Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Данийн Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Данийн Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Данийн Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2016.06.17/ Данийн Вант Улсын Фолькетингетийн /Парламент/ даргын Хэвлэл, мэдээллийн зөвлөх Финн Соренсен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Данийн Вант Улсын Фолькетингетийн Тамгын газрын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, 2014 оны сүүлээр Данийн Парламентын Тамгын газарт айлчлан, хоёр талын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсондоо баяртай байгааг дурдлаа.

Мөн тэрээр цааш нь хэлэхдээ, бидний шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны протокол нь харилцан төлөөлөгчдөө солилцож, туршлага судлах замаар хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх боломж нээгдсэн юм. Хоёр орны харилцаанд парламент хоорондын болон түүний Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэв. Түүнчлэн анх 1997 онд Тамгын газар хооронд хамтран ажиллах протоколыг үзэглэсэн бөгөөд парламент хоорондын шууд харилцаа холбоог тогтооход Данийн парламентад Дани-Монголын найрамдлын бүлэг байгуулах боломжтой эсэх талаар тодрууллаа.

Ноён Финн Соренсен УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, “Данийн парламентад тухайлсан нэг оронтой харилцах парламентын найрамдлын бүлэг гэж байдаггүй. Гэхдээ манай парламентад, гадаад орнуудын хамтын ажиллагаа, айлчлал зэрэг асуудлуудыг тухайн хүрээнээс хамааран Байнгын хороогоороо шийддэг юм. Харин Дани-Монголын нийгэмлэг гэж төрийн бус байгууллага байдаг” гэдгийг тодотголоо.

Мөн тэрээр, Данийн парламентын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Гарстен Ларсен энэ оны 9 дүгээр сарын 21-нд чуулганыхаа  танхимд “Монгол Улсын ардчиллын 25 жилийн түүх” сэдвээр илтгэл тавих гэж буйг дуулгав.

Уулзалтад Данийн парламентын Тамгын газрыг төлөөлж тус газрын Олон улсын зохицуулагч Ричард Форрест байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж