РОЙТЕРСИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
Рэнцэн Ройтерс агентлагтай гэрээтэй ажилладаг. “Монголд сонин сэтгүүлд зургаа худалдаад амьдрах боломж байхгүй шүү дээ. Харин Ройтерсийн хувьд өөр. Би өөрөө л идэвх санаачилгатай ажиллаж чадвал зургийг маань авахгүй байх тохиолдол гарч байгаагүй. Ройтерстэй хамтарч ажилласанаар гэрэл зурагчныхаа амьдралаар амьдрах боломжтой болсон” хэмээсэн юм. Ер нь баримтат гэрэл зургийн төрлийг дэмждэг, тэтгэлэг олгодог олон улсын байгууллагууд олон байдаг гэнэ. “Цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддаг хир нь арилжааны шинж чанар багатай мэргэжил учраас тэр” гэж тэрээр тайлбарлав. Рэнцэн олон улсын төслүүдэд амжилттай оролцож ирсэний үр дүнд ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх сургалтуудад хамрагдах боломжтой болсоноос гадна орон орны мэргэжил нэгтнайз нөхөдтэй болжээ. Тэдэнтэйгээ, бас зөвлөх багш нартайгаа байнга холбоотой ажилладаг гэнэ.
МОНГОЛ БОЛ БАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН СЭТГЭЛИЙГ ТАТСАН ОРОН
“Монголын хувьд баримтат гэрэл зурагчдын сонирхлыг татдаг шилжилтийн үедээ яваа улс. Гэр хорооллын амьдрал, уул уурхай, нинжа нар гээд сонирхолтой маш их сэдвүүд бий. Үүнийг дагаад дэлхийд алдартай олон гэрэл зурагчид манайд ирж очиж байдаг” гэж Рэнцэн ярьсан. Тэрээр технологийн хувьд Canon-ы үнэнч хэрэглэгч гэнэ. “Анх зурагчин болохдоо л canon хэрэглэж эхэлсэн. Бүх үйлдэл нь гарт орчихсон болохоор амар байдаг” гэж Рэнцэн барьдаг аппаратныхаа талаар тайлбарласан.
@STsetseg