Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Улстөр VS терроризм

 

Дэлхийг айлгах болсон “Исламын улс” алан хядах бүлэглэлийг дэлхийн томоохон гүрнүүд санхүүжүүлэн өөрсдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг гэх хардлага хэвлэлд байнга нийтлэгддэг. Ганц “Исламын улс” ч биш террорист бүлэглэлүүдийг бүгдийг нь энэ хардлагад хамруулдаг.

 

Нэн ялангуяа АНУ-ыг бусад орон руу дайрах шалтаг шалтгаан гаргахын тулд өөрсдөө алан хядах үйл ажиллагааг зохион байгуулдаг, үүний нэг нь ихэр цамхгийн хэрэг гэж ч бичиж байсан удаатай.

 

 

Хэрэг нь гарвал ашигладаг, хэрэгцээгүй болсон бол устгаж, дахин шинэ бүлэглэл бий болгож, эсвэл өөрийн талд үнэнч зүтгэх шинэ толгойлогчийг тавьдаг гэх.

 

Сүүлийн хэд хоногт Америкийн хэвлэлүүдээр Аль Каида бүлэглэлийн топ лидерийг устгасан тухай мэдээтэй зэрэгцэн Америкийн засаг захиргаа терроризмын эсрэг тэмцэлдээ яаравчлан тусгай ажиллагаануудыг шил дараалан хийж эхэлсэн тухай мэдээлэл зогсоо зайгүй цацагдаж байна.

 

Йеменд Америкийн нисгэгчгүй онгоцны дайралтаар амиа алдсан террорист бол Арабын хойгийн Аль Каида бүлэглэлийн №1 лидер, дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг толгой Аль Каида бүлэглэлийнх нь хэмжээнд Айман аль Завахиригийн дараа №2-т бичигддэг томоохон этгээд Насир аль Вуаяши байсан юм.

 

Аль Каидагийн томоохон салбар түшиц бүлэглэл нь Йемен дэх "Арабын Хойгийн Аль Каида" нэрт бүлэглэл бөгөөд энэ террорист байгууллагыг олон жил толгойлж байсан удирдагчийг нь Америкийн тагнуул, цэргийн байгууллагын тусгай ажиллагаагаар амжилттай устгасан тухай Пентагоноос энэ мэдээллийг баталсан байна.

 

Мөн Аль Каидагийн зүгээс ч энэ мэдээллийг баталсан байна. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт АНУ-ын агаарын хүчин Ливи улсын нутаг дэвсгэрт цохилт өгсөн юм. Энд бас л Аль Каидагийн салбар байгууллагын толгойлогчийг устгах тусгай ажиллагаа явагджээ. Энэ тухай бямба гаригт Пентагоноос мэдээлж Ливийн засгийн газрын зүгээс баталсан байна.

 

Газар дундын тэнгист байрлаж байгаа Америкийн нисэх онгоц тээгчээс хөөрсөн сөнөөгч онгоцууд пуужингийн цохилт өгсөний дүнд Алжирын ахмад дайчин Мохтар Белмохтар гээчийг хөнөөсөн тухай энэ мэдээлэлд дурдсан байна.

 

 

Тэгвэл Мохтар Белмохтар нь алжир гаралтай бөгөөд хуучин Афганистаны дайнд оролцож оросуудтай тулалдаж явсан, тэр үедээ өрөөсөн нүдээ алдаж байсан бөгөөд сүүлд Аль Каидагийн гишүүн болсон гэж үздэг этгээд аж.

 

Ингээд ч зогсохгүй Мохтар Белмохтар нь Аль Каидагийн Ливи дэх бүлэглэлийн нөлөө бүхий удирдагч болсон хэмээн америкчууд террористуудын дансанд оруулаад байсан юм. Харин Мохтар Белмохтарыг хөнөөхөөс өмнөхөн Сомали дахь Аль Каида бүлэглэлийн толгойлогчийг мөн устгаад байсан.

 

Дашрамд дурдахад зартай алан хядагч Осама бин Ладены байгуулсан Аль Каида бүлэглэл нь Йемен, Ливи, Сомали, Сири, Ирак, Афганистанд гол салбарууд нь байрлаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Энэтхэгт хүртэл албан ёсны салбар бүлэгтэй хэмээн үздэг.

 

Тэгвэл сүүлийн нэг сарын хугацаанд Аль Каидагийн хамгийн хүчирхэг гэсэн гурван салбарын удирдагчдыг америкчууд тусгай ажиллагаа явуулан устгасан нь сонгууль дөхсөнтэй холбоотой Обамагийн намынхаа нэр хүндийг өсгөх гэсэн тактик гэх мэдээллийг араасаа дагуулж эхэлсэн байна.

 

Учир нь Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан, одоогийн ерөнхийлөгч Барак Обама мөрийн хөтөлбөртөө заагдсан ёсоор терроризмтэй идэвхийлэн тэмцэж АНУ-ын гол дайсан Аль Каидагийн удирдагчдыг устгаж, энэ террорист байгууллагыг мөхөөх нь ирэх 2016 оны сонгуульд мөн Ардчилсан намаас нэр дэвших хатагтай Хиллари Клинтоны рейтингд чухлаар нөлөөлөх учиртай.

 

Тиймээс ч төрийн эрх барьж байгаа Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн зүгээс террористуудтай хийх тэмцлээ яаравчлан шамдуулахыг АНУ-ын ерөнхийлөгчид шахах болсон гэжээ.

 

Ингэснээр сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Аль Каидагийн гурван ч нөлөө бүхий лидерийг тусгай ажиллагааны дүнд түүж устгаад байна хэмээн өрнөдийн хэвлэлүүдэд тоймлосон байна.

 

Н.ЦЭНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж