Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мундаг тэвчээртэй хүн юм. “Гал үндэстэн” холбооны морьтой жагсагчид төв талбайд зөвшөөрөлгүй гэр барьж, үймүүлдэг байснаа болиод бүр төрийн ордон руу нум сумаар харваж, цонх шилийг нь хагаллаа. Тэднийг гэгээн цагаан өдрөөр гэмт хэргийн шинжтэй ийм үйлдэл хийсээр атал салбар хариуцсан сайд санаа амар сууж байв. Уг нь тэрбээр энэ байтугай юман дээр сүрийг үзүүлэх дуртай шиг санагдах юм. Жишээ нь, өөрийнх нь нэрийг ч дурсаагүй асуудалд тайлбар хийж, “Би буруугүй шүү” хэмээж байсан нь саяхан. Энэ ч яах вэ. Хашир хүн болохоор элдэв хэл амнаас эртхэн сэргийлсэн хэрэг биз. Харин олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, үймээн халдлага гарч болзошгүй тохиолдолд хамгийн түрүүнд арга хэмжээ авах ёстой хүн нь яах аргагүй Хууль зүйн сайд шүү дээ. Гэвч энэ хүн хэт их “тэвчээр”-тэйгээсээ болоод дандаа борооны дараа цув нөмрөх гээд байх юм. Жишээ нь, долоон сарын 1-ний хэргийн дараа “Хаа байсан 2005 оноос МАХН-ын байр руу иргэний хөдөлгөөнхөн дайрч орж байсан. Тэр үед нь дарж аваагүйгээс ийм юм боллоо” хэмээн хамгийн их халагласан хүн нь Ц.Нямдорж. Тэгсэн хэрнээ одоо нум, саадаг агссан морьтнууд төрийн ордон руу довтлоод байхад огт тоохгүй байгаа нь сонин. Яг үнэндээ Нямка сайд нам доторх жигүүрээ хүртэл “дорбинкдохоос буцахгүй” гэдэг тэвчээргүй хүн. Харин өдгөө ийм ноцтой зүйлийг ч тэвчдэг болсон нь хачирхалтай.
Улс төрийн тойм сонин